Premium группийн дэд ерөнхийлөгч Г.Бат-Эрдэнэ
PMI Mongolia Chapter ГҮТББ -аас “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” сэдвийн дор зохион байгуулсан олон улсын ээлжит бага хурлын үеэр Premium группийн дэд ерөнхийлөгч Г.Бат-Эрдэнийн хэлэлцүүлсэн илтгэлийг тоймлон хүргэе.
Premium групп дотоодын зах зээлд тэргүүлэгч бетон зуурмагийг үйлдвэрлэж, CU брэндийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн билээ. 

Төслийн удирдлага, төслийн эдийн засаг гэсэн томоохон ойлголтуудын талаар бид сүүлийн үед онцлон ярих болсон ч эдгээр нь угтаа ойлгоход маш энгийн. Аливаа ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийхийн тулд дараалал, ашиглах арга зүй, хэлбэрийг нарийн зааж өгсөн гарын авлагыг төслийн удирдлага гэж үзэж болно.  

Манай группийн ихэнх байгууллага төслийн удирдлагын нэгж хэлтэс байгуулж, түүгээрээ дамжуулан төслөө удирдах зорилгоор зохион байгуулагдсан байдаг. Төслийн нэгжийн зорилго тухайн байгууллагын стратегитай нийцэж байвал илүү өндөр амжилтыг дагуулна. Дэлхийн томоохон компаниуд төслийн удирдлагын нэгжээр дамжуулан бизнесээ удирдаж байгаа учраас маш амжилттай хэрэгжиж байна.  

2021 онд Premium группийн 10 жилийн ой тохиож, энэ хүрээнд бид эрхэм зорилго, алсын хараагаа тодорхой хэмжээнд шинэчилсэн. Мөн группийнхээ логог ч шинэчиллээ. Хүн төвтэй байхын зэрэгцээ байнга шинийг эрэлхийлнэ гэсэн үндсэн хоёр зарчмыг бид бизнестээ  баримталдаг. Ажайл аргачлалаар ажиллах буюу дасан зохицох чадвар сайтай байхыг ч чухалчилдаг. Бага нөөцөөр өндөр үр дүнтэй ажиллахыг ч эрмэлзэж байна. Манай группийн зах зээлд нэвтрүүлсэн хоёр брэнд (бетон зуурмаг, CU) эдгээр үнэт зүйлийн дагуу амжилттай байршсан.  

Тухайлбал, бид жижиглэнгийн худалдааны буюу нэгж үйлчилгээний салбарт шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, дараагийн шатанд гаргах CU брэндийг сонгож, зах зээлд нэвтрүүлсэн. Харин бетон зуурмагийн тухайд харилцагчдадаа ямар үнэ цэн өгч чадах вэ гэдгээ үнэлж дүгнэсний үндсэн дээр бизнесийн энэ салбарт хөл тавьж, зах зээлд тэргүүлэгч тоглогч болж чадсан. 

“Төслийн удирдлагаар зөвхөн нэг төслийг бус бизнесийг бүхэлд нь удирдах боломжтой”. 

Энэ туршлагадаа тулгуурлан бид төслийн удирдлагын оффис буюу нэгж (PMO) байгуулах бэлтгэл ажлаа эхлүүлж байв. Ингэхийн тулд дараах зүйлсийг бэлдэх шаардлагатай. 

Нэгт, дундаас топ менежер хүртэлх бүхий л түвшинд өөрчлөлт хийх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлд хурдан дасан зохицож чаддаг, уян хатан, өөрчлөлтийг зоригтой хэрэгжүүлдэг байх ёстой. 

Хоёрт, стратеги, эрхэм зорилго, алсын хараагаа маш оновчтой, зөв тодорхойлсон байх.

Гуравт, дата болон системээ тогтмол, найдвартай шинэчилж, мэдээлл нэгдсэн байдлаар боловсруулдаг байх. Эдгээр бэлтгэл ажлыг хангасны дараа төслийн удирдлагын нэгжийг бий болгоход улам хялбар болно гэж бид үздэг. Энэ жишгээр ажилласны үр дүнд төслийн удирдлагын нэгж байгуулах ажлыг энэ оны дөрөвдүгээр сард амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Үүнийгээ цаашид улам урагшлуулж, шат ахиулна. 

Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд хамгийн гол зүйл бол хүн буюу менежерүүд ба удирдлагууд.  Өндөр гүйцэтгэлтэй байгууллагуудын менежерээс дээш түвшний хүмүүст манлайлал, бизнесийн бусад чадвараас гадна төслийн удирдлагын ур чадвар тун чухалд тооцогдож эхэлсэн. Харин хөгжил удаан, бага гүйцэтгэлтэй компаниудын менежерт техник, компьютерын ур чадвар зэрэг “hard skill” илүү давамгайлж байгааг олон улсын судалгаанд дурдсан байдаг. Тэд төслийн удирдлагын арга барилыг эзэмшээгүй учраас үр бүтээлч байдал сул, хангалттай хурдтай ажилладаггүй. Мөн тухайн нөхцөл байдалд зохицон ажиллах чадвар тааруу байдгийг онцолсон нь бий.  

“Хүн төвтэй байхын зэрэгцээ байнга шинийг эрэлхийлнэ гэсэн үндсэн хоёр зарчмыг бид бизнестээ баримталдаг”.

Харин манай группийн хувьд хүмүүсээ ямар үе шаттайгаар, хэрхэн сургах вэ гэдгээ маш нарийн боловсруулсан. Энэ хүрээнд жил хагасын хугацаанд бүх ажилтандаа төслийн удирдлагын анхан шатны мэдлэгийг олгохоор ажиллаж байна. Мөн менежерээс топ шатны удирдлага хүртэлх тодорхой хүмүүсийг дунд түвшний буюу төслийн удирдлагын нарийвчилсан сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Бид өнөөг хүртэл “hard” болон “soft” ур чадварыг олгох ерөнхий менежментийн сургалтуудыг дотооддоо зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл ирэх жил хагасын хугацаанд нийт сургалтынхаа тал хувийг төслийн менежментийн нарийвчилсан сургалтуудаас бүрдүүлэхээр төлөвлөж байна. 

Чиг хандлагын хувьд  төслийн удирдлагаар дамжуулан компаниуд зөвхөн нэг төсөл удирдах бус харин энэ арга барилыг ашиглан бизнесээ бүхэлд нь удирдах болсон. Учир нь төслийн удирдлагын арга барил өөрөө сонгодогт тооцогдохын зэрэгцээ бүх зүйл төсөл гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон тул бизнесээ энэ аргачлалаар удирдаж чадвал хамгийн үр дүнтэй, хурдтай ажиллах боломжтой. Тиймээс бид бүгд энэ чиглэлд шилжих ёстой. Хоёрт, энтерпрайз төслийн удирдлагын нэгжид хүрэхийн тулд топ түвшнээсээ эхлээд бүгд төслийн удирдлагын арга барил, технологийг эзэмших шаардлагатай. Мөн энтерпрайз төслийн удирдлагын нэгжийг удирдаж буй лидер хүн тухайн компанийн CEO буюу гүйцэтгэх удирдлага байх ёстой. Үүний үр дүнд компанийнхаа стратегийг боловсруулж, түүнтэй уялдуулан төслөө удирдан авч явах арга барилыг эзэмших шаардлагатай гэдгийг ойлгох нь чухал. Учир нь дэлхий нийтийн хандлага энэ зүгт чиглэж байна. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Харилцагчийн үйлчилгээг сайжруулахад юу чухал вэ? (№120)

Өмнөх нийтлэл

Маргаашийн ЖДҮ ямар байх бол?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.