Тусгай зөвшөөрөлд олгох үйл ажиллагааг дотор нь задлах замаар яам, агентлагууд тусгай зөвшөөрлийнхөө тоог нэмсээр иржээ.

Тусгай зөвшөөрөл бол Монгол дахь авлигын топ шалтгаануудын нэг. Албан тушаалтнуудын төрийн эрх мэдлийг ашиглаж баяждаг арга зам. Энэ утгаараа бизнесийн хөгжлийг боомилдог хамгийн хортой механизм.

Монгол Улсад уул уурхайн эрин үе эхэлж байсан 2001 онд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг баталж байв. Гэвч тусгай зөвшөөрлийн харилцаа хуулийнхаа хэм хэмжээнээс хальж, тусгай зөвшөөрлийн төрөл, тоо, тусгай зөвшөөрөл олгогч байгууллагуудын тоо хэтэрхий олон болов.

Тусгай зөвшөөрөлд олгох үйл ажиллагааг дотор нь задлах замаар яам, агентлагууд тусгай зөвшөөрлийнхөө тоог нэмсээр иржээ. Ийм байдлаар нэмэлт нөхцөл, шаардлага тавих, бүрдүүлэх бичиг баримтыг олшруулдаг. Жишээ нь, барилгын салбар дахь тусгай зөвшөөрлийн талаар хуулинд “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх” гэж заасан нь дэндүү ерөнхий болж, албан тушаалтнууд эндээс хүссэн тоогоороо тусгай зөвшөөрөл “өндөглүүлэх” нөхцлийг бүрдүүлжээ.

Одоо үйлчилж байгаа хуулиар яамдууд 313, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга 7 төрлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох эрхтэй. Гэтэл амьдрал дээр 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна.

Түүгээр барахгүй хуулиараа тусгай зөвшөөрөл олгох эрхгүй мөртлөө орон нутгийн удирдлага тусгай зөвшөөрөл олгож, хууль бус төлбөр, хураамж авдаг явдал гаарсан.

Одоо үйлчилж байгаа хуулиар яамдууд 313, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга 7 төрлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох эрхтэй. Гэтэл амьдрал дээр 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн харилцаа тэр чигтээ завхарчээ. Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын судалгаагаар 1400 төрлийн зөвшөөрөл байдаг гэсэн тоо гаргажээ. Өөрөөр хэлбэл, чухам хэдэн зөвшөөрөл өгдгөө төр өөрөө ч мэдэхгүй байна гэсэн үг.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулинд 20 жилийн дотор нийт 80 орчим нэмэлт, өөрчлөлт орсон нь энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалт ямар тогтворгүй байдгийг илтгэнэ. Төрийн байгууллага зөвшөөрлийг богино хугацаатай олгодог, олгосоны дараа үндэслэлгүйгээр зөвшөөрлийг хураадаг, түтгэлзүүлдэг, хүчингүй болгодог зохисгүй практик байсаар байна.

Газрынхаа зөвшөөрлийг сунгах гээд хоёр жил хөөцөлдөж байгаа, үүнээс болж үйлдвэрийнхээ өргөтгөлийг барьж чадахгүй байгаа компанийн жишээг МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин ярьж байв.

Зөвхөн уул уурхайн салбарт л гэхэд тусгай зөвшөөрлөөр дамжсан авлигын хөрс суурь болж буй 100 гаруй эрсдэл байгааг Трансперэнси Интернэшнл Монголиа байгууллага тогтоожээ.

Тэгвэл тусгай зөвшөөрөл гэж яг юу вэ? Энэ бол ямар нэг үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэх эрхийг иргэн, хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгож буй баримт бичиг. Харамсалтай нь, манай нийгэмд төрөл бүрийн гэрээ, батламж, бүртгэл, дүгнэлт, сертификат, гэрчилгээ, тодорхойлолт, эрх олголт, магадлан итгэмжлэл зэрэг нь тусгай зөвшөөрлийн хэлбэрээр олгогдож байна. Бизнесмэн хүн аль нэгэн албан тушаалтны гарын үсэг авч, тамга даруулахын тулд энэ бүхнээр дамжин дээс томж найзыгаа авардаг үлгэр шиг юм болдог.

Иймээс Засгийн газар мөрийн хөтөлбөртөө ААН-үүдэд олгож буй тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, олгох процессыг хялбарчилж, хугацааг уртасгана гэж заажээ. Энэ хүрээнд 2019 оны хавар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн.

Хуулийн төсөлд зааснаар:

  • Зөвшөөрлийг зорилго, олгох нөхцөл зэргийг харгалзан онцгой, тусгай, энгийн гэсэн 3 бүлэгт ангилна
  • Зөвшөөрлийн жагсаалтыг тусгайлан баталдаг болно
  • Зөвшөөрөл бүрийг коджуулна
  • Зөвшөөрөл олгосны улмаас хохирол учирсан бол зөвшөөрөл олгосон этгээд хариуцлага хүлээнэ
  • Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг үүсгэнэ
  • Онцгой зөвшөөрлийг 5 жил хүртэл, тусгай зөвшөөрлийг 10 жил хүртэл хугацаатай олгох бол энгийн зөвшөөрлийг хугацаагүй олгоно
  • Жил тутам зөвшөөрлийн тооллого явуулж, 3 жил тутам хяналт шинжилгээг хийнэ гэж тусгажээ.

Хуулийн төслийг УИХ-аар удахгүй хэлэлцэх бөгөөд Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг /Ажлын хэсгийн ахлагч/, Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар багтсан байна.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Зарчимгүй дүрэм журмын золиос буюу цагдаатай байлдаж буй ногоочид

Өмнөх нийтлэл

HorecaSoft: Стартапын амжилтын гол нууц бол баг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.