Ингэний хоормог бэлдэж буй YOUTUBE дээрх бичлэгийг өнгөрсөн 4 жилийн хугацаанд 10 сая шахам хүн олон улс даяар үзжээ. Үүний дараах өндөр үзэлттэй нь англиар тайлбарлан ярьж боодог хийж буй бичлэг  юм. Артгэр медиа группын санаачилсан Youtube суваг нь ийнхүү Монгол хоолны контентуудаараа дамжуулан үндэсний соёлыг таниулан сурталчилдаг. Харин энэ үйл ажиллагаа  сүүлийн хоёр жил буюу хөл хорионы үед идэвхжиж, олон улс даяарх гэртээ хоригдогсдын анхаарлыг татаж буйг дээрх жишээнээс харж болно. Энэ тухай туршлагаа хуваалцан өнөөдөр болж буй HoReCa зочлох үйлчилгээний III чуулган дээр Артгэр Медиа группын Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Энхбат хуваалцлаа. 

Цар тахалд нэрвэгдсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий даяар аялал жуулчлалын салбар хамгийн хүнд цохилтод орж, ашиг 0 хувь болтол унаж, зарлага нь орлогоосоо давж хасах үзүүлэлт рүү орсон билээ. Харин тодорхой хэмжээнд хилээ нээсэн учраас энэ наймдугаар сарын сүүлээс жуулчид цөөн тоогоор үзэгдэх болсныг UB INN зочид буудлын Ерөнхий менежер У.Цолмон хэлж байна. Гэрээт жуулчны компаниудын шугамаар бус, Booking, Expedia, Agatha, C-trip, Hotels гэх мэт дэлхий даяар цахим захиалгын үйлчилгээ эрхэлдэг талбаруудаар дамжин орж ирж буй гадны жуулчид дийлэнхийг бүрдүүлж буй. Одооохондоо хилийг бүрэн нээж, жуулчид чөлөөтэй зорчих боломжгүй байгаа учраас компаниуд хараахан захиалга аваад, жуулчид оруулаад ирэх боломжгүй байна. 

Одоогоор ирж буй гадныхан бизнесийн зорилгоор зайлшгүй ирэх шаардлагаар наашилж байна. Сайн мэдээ нь орж ирж буй гадны зочдын тоо аажим өсч байгааг зочид буудлын салбарын төлөөллүүд хэлж байна. UB INN буудлын хувьд 30 хувийн дүүргэлттэй ажиллаж байгаа бөгөөд одоогоор Солонгос, Орос улсын жуулчдад энэ есдүгээр сард үйлчилжээ. Харин Эдельвайс Арт зочид буудлын Н.Ганчимэг менежерийн хувьд Америкийн өндөр зэрэглэлийн жуулчид хүлээн авч үйлчилсэн тухайгаа мөн хэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд зочлох үйлчилгээний салбарынхан засвар үйлчилгээ хийж, өөрийн өвөрмөц өнгө төрхөө олох нөгөө талд цахим ертөнц дэх байр сууриа сайжруулах, олон улсын захиалгын талбаруудаар дамжуулан шууд жуулчин авах боломжууд дээр илүү анхаарч ажиллажээ.

Зочид буудал амралтын газрууд дижитал шийдлүүдийг ашигласнаар тоо баримт, хандлагын анализ хийж, захиалгаа олон улсын платформтой уяж шууд захиалга авах, бүртгэлээ автоматжуулж, алдааг багасгах, ажилтнуудын тоог цөөн барих гэх мэт давуу талууд үүснэ.

Зогсонги цаг үеэс үүдэн зочлох үйлчилгээний хэсгийнхэн хүний нөөцөө эргэн бүрдүүлэх нь хамгийн хүнд сорилт болчихоод байгаа учраас энэхүү хоосон орон зайг тодорхой хэмжээнд технологиор шийдэх боломжтой юм байна. Энэ тухай 200 орчим зочид буудал, амралтын газрын үйл ажиллагаанд HoReCAsoft платформыг нэвтрүүлж, зардлыг багасгаж, орлогыг нэмэгдүүлсэн Хорека Юнион компанийн Гүйцэтгэх захирал Г.Гантулга илтгэлийнхээ үеэр ярьлаа. Цаашдаа, зочид буудал амралтын газрууд энэ төрлийн платформуудыг ашигласнаар тоо баримт, хандлагын анализ хийж, захиалгаа олон улсын платформтой уяж шууд захиалга авах, бүртгэлээ автоматжуулж, алдааг багасгах, ажилтнуудын тоог цөөн барих гэх мэт давуу талууд үүсэх юм байна.  “Franco Grasso Reveneu team” -ийн орлогын менежер Масимилано Терзуни Италиас шууд холбогдож тайлбарласнаас үзэхэд жишээ нь,  өнгөрсөн жилийн энэ өдөр цаг агаар ийм байхад ийм хэмжээний орлого олсон бол өдийд ийм хэмжээний орлого олох боломжтой гэх саналыг платформ өөрөө дата дээрээ анализ хийн санал болгодог байна. Энэ мэт технологийн зөв шийдлийг зочлох үйлчилгээний салбар нутагшуулж ашиглах нь эрт оройгүй хэрэгжих нь ээ. 

