Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний ач холбогдлыг бүрэн ойлгоогүйн улмаас ихэнх байгууллага гүйцэтгэлийн үнэлгээг буруу хийдэг бөгөөд тэр хэрээрээ үр өгөөжийг нь хүртэж чаддаггүй. 

Гүйцэтгэлийн үнэлгээг зөв хийснээр ажилтнуудынхаа гүйцэтгэлийн талаар бодитой мэдээлэлтэй болж, улмаар амжилт бүтээмжийг нь тэтгэн дэмжих, алдаа дутагдлын шалтгааныг тодорхойлж, цаашид залруулах чиглэлд тодорхой арга хэмжээ авах боломжтой болдог. Үүнийг бүгд л мэддэг, ойлгомжтой. Гэвч яг энэ дагуу ашиглаж тогтолцоогоо сайжруулдаг нь хэд байгаа бол? 

Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн үнэлгээг зөвхөн төлөвлөгөө биелсэн эсэхийг үнэлэх бус ямар шалтгааны улмаас биелсэн эсвэл биелээгүйг тогтоож арга хэмжээ авахад ашигладаг. Ингээд гүйцэтгэлийн үнэлгээг зөв хийхэд анхаарууштай дөрвөн зүйлийг онцолж байна. 

Ажил ба үр дүнгийн ялгаа

Борлуулалтын албаныхнаар жишээ авъя. Бүтээгдэхүүнээ танилцуулах бол ажил танилцуулсан хүмүүсийн хэдэн хувь нь худалдаж авч байгаа нь үр дүн. Энэ тохиолдолд гүйцэтгэлийг олон хүнд танилцуулсан буюу их ажил хийснээр нь бус хэр олныг борлуулсан үр дүнгээр нь үнэлнэ. Бизнест үр дүн бүгдээс чухал тул ажил бүр үр дүн авчирдаг байх ёстой. Учир нь үр дүнг л урьдчилан төлөвлөж, бодитоор хэмжиж, дүгнэх боломжтой. Тэгэхээр гүйцэтгэл бол төлөвлөсөн болон бодит үр дүнгийн харьцаа юм.

Үр дүн бүр чухал биш 

Бизнесийн амжитын гол хэмжүүр үр дүн мөн хэдий ч үр дүн бүр чухал байдаггүй. Гагцхүү компанийн санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бэхжүүлж буй үр дүн л чухал байдаг. Түүнчлэн гүйцэтгэл буюу үр дүн тогтвортой байх нь чухал. Нэг улирал огцом өсөж, өөр нэгд нь унаад байх нь төдийлөн сайшаалтай биш. 

Хосолсон үнэлгээ

Ажилтны гүйцэтгэлийг зөвхөн удирдлага нь үнэлдэг тогтолцоо ажилтны итгэл үнэмшил сул байдаг. Ямар шалгуураар үнэлж буйг нь мэддэггүй тул хийж гүйцэтгэснээс нь илүү үнэлсэн ч, дутуу үнэлсэн ч ажилтан үнэлгээтэй санал нийлдэггүй байна. Иймд хосолсон зэрэглэлийн буюу ажилтан, удирдлага хамтдаа үнэлдэг тогтолцоог туршаад үзээрэй. Бодит байдлаа мэдсэн ажилтан цаашид алдаа дутагдлаа засаж залруулахын төлөө хичээж эхэлдэг. 

Ур чадвар

Ажилтны гүйцэтгэлийг үнэлэхдээ байгууллагуудын орхигдуулдаг зүйл бол ур чадварын үнэлгээ. Төлөвлөгөө биелдэггүйн цаад шалтгаан цөөнгүй тохиолдолд тухайн ажлыг хийхэд шаардлагатай ур чадвар дутсантай холбоотой байдаг. Ур чадварын үнэлгээнд үндэслэн сургалт хөгжлийн хэрэгцээг тодорхойлох бөгөөд энэ нь ажилтныг тасралтгүй эрч хүч, мэдлэг, чадвараар цэнэглэхэд чухал үүрэгтэй үнэлгээ юм. Ур чадварын үнэлгээг орхигдуулах нь бүтээмжийн бууралттай шууд холбоотой. Гэхдээ ажилтан шаардлагатай ур чадварууддаа ажлынхаа хажуугаар суралцах тул хугацааг харгалзах нь чухал. Иймд ур чадварын үнэлгээг хагас жилд нэг удаа хийвэл зохимжтой бөгөөд үнэлгээний үр дүн дараагийн үнэлгээ хүртэл хүчинтэй байна. 

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн зөв хийж, үр шимийг бизнесээ өсгөхөд хэрхэн ашиглах тухай энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Монголын Хүний Нөөцийн Институтын захирал Д.Бартанбаатар танилцууллаа.  Гүйцэтгэлийн үнэлгээ ба ур чадварын үнэлгээ сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол  энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Дижитал Воркс компанийн Гүйцэтгэх захирал Б.Нямцэрэн ERP- Хүний нөөцийн үйл ажиллагааны автоматжуулалт сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.  

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл

Ноолуур бэлтгэхэд зориулан төрөөс хөнгөлөлттэй зээл олгоно  

Өмнөх нийтлэл

П.Батсайхан: Яг одоо төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байна

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in HR