Үндэсний хөгжлийн газар Хувийн Хэвшлийн Санхүүжилтийн Зөвлөх Сүлжээтэй /PFAN/ хамтран ажиллана

Ногоон эрчим хүч, тогтвортой хөгжлийн төслүүдэд мөнгөө өгөх хөрөнгө оруулагчид дэлхий дээр улам их болж байна. Мөн энэ чиглэлд гайхалтай төслийн санаа тээж яваа мэдлэгтэй, чадвартай мэргэжилтнүүд, бизнесменүүд ч их бий. Гэхдээ Монгол шиг хөгжиж буй орнуудад тэд нэг нэгнээ олдоггүй зовлон бий.

Бизнесмэнүүдийн хувьд хөрөнгө оруулагчид юу хүсч байгааг сайн мэддэггүй, бас төслөө муу бэлддэг. Харин хөрөнгө оруулагчид тухайн зах зээлд хөрөнгө оруулах ямар боломжууд байгаа талаар мэдээлэлгүй суудаг.

Энэ хоосон зайг дүүргэх зорилгоор бий болсон нэг байгууллага бол Хувийн Хэвшлийн Санхүүжилтийн Зөвлөх Сүлжээ (Private Financing Advisory Network – PFAN) юм. Энэ нь Австрали, Австри, Япон, АНУ, Норвеги, Швед зэрэг донор орнуудаас санхүүждэг, хөгжиж буй улс орнуудын олон улсаас хөрөнгө оруулалт татах сонирхолтой уур амьсгал, эко эрчим хүчний салбарын хувийн хэвшлийн төслүүдэд дэмжлэг үзүүлж, төслөө чадавхижуулах, цаашлаад тэдгээрийг хөрөнгө оруулагчидтай холбох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн сүлжээ аж.

PFAN нь уур амьсгалын санхүүжилт эрэлхийлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тусалж, нийгэмд томоохон өөрчлөлт хийх төсөл хайж буй хөрөнгө оруулагчид, филантроп сангууд, венчур сангууд, арилжааны болон хөрөнгө оруулалтын банкууд зэрэг төрөл бүрийн хөрөнгө оруулагчидтай холбож ажилладаг.

Одоогоор PFAN-аар дамжин 155 төсөл 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгоод байна.

Тэгвэл энэ оны долдугаар сарын 8-ны өдөр PFAN нь Монголын ногоон хөгжлийн чиглэлийн гарааны бизнесүүдэд туслах зорилгоор Үндэсний Хөгжлийн Газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. PFAN сүлжээний Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар Л.Дулмаазул ажиллаж байна. Тэр бол Их Британийн Засгийн газарт төслийн хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажилладаг, хөгжиж буй орнуудын дэд бүтцийн мега төслүүд дээр олон жил ажилласан туршлагатай төслийн мэргэжилтэн.

Ийм хамтын ажиллагаа эхэлсэн нь Монголын хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нийцсэн төслүүдийг бэлтгэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татахад нэгэн том алхмаар ойртлоо гэж хоёр тал үзэж байна.

Удахгүй тус сүлжээнээс Монголын төрийн болон хувийн хэвшлийн төсөл хэрэгжүүлэгч нарт зориулан танилцуулга хийх юм байна.

Хувийн Хэвшлийн Санхүүжилтийн Зөвлөх Сүлжээтэй холбогдохыг хүсвэл:

http://pfan.net/

zula.luvsan@pfan.net

Whats up/viber: +44-77-6278-5654

Утас: 80012428

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Айжал манлайлал: Хямралын нөхцөлд компаниа хэрхэн удирдах вэ?

Previous article

Барилгын салбарт дутагдаж буй зохицуулалтууд

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like