Сингапурын үсрэнгүй хөгжлийг төсөөлөхөд хэдхэн тоо хангалттай. Тус улсын хөгжлийн удирдагч хэмээн хүндлэгддэг Ли Куан Ю-г 1959 онд Ерөнхий сайд болоход нэг хүнд ногдох ДНБ 400 ам.доллар байсан бол 1999 онд албан тушаалаасаа буухад нь 12.2 мянган ам.доллар болж, 30 дахин өсжээ. Харин цар тахлын өмнө буюу 2018 онд Сингапурын нэг хүнд ногдох ДНБ 66.6 мянган долларт хүрч, дэлхийд наймдугаарт жагсаж байв. 

Сингапур бол 720 км.квадрат газар нутагтай, жараад жижиг арлаас бүтсэн хот улс юм. Хүн амын нягтаршил өндөр, 5.7 сая хүн амтай. Ердөө л хагас зууны тэртээд Сингапур нь усаа картаар олгодог, хөлөг онгоцны хог хаягдалд дарагдсан, жорлонгийн бохир нь хот дундуураа урсдаг, тусгаар тогтноод удаагүй жижиг улс байв. Мөн ямар ч байгалийн баялаггүйн дээр таагүй харилцаатай Малайз улсаас ундны ус, цемент зуурах элсээ хүртэл импортолдог байжээ. 

Аж үйлдвэр, дэд бүтэц хөгжөөгүй тэр үеийн Сингапурт ядуурал, ажилгүйдэл гаарч байлаа. Ард иргэдийнх нь дунд Хятад, Вьетнамын коммунистуудыг дэмжих хандлага түгээмэл болж байсан нь үүнийг гэрчилнэ. Чухам энэ хүнд үед Сингапурын “хөгжлийн эцэг” Ли Куан Ю улс орны хувь заяаг бүхлээр нь өөрчилж чадсан юм. Оюун санаа, эдийн засгийн талбарт оновчтой нүүдэл хийж байсан тэрбээр биеэ үнэлэлтийг хүлээн зөвшөөрч, казиног албажуулсан нь хүртэл судлаачдын гайхшралыг төрүүлдэг. Гэсэн хэдий ч энэ алхмаараа олон улсын зорчих урсгалыг хүчтэй нэмсэн гэж үзэх хүмүүс байдаг. 

Мөн сингапурчууд тусгаар улс болсноосоо хойш боловсролын системийг тэр чигээр нь англи хэл рүү шилжүүлэхийн тулд асар их хүчин зүтгэл гаргасан түүхтэй. Өдгөө тус улсад дөрвөн хэлийг албан ёсоор үндсэн хэл гэж хүлээн зөвшөөрдөг.

Англи хэл хүн амын дунд дэлгэрснээр гадаадын хөрөнгө оруулагчид Сингапурыг сонирхож эхлэхэд том түлхэц үзүүлжээ. 

“Сингапурын хөгжлийн загвар гэх юм алга, Ли Куан Ю л гэж бий” хэмээх хошигнол зүгээр ч нэг хоосон үг биш. Гэхдээ л Сингапурыг өөрчилсөн хөгжлийн нууц юу байв гэдэг нь тун сонирхол татна. Ерөнхийдөө гурван хүчин зүйл Сингапурыг өнөөгийн өндөрлөгт хүргэсэн гэж судлаачид үздэг. Эхнийх нь дэлхийн далайн тээврийн 40 хувь дамжин өнгөрдөг Малаккын хоолойн амыг тоссон стратегийн өндөр ач холбогдол бүхий байршил бол хоёр дахь нь гадаадын хөрөнгө оруулалтыг урьсан бодлого юм. Харин гурав дахь нь авлигагүй, шударга засаглалыг байгуулсан явдал байлаа. 

