"Мобифинанс" ББСБ-ын гүйцэтгэх захирал Ш.Оюунчимэг
Дижитал төлбөр тооцоог өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж, амьдралын хэв маяг болгон, дижитал санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэдүүлэх нь “Мобифинанс” ББСБ-ын гол зорилго.

Ихэнх хүн гар утсандаа суулгасан олон аппликейшныхээ цөөн хэдийг л өдөр тутам ашигладаг. Гэтэл хоол захиалах, такси дуудах зэрэг яаралтай тохиолдолд хэрэгцээтэй апп-ын нэрийг шууд санахгүй байх нь түгээмэл. Тэгвэл бидний өдөр тутам авдаг бүх үйлчилгээ ганцхан апп-д багтчихвал хэчнээн амар байх бол? Монголын анхны финтекүүдийн нэг Monpay яг л энэ зорилго өөд тэмүүлж дижитал төлбөрийн шийдлийг сууриа болгон хэрэглэгчдийнхээ өдөр тутмын хэрэгцээг хангахыг зорин ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, Monpay үйлчилгээ үзүүлэгч гэхээс илүү амьдралын шинэ хэв маягийг бүтээж, хэрэглэгчийн ойрын туслах байж, нийгэм, эдийн засгийн бүхий л харилцааны суурь болохыг  эрмэлздэг. 

“Мобиком” корпораци мобайлд суурилсан анхны төлбөр тооцооны үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж, улмаар 2018 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу Монголын анхны цахим мөнгөний лицензийг албан ёсоор авч, Candy цахим мөнгийг зах зээлд нэвтрүүлж байв. Харин өнгөрсөн жил төгрөгт хөрвөдөг, цахим мөнгөний үйлчилгээ Candy-д ребрэндинг хийж, Monpay нэрээр шинэчлэн үндэсний төлбөрийн шийдэл хэмээн тодотгож, зах зээлд дахин танилцуулсан нь олон талаар урагшилсан алхам болсон бөгөөд дижитал төлбөр тооцооны тусламжтайгаар бэлэн бус төлбөр тооцооны нийгмийг цогцлоохыг зорин ажиллаж байгаа юм. 

Энэ зорилгын хүрээнд өнөөдөр хэрэглэгчид зөвхөн гар утсаа ашиглан, зайнаас QR код уншуулан супермаркет, худалдаа үйлчилгээний газруудад төлбөрөө төлөх боломжтой болоод байгаа нь энэхүү цар тахлын хүнд үед аюулгүй, мөн хүрэлцэхгүйгээр төлбөр тооцоогоо хийх боломжийг бий болгож байна. Эдгээр шинэ үеийн технологи, үйлчилгээг хэрэглэгч анх ашиглаж эхлэхэд нь хөтөч болж, орон даяар тархсан өөрийн сувгуудаараа дамжуулж хэрэглэгчдэдээ зааж, зөвлөн ажиллах нь нэн чухалд тооцогддог. 

Мобифинанс ББСБ-ын алсын хараа санхүүгийн үйлчилгээний бүх нийтийн хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон зорилгод чиглэж буй. 

Monpay аппликэйшнд суурилсан үйлчилгээ жижиг, дунд бизнес эрхлэгчид, худалдаа үйлчилгээний газруудыг дэмжиж, төлбөрийн шийдлийг нь илүү хялбар, уян хатан болгосноор тэдэнтэй хамтран илүү үнэ цэн шингэсэн үйлчилгээг санал болгохыг зорьж буй. Тухайлбал, саяхан авто замын төлбөрийг бэлэн мөнгө ашиглалгүй аппликэйшнээсээ автоматаар төлөх боломжийг бүрдүүлж, мөн тухайн орон нутгуудад өөрсдөө онлайн худалдааны экосистемийг үүсгэх боломжийг бүрдүүлээд байна. Түүнчлэн, бизнес эрхлэгчдэд үүсэж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх  талаар төвлөрч, бизнес эрхлэгч болон худалдаа үйлчилгээний газруудыг хүргэлттэй хослуулсан үйлчилгээгээр дэмжих экосистемийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Худалдаа эрхлэх сонирхолтой бол Monpay аппликэйшнд бүртгүүлж, өөрийн дэлгүүрээ нээн ажиллуулах боломжтой төдийгүй дэргэдээ шуурхай зээл гаргах үйлчилгээг ч бий болгожээ. 

