“Борлуулалт муу байна”. “Худалдан авагчийн тоо эрс багассан”. “Тээврийн зардал өсөж, бараа бүтээгдэхүүн ирэх хугацаа хойшилж, саатах болсон”. Энэ бол Нарантуул захын худалдаачдын хэлж буй нийтлэг хариулт. Та захын нэг лангуун дээр очоод асуухад ийм л хариулт угтана. Шалтгаан нь мэдээж Ковид-19. 

Сургууль, цэцэрлэг эхлэх дөхсөн тул бичиг хэргийн тасгаар хамгийн түрүүнд орлоо. Тэнд байх хэдэн минутын хугацаанд хүмүүст үйлчлээд завгүй байсан О (Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн тул эхний үсгийг бичив) “Цар тахлаас өмнө өдөрт гурван сая орчим төгрөгийн орлоготой ажилладаг байсан бол одоо нэг сая орчмын л борлуулалттай байна. Хичээл сургууль цуглах дөхсөн учраас үйлчлүүлэгчид үл ялиг ихэссэн” гэлээ. Тэрбээр Нарантуул зах анх нээгдэхээс эхлээд л энд ажиллах болсон бөгөөд борлуулалтын орлого хамгийн муудсан үе хэмээн Ковид-19 цар тахалтай хоёр жилийг онцлон тэмдэглэсэн юм. 

Харин өмдний тасагт лангуу түрээслэн ажилладаг У.Батсайхан өмнө нь жижиг хайрцагтай ачааны тээврийн зардал 20 мянган төгрөг байсан бол одоо энэ үнэ дөрөв дахин нугарсныг хэлж байв. Борлуулалт нь ялгаагүй муудаж, өдөрт 30-40 өмд зардаг байсан бол цар тахлын үед 10-аас илүүг борлуулахаа больжээ. Дэлгүүр, худалдааны төвөөр, ялангуяа бэлэн хувцас, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тасгаар үйлчлүүлэх хүмүүсийн тоо цөөрснийг энэ бүхэн илтгэнэ. 

Саяхнаас л үйл ажиллагаа, ажиллах цагийн хуваарийн хувьд жигдэрч эхэлсэн худалдааны төвүүд өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд ихэнхдээ хаалттай байсан. Гэтэл энд ажилладаг олон хүн, тэдний ар гэрийнхэн амьдралаа хэрхэн залгуулж байсан нь хөндүүр сэдэв. Энэ асуултад “Энд тэндхийн ломбардад олон янзын эдлэл хэрэглэлээ тавьж л болголоо” хэмээн У.Батсайхан хээвнэгхэн хариулсан юм. Өндөр хүүтэй, зээлдүүлэгч талд ашигтай, зээлж буйд ашиггүй, гол нь энэ харьцаа хэвийн түвшнээс хэтийдсэн гэх шүүмжлэлд ихээхэн өртдөг, хяналтаас холуур ломбардын бизнес өнгөрсөн хугацаанд цэцэглэсэн нь ийм шалтгаантай. 

Ихэнх жижиглэн худалдаачдын хэлж буйгаар бараа бүтээгдэхүүн нь ачаа тээврийн саатлаас үүдэн арав давсан хоногоор хойшлон ирж байгаа бөгөөд үнийн өсөлт энд харьцангуй бага нүүрлэжээ. Харьцангуй гэсэн нь барилгын захуудын бүтээгдэхүүний өсөлттэй харьцуулахад юм. Нарантуулд борлогдож буй бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 2000-3000 төгрөгөөр өсчээ. Мэдээж хэрэг, бүтээгдэхүүн тус бүрээр авч үзвэл ялгаатай тоо гарна. 

Ийнхүү худалдан авагчийн тоо эрс цөөрсөн ч Нарантуул захад урьдын адил түм түжигнэж, бум бужигнасан хэвээр, Монголын олон олон айл өрхийн ажил, амьдралаа залгуулдаг “төв цэг” байсаар байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Инфографик: Төрийн алба “бүдүүрч” бизнес турсан нь

Өмнөх нийтлэл

Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгджээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Covid-19