Эдгээр гурван хүчин зүйлээс гадаадын хөрөнгө оруулалт нь хэрхэн Сингапурын хөгжилд жин дарахуйц нөлөө үзүүлснийг товч сонирхоё. Тус улс “бар” болохын тулд үл хөдлөхийн томоохон бүтээн байгуулалтуудыг гадаадын хөрөнгө оруулалт, эзэмшлээр бариулж, төсвөө арвижуулахыг нэн тэргүүний зорилгоо болгожээ. Ингэснээр төсөв нь алдагдалгүй үргэлж ашигтай гардаг болж, энэхүү илүүдэл хөрөнгөө хоёр том баялгийн сангаараа дамжуулан дэлхий даяар инновац, компаниудад хөрөнгө оруулж байна. Өөрөөр хэлбэл, тэд хөрөнгө оруулалтын амтыг эрт мэдэрч улсаа хөгжүүлсний зэрэгцээ өөрсдөө ч томоохон хөрөнгө оруулагч улс болжээ. Үүний тод илрэл нь манай улсын томоохон хөрөнгө оруулагчдын эгнээнд Сингапур улс нэлээд дээгүүрт орж буй явдал юм. Өнгөрсөн оны гадаад шууд хөрөнгө оруулалтын тайланд дурдсанаар, Канад, Австрали, БНХАУ-ын дараа орох хөрөнгө оруулагч нь Сингапур улс байв. Тус улс 2019, 2020 онуудад тус бүр 155 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг манай улсад хийжээ. 

Сингапур улсад хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт /сая ам.доллар/

Сингапур улсад хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт /сая ам,доллар/

Эх сурвалж: Statista

Сингапур улс хөрөнгө оруулалтын алтан дүрмийг маш сайн мэднэ. Гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн боломжуудаа хараад зогсохгүй асуудал гарвал хэрхэн шийдэх хүртэлх нарийн зангилаагаа хүртэл тооцдог. Тийм ч учраас тус улс арбитрын үйл ажиллагааны жишгээрээ дэлхийд тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй, ээлтэй орчны нэг хэсгээ арбитрын боловсронгуй үйл ажиллагаа болгож чаджээ.

Сингапур гэнэтхэн л хөрөнгө оруулагчдад ээлтэй улс болчихоогүй. Бүх зүйл нарийн төлөвлөгөө, бэлтгэлийн дагуу өрнөж байв. 1968 онд АНУ-ын “Texas Instruments” компани Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр нээснээр “Hewlett-Packard” болон  “General Electric” зэрэг өндөр технологийнхон орж ирэх замыг зассан байна. Цаашдаа Сингапур улс үндэстэн дамжсан корпориацуудын Ази дахь зангилаа цэг болж, Азийн санхүүгийн төв хэмээх алдрыг Хонконгтой хуваалцан хүртэх болсон. Үүний зэрэгцээ аж үйлдвэрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэн тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулж, тэдгээр нь нийт эдийн засгаа урагшлуулдаг байв.

1970-аад онд Сингапураас гадна Малайз, Тайланд, Тайван, Өмнөд Солонгос зэрэг Азийн орнууд ч гадаадын хөрөнгө оруулалт татах гэж өрсөлдөж байсан.

Гэхдээ Ли Куан Ю-гийн байгуулсан тогтолцооны гол амжилт нь улс төрийн тогтвортой, тууштай систем, эрх зүйт ёсыг дээдлэх зарчмыг төлөвшүүлж, авлигыг бараг бүрэн устгасанд оршдог. Ийм төгс хослолыг тухайн үед Азийн бусад улсаас аль нь ч гадны хөрөнгө оруулагчдад санал болгож чадаагүй юм. 

Арлын жижигхэн ядуу орноос дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын тоонд орсон бас нэг нууц нь татварын таатай орчин. Өдгөө Сингапур жил бүр Дэлхийн Банкны бизнес эрхлэх таатай орчин бүхий улсуудын жагсаалтыг тэргүүлж байна. Хойшиллоо гэхэд хоёрт орсоор ирсэн. Бизнесийн үйл ажиллагаа явуулах маш ойлгомжтой системийг бүрдүүлэхийн зэрэгцээ татварын дарамтгүй орчныг бий болгосон нь хөрөнгө оруулагчдыг татаж, хөгжлийг нь хурдасгажээ. Тухайлбал хөрөнгө, хувьцаа борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвар, хувьцаа эзэмшигчийн авах ногдол ашгийн орлогод ногдуулах албан татвар зэргийг тэглэсэн байдаг. Мөн хөрөнгө оруулалтын төрөл нь олон,  татах боломж нь энгийн байдаг аж. Ингэснээр Азидаа гадны корпорациудад хамгийн ээлтэй улс болж, дэлхий дахинд ирээдүй ямар байхыг зурагладаг, харуулдаг орон болоод байна.  

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Компаниуд 2022 оны мөнгөний бодлогоос юу анхаарах вэ?

Өмнөх нийтлэл

Буман Тарлан: Үхрээр баталгаажсан хөрөнгө оруулалт (№124)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.