Та ямар ч асуудалгүй төгс ертөнцөд амьдарч байна гээд төсөөлөөд үзээрэй. Энэ ертөнцдөө та ажил мэргэжлээ сонгох болжээ. Энэ тохиолдолд бидэнд хийх дуртай ажлаа сонгох, материаллаг хэрэглээг маань хангахад хүрэлцэхүйц цалинтай ажлыг сонгох гэдэг хоёр хүчин зүйл л чухал байх болов уу.

Бид ийм эрх чөлөөтэй, энгийн байдлаар сонголт хийхийн тулд сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй байх ёстой байдаг ч яг амьдрал дээр маш цөөхөн хүн л тийм байж чаддаг.
Бодит байдал дээр та биднийг ажил сонгоход дараах нэмэлт 3 нөхцөл биднийг нууцхан шаналгаж байдаг:

  • Бид материаллаг хэрэгцээгээ хангахуйц цалинтай байгаад зогсохгүй бусдыг гайхшруулж, тодорхой сэтгэгдэл төрүүлэх хэмжээний их цалинтай ажилтай байх нь чухал. Сэтгэгдэл төрүүлмээр байгаа хүмүүсийн дунд бидний дургүй хүмүүс хүртэл байж байдаг.
  • Бид бусдын шийдвэр болон үйлдлээс аль болох хараат бус байдлыг олгох тийм л ажлыг хайсаар байдаг. Энэ нь сэтгэлийн гүндээ бид бусдаас айж, үл итгэдэгтэй холбоотой.
  • Бид өөрсдийгөө олонд танигдсан, бусдын хүндлэлийг хүртсэн, нэр алдартай болгохуйц ажлыг эрэлхийлдэг. Үүний учир нь бид (бага балчир үедээ мэдэрсэн шиг) үл ойшоогдсон, өчүүхэн байдлыг дахин мэдрэхийг хүсдэггүй .

Энэ 3 нөхцөл нь бидний карьер, ажлын байрны тогтвор суурьшилтай байдалд сөргөөр нөлөөлдөг гэдгийг дурдах нь илүүц биз ээ. Бид дотоод мөн чанартаа нийцсэн, бүх цагаа зарцуулсан ч дуртай хийгээд л байх тийм ажил хиймээр байвч гадаад ертөнцийн (нийгмийн) шаардлагад тааруулан ажлаа сонгодог. Олон хүн бага насандаа цэцэрлэгийн багш, сэтгэл судлаач, мужаан эсвэл тогооч болно гэж мөрөөддөг боловч бодит байдал дээр бусдад сэтгэгдэл төрүүлэх, бусдыг удирдах, олонд танигдах хүсэл нь өөрийн мэдэлгүй бидний сонголтыг хязгаарлачихдаг.

Алдаа гаргах нь аймшигтай үр дагавартай гэж боддогоос үүдсэн мөнхийн айдас нь эргээд биднийг хором ч болов амсхийж, өөрийн дотоод мөн чанарыг ойлгож, илүү бүтээлч байх боломжийг боомилдог.

Дургүй ажлаа өөрийгөө хүчлэн барин хийх, зүгээр хийгээд зогсохгүй түүндээ гавшгай байх, өөрийн болон эргэн тойрныхоо эрүүл мэндийг эрсдэлд оруулаад ч болтугай “гайхалтай карьер”-тай байхыг хичээх нь хүний сэтгэл зүйн нэг төлөв байдал болжээ. Бид цаг ямагт паникийн байдалтай байх болж. Учир нь амжилт гаргахгүй бол бүхнээ алдана л гэсэн үг. Хүмүүс бидний талаар өчүүхэн төдий сөрөг дүгнэлт хийнэ гэдэг нь аймшигтай, өнгөрсөн жилийн асар том орлогоос ялимгүй бага мөнгө олсон байх нь үүрдийн азгүй хувь тавилан мэт санагдах. Байнгын ийм шахалт дор бид буруу шийдвэр гаргаж, ажлаа аргалах гэж оролдон, амархан мэт боловч эрсдэл өндөртэй зам руу өөрсдийгөө түлхсээр байдаг. Алдаа гаргах гэдэг нь аймшигтай үр дагавартай гэж боддогоос үүдсэн энэхүү мөнхийн айдас нь эргээд биднийг хором ч болов амсхийж, өөрийн дотоод мөн чанарыг ойлгож, илүү бүтээлч байх боломжийг боомилдог.

Тэгвэл биднийг зөв шийдвэр гаргаж, өөрт тохирсон ажил мэргэжлээ сонгох чадварт суралцуулдаг зүйл нь “хайр” байдаг. Энэ хариулт өнгөн дээрээ ажил мэргэжил сонгохтой огт хамааралгүй мэт боловч бүхний суурь нь болдог. Хүн хүүхэд байхдаа, цаашлаад том хүн болсон хойноо ч гэсэн хайрыг хэр гүн мэдэрч чадсан эсэх нь бидний дотоод хүн хэрхэн төлөвшихтэй шууд хамааралтай.

Хайрыг зөв мэдэрч, ойлгож чадсан хүүхдэд бусдад өөрийгөө батлах, сэтгэгдэл төрүүлэх, бусдын үнэлэмжээр амьдрах хэрэгцээ байдаггүй. Жинхэнэ хайраар бойжиж өссөн хүүхэд сургууль дээрээ юм бүхний эхэнд байх албагүй (мэдээж хүүхэд сурлагаараа тэргүүлж болно гэхдээ тэргүүлэх болсон шалтгаан нь тэр өөрөө л хүссэн, энэ нь түүнд таалагдсан болохоор л тэр. Харин аав ээждээ улам илүү таалагдах гэж эсвэл тэдний нэр хүндийг өсгөх гэж биш), ээж аав нь хүүхдийнхээ амжилтыг найз нөхөддөө гайхуулж өөрсдийн хэврэг үнэлэмжийг дахин дахин цавуудах шаардлагагүй гэдгийг ойлгодог.

