Өнөөдөр /2021.10.28/ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дээр  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлгийн хоёр дахь хэсэгт бизнес эрхлэгчид тендерийн эрх зүйн шинэчлэлтэй холбогдуулан асуулт тавьж, саналаа хэлэв. Үндэсний Аж үйлдвэрлэлийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайханы хэлсэн үгийг сонирхуулъя

Хувийн хэвшил болон иргэдийн дуу хоолойг сонсож байгаад талархаж байна. Энхболд дарга мэдэж байгаа 2019 онд тендерийн тухай хуулийн 10.1 дүгээр заалтад Үндэсний үйлдвэрлэлийнхэнд маш чухал заалтыг оруулж батлуулсан. Тэгэхээр энэ заалтуудаа улам лавшруулаад, улам гүнзгийрүүлсэн шийдвэр тогтоолуудыг томьёолон гаргаж ирч байгаад би баяртай байна.

Ерөнхийдөө энэ хуулийн үндсэн философи нь юу юм бэ гэдгийг С.Мөнгөнчимэг сайд (Сангийн дэд  сайд) та анхаараач ээ. Ер нь тендерийн худалдан авалт, төрийн худалдан авалт бол үндэсний эдийн засгийг төрөлжүүлэх, үндэсний эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, үндэсний нэмүү өртөг нэмэгдүүлэх тал руугаа л чиглэх ёстой. Мөн төрийн худалдан авалтын тухай хуульд Монголын нийгмийн эдийн засгийн онцлогт нийцсэн түвшинд эдгээр томьёоллууд хийгдэх ёстой. Ийм учраас хувийн хэвшлийнхэн тендерийн хуульд муу үнэлгээ өгөөд байгаа юм. Үүнд л олон хүмүүс бухимдаад байна. 

Дараагийн асуудал бол макро эдийн засгийн түвшинд яаж нөлөөлж байна, яаж ажлын байр бий болгож байна, яаж шинэ технологи инноваци, аж үйлдвэржилтийг хөгжүүлж байна вэ гэдгийг бид харах ёстой юм.Тэгэхээр энэ гурван суурь дээр тендерийн хуулийн үзэл санаа явах ёстой шүү. Энэ тал дээр дэмжээд, хамтраад нэг ажил хэрэг болгоод ажиллахад бид бэлэн байна.

Ерөнхийдөө Монголын зах зээл бол 7 тэрбум америк долларын бараа экспортод гаргаж байгаа. 7 тэрбум доллараа бид олж ирж байгаа. Буцаад 6.7 тэрбум ам.долларын импортын бараа аваад идээд, уугаад, хэрэглээд дуусгачихдаг. Тэгэхээр 7 тэрбум ам.доллараа яаж шингээж авч үлдэх үү. Тэр 6 тэрбум долларын барааг яаж задалж нэмүү өртөг болгох уу. Энэ дээр л бид анхаар ч ажиллах хэрэгтэй байгаа юм.

Дотоод борлуулалтын хоёр зах зээл үйлдвэрлэгчдэд байгаа. Нэгдүгээрт Нарантуулын зах зээл. Нарантуулын зах зээл дээр жилд 6-8 их наяд төгрөг эргэлдэж байгаа. Чөлөөт зах зээл буюу гаалийн машинтай, гаалийн татвартай энэ зах зээл дээр үндэсний үйлдвэрлэгчид борлуулалт хийж чадахгүй байгаа. Хятадын барааны интервенцэд цохигдоод байна.

Нарантуулын зах зээл дээр жилд 6-8 их наяд төгрөг эргэлдэж байгаа.

Хоёр дахь зах зээл бол төрийн худалдан авалтын зах зээл. Энэ дээр 4-6 их наяд төгрөг эргэлдэж байгаа. Энэ мөнгөн эргэц үндсэндээ Хятадын, Солонгосын аж үйлдвэржүүлэлтийг дэмжих борлуулалт, хөрөнгө оруулалт болгоод сүүлийн 20, 30 жил явж ирлээ. Бид Үндэсний аж үйлдвэрлэлийн танхим дээр тооцоо хийж үзсэн. Сүүлийн 20 жил 20 тэрбум америк долларын худалдан авалтаар энэ бүс нутгийн орнуудын аж үйлдвэржүүлэлтийг борлуулалт, ажлын байраар дэмжсэн.

