Business.mn сайт “Тахлын үеийн бизнес” цувралаа үргэлжлүүлж байна.

Компанийн нэр: “Фискал аудит” ХХК

Чиглэл: Нягтлан бодох бүртгэл, аудит

Захирал Д.Алтантөгс

– 2020 оны 11 дүгээр сард цар тахал манай улсад дэгдсэнээс хойш танай үйлчилгээний борлуулалт яаж өөрчлөгдсөн бэ?

Аудит хийхэд тухайн компани дээр нь очиж ажиллах шаардлага их гардаг. Харин цах тахал гарснаар зайнаас материалуудаа аваад үйлчилгээ үзүүлэхээс өөр аргагүй болсон. Гэвч ажлын байран дээр нь биш, зайнаас аудит хийх нь үйлчилгээний найдвартай байдалд эрсдэл үүсгэж байгаа юм. Зүйрлэвэл, танхимаар хичээл заалгадаг байсан хүүхдүүд зайнаас заалгаж эхэлсэнтэй адилхан зүйл болоод байгаа. Аудитын шалгалтын гүйцэтгэл хангалттай түвшинд байж чадахгүй байна гэсэн үг.

Манайх өмнө нь Шангри Ла-д  оффис түрээсэлдэг байхад үйлчлүүлэгчид голдуу ойрхон учраас өөрсдөө ирдэг байсан. Харин оффисын түрээсээ дийлэхээ байж өөр газар түрээслэх болсноор гадуур явах ажил маань ихэсч байна. Шангри Ла-гийн хувьд түрээсийн зардал дээр хөнгөлөлт үзүүлээгүй.

Мөн үйлчлүүлэгчдийн тоо цөөрч, борлуулалт 50 хувьдаа ч хүрэхгүй байна. Өмнө нь үйлчлүүлдэг байсан жижиг, дунд компаниудын сураг нь тасарсан.

Танай компани цомхтгол хийсэн үү?

Манайх 10-аад ажилтантай байсан бол одоо дөрвөн хүн л үлдсэн. Цалингаа бага хэмжээгээр таслахгүй өгч байгаа. Үнэнийг хэлэхэд манай бизнес хэвийн үргэлжилнэ гэж хэлэхэд хүндрэлтэй болсон.

– Төрөөс ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлбэл танай бизнест эерэгээр нөлөөлөх вэ?

Татварын хувьд хөнгөлөлт эдэлж байгаа ч НӨАТ-ын асуудлыг эргэж харахаас өөр аргагүй болж байна. НӨАТ бидэн дээр өр болоод үлддэг, хоногийн алданги тооцдог. Нийгмийн даатгалын шимтгэл дээр ч өр үүссэн. Компаниудыг төрөөс дэмжихдээ хүү багатай зээлийн олголтыг оновчтой болгох хэрэгтэй гэж хардаг.

Байдал хэцүү байгаа ч том компаниуд санхүү бүртгэлээ хэвийн хөтөлж байгаа. Жижиг компаниудын хувьд өмнөхөөсөө улам суларсан. Орлого, борлуулалт нь эрс буурсан учраас жижиг компанийн захирлууд татвар төлөхгүйн тулд борлуулалтын орлогоо компанийн данс руу биш, хувийн данс руугаа авах нь ихэссэн. Ингэхээр нягтлан бодох бүртгэл тунгалаг байх ёстой гэсэн зарчмаасаа ухарч, олон компани сүүдрийн эдийн засаг руу шилжиж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Ш.Нэргүй: Мөрөөдлийн чанартай бодлогын улмаас аялал жуулчлал хөгжихгүй байна

Өмнөх нийтлэл

Төрийн банкны үйлчилгээ иргэдэд ойртлоо

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.