Эрх мэдэл, эд хөрөнгө, нэр алдарын хойноос амиа тавин хөөцөлдөх нь оршин буйгаа ямар нэг байдлаар л мэдэгдэж байхгүй бол хэн ч бишээрээ мартагдаад үлдэх вий, хэнд ч чухал биш нэгэн болж хувирах вий гэсэн айдсаас үүдэлтэй.

Тэр энэ хорвоо дээр ямар нэг тохиолоор аав ээжийн хүү/охин болоод ирсэн нь л онцгой хэрэг бөгөөд ямар ч нөхцөлгүйгээр хайрлагдах шалтгаан нь болдог. Түүнээс биш математикийн хичээлдээ онц дүн авах, олимпиадад түрүүлэх, мундаг компанийн захирал болохдоо биш. Ингэж өссөн хүүхэд хийж буй зүйлдээ дуртай байж бүх анхаарлаа төвлөрүүлж, бүр бусдаас илүү амжилт гаргах нь түгээмэл. Учир нь гэвэл тэд өөрсдөө л үүнийг хүссэн болохоор тэр, харин бусдын алга ташилт, магтаал үүний гол шалтгаан нь биш юм.

Нас бие гүйцсэн хойно ч хайр бидний амьралд чухал орон зайг эзэлнэ. Намайг хайрладаг хүмүүс энэ дэлхий дээр байгаа, тэд миний алдаа эндэлийг тэвчиж, бидний төлөө санаа зовж байдгийг мэдрэх нь энэ дэлхий дээр хөл дээрээ бат зогсох боломжийг олгож байдаг. Хүн бүр биднийг таних албагүй, сарын эцэст дансанд хэдэн төгрөг байх хамаагүй. Хайр байхад цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр тэврэлдээд унтсан ч даарахгүй гэж Дэвид Лоуренс бичсэн байдаг.

Үүнийг шууд утгаар бүү ойлгоорой. Материаллаг хэрэгцээ хэдий амьдралд чухал байр суурь эзэлдэг ч хайрын хажууд ямар өчүүхэн бэ гэдгийг л хэлэх гэснийг анхаарууштай.
Тэгэхээр эрх мэдэл, эд хөрөнгө, нэр алдарын хойноос амиа тавин хөөцөлдөх зарим хүнийг бид шунал нь ихэджээ, шуналдаа баригдсан гэж ярьдаг ч үнэн хэрэг дээрээ тэдний үйл хөдлөлийн цаана шунал бус харин хайрыг үнэнээр, нөхцөлгүйгээр, гүн мэдэрч чадаагүй сэтгэл байж болох нь. Адилхан хүний хувьд энэ хайрлагдаж чадаагүй сэтгэл ямар хэцүү болохыг та бас ойлгохыг хичээгээрэй.

Тэд хэдий ялагч шиг харагдах боловч үнэн хэрэгтээ хохирогчид юм шүү дээ. Орчин үеийн завгүй нааш цааш холхисон, ажил амжуулсан эрх мэдэл, нэр алдарын араас явагчдын энэхүү байдал нь өөрийн “байгааг” ямар нэг байдлаар л мэдэгдэж байхгүй бол хэн ч бишээрээ мартагдаад үлдэх вий, хэнд ч чухал биш нэгэн болж хувирах вий гэсэн айдсаас үүдэлтэй. Хайрлагдаж чадаагүй шархаа нөхөх гэсэн сэтгэлээс үүдэлтэй. Байгаа маань хангалтгүй учраас хийсэн зүйлээрээ, олсон амжилтаараа байгаа гэдгээ бататгах, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн сэтгэлийн хохирогчид. Хайр байгаагүй тэр хоосон орон зайг хэр их мөнгөөр дүүргэх вэ? Хайр байсан нэгэн бага мөнгөтэй ч ямар их аз жаргалтай амьдарна вэ?
Тиймээс шархадсан сэтгэлээ ажил мэргэжил болон ололт амжилтаараа засах гэсэн бидний үйлдэл бараг л байгалийн өгөгдөл мэт болсон.

Ихэнх тохиолдолд бид юу руу тэмүүлээд байгаагаа мэддэггүй. Тэгвэл бид өөрсдөөсөө “Хэрэв би бага наснаасаа хайрыг зөв мэдэрч, хайрлуулж чадсан бол миний амьдрал ямар байх байсан бол?” гэж асуух зоригтой байх ёстой. 

Зарим боломжит сонголтуудаа эргэн харахад, хүүхэд байхаасаа л байгаагаа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тэмцэж ирэхдээ өөрийн олон олон сонирхол, амбицаа золиосонд гаргаж ирсэнээ бодоход харамсаад барахгүй болов уу?

Карьер хэзээ ч хайрын дутагдлыг нөхөж чадахгүй. Ямар ч бахдам карьертай байлаа гээд хүүхэд насанд хайрлагдаж чадаагүй тэр шаналалыг хэзээ ч нөхөж баршгүй.

Тиймээс бид ажлаа байгаагаар нь хүлээн авч, харин амьдралынхаа өөр тал дээр дутуугаа нөхөж, залруулга хийж амьдрах хэрэгтэй юм.

Эх сурвалж: The School of Life

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 4.00 out of 5)
Loading...
Б.Мөнхбат
Төслийн мэргэжилтэн

Үнэ цэн нь улам өсөж буй ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ

Өмнөх нийтлэл

Google-ийн ахлах инженер Б.Баттулга: Цахим үндэстэн болж байж живэхээс аврагдана

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.