Оскарын шагналт “Шимэгч” (Parasite) кино, гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл дэх K-Beauty давлагаа, поп соёлын онцлох үзэгдэл BTS хамтлагийн амжилтын араас Өмнөд Солонгосын соёлын экспортын буухиа цааш үргэлжилж буйг Squid Game киноны тэсрэлт харуулав. 

Өнгөрсөн сарын 17-нд нээлтээ хийсэн даруйдаа олон улсын үзэгчдийг байлдан дагуулсан Squid Game цувралыг дагасан бүхэл бүтэн эдийн засаг үүссэн гэж хэлж болох бөгөөд үүнтэй холбоотой зарим онцлох тоог танилцуулъя. 

  • Одоогоор Squid Game -ийг 132 сая гаруй хүн үзээд байна. Нийт үзэгчийн 89 хувь нь цувралыг эхлүүлмэгцээ дунджаар 75 минутыг дэлгэцийн өмнө өнгөрүүлсэн буюу багадаа нэг ангийг бүтэн үзэж дуусгажээ. Харин 66 хувь нь цуврал цацагдсанаас хойш 23 өдрийн дотор бүх ангийг нь үзсэн байна. Энэ ч утгаараа Netflix -ийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн амжилттай цувралаар нэрлэгдэж буй. 
  • Squid Game -ийн нэг  анги ойролцоогоор 2.4 сая ам.доллараар бүтсэн (Цуврал нийт 9 ангитай) бол цуврал бүхэлдээ 21 сая ам.долларын өртгөөр бүтжээ. Үүгээрээ маш бага зардлаар бүтсэн ч өндөр амжилт үзүүлсэн кинонуудын жагсаалтад зүй ёсоор багтаад байна. Цаашид уг цуврал 900 сая ам.долларын орлого олох үнэ цэнтэй гэж Bloomberg -ээс мэдээлсэн юм. 
  • Цуврал цацагдсанаас хойш Netflix -ийн хувьцаа 7 хувиар өсч, компанийн үнэлгээ 278.1 тэрбум ам.долларт хүрчээ. Сонирхуулахад, стриминг үйлчилгээний салбарт тэргүүлж буй тус компани 2015-2020 оны хооронд Өмнөд Солонгосын уран бүтээлчидтэй хамтран кино, цувралууд бүтээхэд нийт 700 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Солонгос соёлын түрлэг эрчимжиж буйг Netflix компани 2016 оноос хойш Өмнөд Солонгосын кино уран бүтээлчидтэй хамтарсан 80 орчим дэлгэцийн бүтээлийг өөрийн платформоор дамжуулан хүргэсэн, мөн зөвхөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд л Америкт K-драма үзэгчдийн тоо 2 дахин нэмэгдсэн зэргээс харж болно.   

  • Squid Game цувралд жүжигчдийн өмсдөг ногоон бэлтгэлийн хувцас, ягаан өмсгөл, маск, тэргүүтэй хувцас хэрэглэл Etsy, Amazon зэрэг онлайн худалдааны сайтын эрэлттэй бүтээгдэхүүний тоонд хэдийнэ багтаад буй. Тухайлбал, кинонд олон давтамжтай гардаг цагаан слип-он (slip-on) гутлын борлуулалт 7800 хувиар өссөнийг The Sole Supplier мэдээлсэн. Halloween -ийн баяраар олон орны хүмүүс Squid Game цувралын хувцас, хэрэгслээр амьсгална гэсэн хүлээлт ч үүсээд байна. Харин Netflix компаниас Walmart -тай хамтран сүлжээ дэлгүүрүүдэд нь зөвхөн Squid Game гэлтгүй компанийн бусад онцлох киноны мерчендайз бүтээгдэхүүнүүдийг борлуулах тусгайлсан тасаг нээхээр төлөвлөснөө зарласан билээ. 
  • Гадаад хэл сурахад тусалдаг Duolingo аппд бүртгүүлж буй шинэ хэрэглэгчдийн дунд солонгос хэл сурах эрмэлзэл эрс нэмэгдсэнийг энэ үзүүлэлт Их Британид 76, харин АНУ-д 40 хувиар өссөн зэргээс харж болно. Энэ бол кино үзэгчдэд хүрч эхэлснээс ердөө хагас сарын дараах тоо юм. Үүний хажуугаар TikTok хэрэглэгчдийн дунд Squid Game -ийн үйл явдлаас сэдэвлэсэн чалленжууд өндрөө аваад буй. 
  • Энэ цувралаар жүжигчний гараагаа эхлүүлсэн загвар өмсөгч Чон Хо Ён үзэгчдийн анхаарлыг татаж, цувралын нээлтээс өмнө 400 мянган дагагчтай байсан түүний инстаграм хаягийг өдгөө 21.4 сая хэрэглэгч дагаад байна. Мөн тун саяхан тэрбээр Louis Vuitton брэндийн төлөөлөгчөөр сонгогдож, Adidas брэндийн сурталчилгаанд тоглосон зэргээс үзэхэд Squid Game кинонд дүр бүтээсэн нь түүний карьерын хувьд онцлох алхам болсон нь эргэлзээгүй. 
  • Squid Game үзэгчдэд хүрсний дараа бизнес нь цэцэглэсэн хүний нэг бол найман жилийн турш Сөүл хотод далгона чихрийн мухлаг ажиллуулж буй 37 настай Ан Ён-хуй. Кино гарахаас өмнө тэр өдөрт 200 ширхэг чихэр борлуулдаг байсан бол өдгөө энэ тоо 500 гаруйд хүрч нэмэгджээ. Мөн хүмүүс далгона чихэр авахаар мухлагийнх нь гадаа дараалал үүсгэх болсон байна. Цуврал цацагдсаны дараахан их хэмжээний гэнэтийн захиалга орж ирснээс болж, долоо хоног гэртээ харьж чадаагүй тухайгаа Ан Ён-хуй өмнө нь хэвлэлд ярьж байв.  
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Хугацаа нь дуусах, хөлдөх эрсдэлтэй барааг татахад дэмжлэг үзүүлэхийг Хятадын талаас хүслээ

Өмнөх нийтлэл

Бизнесийн алсын хараат санхүүгийн удирдлага (№122)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.