Хоолны сургаар тэд наашилж байна

Мөн нөгөө талаас хоорондоо хамтарч олон улсад Монгол улсыг брэнд талаас нь яаж өсгөх вэ гэдэгт салбарыхан хэрхэн нэгдэхийг хичээж буйг HoReCa зочлох үйлчилгээний III чуулган харуулж байлаа. Үдээс хойших илтгэл хэлэлцүүлгүүд маркетинг, тэр дундаа цахим сүлжээнд байр сууриа хэрхэн бэхжүүлж, өргөтгөх тухай байв. Бид ямар контентоор дамжуулан өөрсдийгөө сурталчилж болох вэ гэх хэлэлцүүлэг хийгдсэн бөгөөд Таван тансаг идээ, Боодог, Чацаргана, нэрстэй, сүүтэй амттан гэх мэтээр Монгол үндэсний хоолыг голчлон ярьж танилцууллаа. 

Тухайлбал, Таван тансаг идээг үндэсний амттан болгохын тулд судалж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж, зах зээлд нутагшуулж буй тухайгаа танилцуулж, хурлын оролцогчдод сүүн чихэр, бяслаган сунадаг чихрээ амсуулж гайхшруулсан хүн бол Хужирт Цагаан компанийн үүсгэн байгуулагч И.Хаянхярваа байлаа. Оролцогчид тухайн амттаныг амсмагц, нүд нь томрон гайхширч, илүү том хазсаар дуусгаж байгаа нь харагдсан. Малчин айлын боловсруулдаг идээ ундааг олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн болгож, дотоод, гадаад жуулчдын ходоодны үйл ажиллагаанд цочроо өгөхгүй хэмжээнд авчирсан нь энэ ажээ. 

Best Ever Food Review Show сувгийн хамт олон Монголд ирж монгол хоолны талаар шоу хийхээр болжээ.

Харин энэ мэт Монголын сонирхолтой хүнс хоолыг олон улсад хүргэхэд аль хэдийнэ амжилт олж, олны анхааралд өртөөд буй Артгэр Медиагийн хамт олны хэлж буйгаар бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 241 видео youtube сувагт байршуулж, 79 сая үзэлт бий болжээ. Тэдний цаашдын зорилго нь салбарынхантай хамтран Монголын аялал жуулчлалыг сурталчлахаас гадна боодогны халуун чулууны технологиор дамжуулан гадны улсуудад тухайн үндэсний хоолыг хийх  “BOODOG BOYS MONGOLIAN HOTSTONE GRILL” франчайз бизнес загварыг хөгжүүлж буй аж.  Эхний урилгаар Хятадын 10 том хотоор аялж Монгол хоолны шоуг хийхээр болжээ. Мөн тус группын бичлэгүүдийг үзсэнээр холбогдсон 7.9 сая дагагчтай Best Ever Food Review Show сувгийн хамт олон Монголд ирж шоу хийхээр болсон нь Influencer-ийн нөлөөг үүсгэх биз ээ…

Хурлын төгсгөлд ХҮИС-ийн дэд профессор М.Билэгсайхан гэр бүлийн бизнесийн загвараар ажилладаг бол хэрхэн менежментээ оновчтой авч явах талаар зөвлөгөөг оролцогч байгууллагуудад өгсөн юм.  Аялал жуулчлалын салбарт гэр бүлийн бизнесийн загвар нэлээд түгээмэл байдаг бөгөөд харилцан ойлголцоогүйгээс үүдэн компанийн үйл ажиллагаа санхүүгийн байдал тогтворгүйтэж, хамгийн хөнөөлтэй нь үйлчилгээний чанар унаж хэрэглэгчид хохирдог талтай. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Б. Энхцэцэг
Сэтгүүлч, Хэвлэл мэдээлэл, Олон нийтийн харилцааны зөвлөх

    Төслийн удирдлага: М.Энхсайханы илтгэлээс онцлох санаанууд

    Өмнөх нийтлэл

    Том төслийг улс төрчид биш, мэргэжлийн баг удирдах ёстой

    Дараагийн нийтлэл

    Сэтгэгдэл

    Leave a reply

    Your email address will not be published. Required fields are marked *

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.