Үүний зэрэгцээ глобаль төлбөр тооцооны агрегатор компаниудтай хамтран ажиллаж, хэрэглэгчдэдээ олон улсын төлбөр тооцоо хийх алхмыг хялбаршуулж өгч буй. Мөн үйлчилгээндээ инновац шингээж, хиймэл оюунд суурилсан зээлжих зэрэглэлийн загварыг нэвтрүүлж, зээлийн үйлчилгээг үзүүлж байна. Хэрэглэгчийн холбогдох дата мэдээнд түшиглэн, хүмүүс барьцаагүй, уян хатан зээлийг орлогоо нотлох шаардлагагүйгээр авах боломж бүрджээ. 

“Мобифинанс” ББСБ дараагийн шинэ технологид суурилсан бүтээгдэхүүнээ удахгүй зах зээлд танилцуулахаар ажиллаж байна. Энэ мэтээр Monpay аппликэйшнд шинэлэг функцүүд үргэлж нэмэгдэж байдаг ч технологийн шинэчлэлээс илүү хэрэглээнд хэр сайн нэвтэрч, хэрэглэгчдийн өдөр тутмын сонголт байж чадаж буй нь тэдэнд илүү чухал. Тиймдээ ч “Хэрэглэгчдийн юу хүсэж байгааг мэдэрч, ойлгож чадсан компаниуд л зах зээлд амьд үлдэнэ” хэмээн “Мобифинанс” ББСБ-ын гүйцэтгэх захирал Ш.Оюунчимэг хэлсэн болов уу.

“Технологи бол зөвхөн хөшүүрэг. Дижиталчлагдах үйл явц өөрөө сэтгэлгээтэй хосолж, хэрэглэгчийн сэтгэгдлийг хамгийн ихээр чухалчилж, амин зүрх болгох ёстой”

Тэрбээр “Мобиком” корпорацид 2014 оноос хойш ажиллахдаа Стратеги, шинэ бизнес хөгжлийн чиглэлээр корпорацийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж ирсний нэг нь “Дижитал хувьсал” хөтөлбөр. Корпораци доторх дижитал хөдөлгүүр болсон уг хөтөлбөр мобикомчуудын хувьд дурсамжит аялал, мөн олон дэвшилтэт технологийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, дараагийн түвшинд гарах эхлэлийн цэг болсон юм. Энэ талаар Ш.Оюунчимэг “Технологи бол зөвхөн хөшүүрэг. Дижитал хувьслыг сэтгэлгээний хувьсал ч гэх нь бий. Миний хувьд дижитал шилжилт гэхээс илүү дижитал хувьсал гэж ярих дуртай. Шилжилт гэдэг аналог технологиос дижитал технологи руу шилжиж буйг л тодотгосон үг. Гэтэл ингэж дижиталчлагдах үйл явц өөрөө сэтгэлгээтэй хосолж, хэрэглэгчийн сэтгэгдлийг хамгийн ихээр чухалчилж, хөтөлбөрийнхөө амин зүрх болгох ёстой” хэмээн онцоллоо. 

Түүний хувьд Monpay брэндийг зах зээлд байршуулах ажлыг удирдан, 4G төслийн хэрэгжилт, видео контентын үйлчилгээ (ОТТ), гар утсанд суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээ (mPKI) зэрэг шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх ажлуудыг удирдан ажиллаж иржээ. Мөн түүнд карьерынхаа тодорхой үеийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай холбож, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодлогын чиглэлээр ажиллаж байсан туршлага ч бий. Энэ нь дараа дараагийн ажлуудаа гардан гүйцэтгэхэд ихээхэн тус дөхөм болжээ. 

Өдгөө Ш.Оюунчимэгийн удирдаж буй “Мобифинанс” ББСБ-ын үйл ажиллагааны гол чиглэл төлбөр тооцоо, бичил зээлийн үйлчилгээнд төвлөрдөг. Тэдний алсын хараа санхүүгийн үйлчилгээний бүх нийтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн зөв боловсролыг иргэдэд илүү сургаж таниулах томоохон зорилгод чиглэж буй. Энэ зорилгодоо хүрэх хөдөлгөгч хүч нь дижитал хувьсал, түүнд суурилсан Monpay санхүүгийн цогц үйлчилгээ юм. Мөн энэ бүхнийг хэрэгжүүлэхэд “Мобиком”-ын өнөөг хүртэл бүтээн байгуулсан хүчирхэг дэд бүтцийн сүлжээ чухал үүрэг гүйцэтгэсээр байна. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Европын зах зээлд гарахад анхаарах оюуны өмчийн асуудлууд

Өмнөх нийтлэл

Криптовалюттай холбоотой Санхүүгийн зохицуулах хорооны анхааруулга

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.