Дэлхий дахинд нээлттэй эдийн засаг, чөлөөт зах зээл гэж хэдий чинээ ярьж байгаа ч гэсэн бүс нутагт, бүх оронд эдийн засгаа хамгаалах, аж үйлдвэржилтээ хамгаалах бодлогыг хэрэгжүүлж байгаа. Солонгосын хөгжлийн жишиг бол эдийн засгаа хамгаалах бодлого гэж 10 жил хэрэгжүүлсэн. Эдийн засгаа дэмжих бодлого гэж 10 жил явсан. Эдийн засгаа экспорт руу чиглүүлэх гэж 10 жил явсан. Тэгж байж л Солонгос Улс Азийн бар болсон.

Гэвч Монголд эдийн засгаа хамгаалах бодлого гэж үндсэндээ алга. Тендерийн 4 их наядын худалдан авалт дээр анализ хийхэд 100 талх байлаа гэхэд 96 талхыг Хятад, Солонгосчуудад өгч байгаа манай дарга нар. Тэгээд 4 талх нь энд байгаа хэдэн хүмүүст тараагддаг. Тэгээд болоогүй тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгаа, банкны хүү гээд, за бараг босохгүй дээ. Ажил хийгээд өрөнд ороод, ажил хийгээд шоронд орох болдог. Нөхцөл байдал 30 жил ингэж явж ирлээ. Үүнд эрс шинэчлэлт хийх хэрэгтэй байна. Тиймээс хувийн хэвшлээс ажлын хэсэгт ормоор байна.

Монголчууд 27000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж авч хэрэглэж байна. Гэтэл бид 283 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжтай болчихсон байна.

Гурав дахь борлуулалтын зах зээл нь гадаад зах зээл. Гадаад зах зээл үндсэндээ нойл байгаа. Хятадууд манай бараан дээр 17-110 хувийн татвар, оросууд 20-63 хувийн татвар тавьчихсан. Солонгос, Япон бүгд стандартад хориг арга хэмжээ тавьчихсан. Тэгэхээр бид бараа бүтээгдэхүүнээ борлуулж амьдармаар байна. Эх орондоо юм хийж бүтээмээр байна. Монголчууд 27000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж авч хэрэглэж байна. Гэтэл бид 283 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжтай болчихсон байна. Социализмын үед бид 6000 нэр төрлийн бараа үйлдвэрлэдэг 115000 ажилчин ангитай хүчирхэг аж үйлдвэржсэн улс орон байсан юм.

Төрийн худалдан авалтын философио нэг өөрчлөөд өгөөч ээ. Хуулийн шиэнчлэлээр механик шийдлүүд хийсэн байна. Гэхдээ энэ мөнгөн урсгал хэн рүү чиглэх ёстой юм бэ. Авилгачид руу чиглэх ёстой юм уу. Хятад руу чиглэх ёстой юм уу. Эсвэл Монголын ард түмэн рүү чиглэх ёстой юм уу. Энэ тэнцвэрийг л олж харах ёстой шүү.

Би зургаан төрлийн санал хэлмээр байна:

  1. Ерөнхийдөө бидний төлж байгаа энэ татварын мөнгийг бидэнд зориулаач ээ л гэж гуймаар байна. Төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрийг дэмжих, дотоодын аж үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хуульд бүр тодорхой зааж өгмөөр байна. Жил бүр статистик гаргаж 4 их наяд төгрөгийн хэдэн хувийг Хятадын ажлын байр дэмжсэн, хэдэн хувийг дотоодын ажлын байр дэмжсэн, хэчнээн кластер жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн гэдэг тоо анализыг хуульд маш тодорхой заагаад шилэн дансаараа ард түмэндээ ил тод тайлагнах хэрэгтэй.
  2. Хоёрдугаарт, одоогийн энэ тендерийн хуулиар жижиг технологи, инноваци, ЖДҮ-г дэмжих ямар ч боломжгүй. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлийг тусгай бодлогоор дэмжихийг хуульд тусгайлан зааж өгөх хэрэгтэй байна. 10 сая төгрөгийн тендер авах гэж бөөн юм болж байхад 1 тэрбум төгрөгийн тендер зарлахад тендерт шалгарч байгаа ЖДҮ алга. 21 тэрбум төгрөгийн тендер зарлахад тендерийн баталгаа 210 сая төгрөг, гүйцэтгэлийн баталгаа 500 сая төгрөг, урьдчилгаа баталгаа 6 тэрбум төгрөг гэхээр монгол компанийг гарч ирэхгүй байна. Тэгэхээр л Хятадын компаниуд орж ирээд л нэг монгол хүүхнийг урдаа бариад бидний мөнгийг аваад явчихаад байна. Энэ асуудлыг өөрчилмөөр байна. Яг Казахстан, Солонгос, Япон шиг бодлогыг боловсруулмаар байна. Яагаад гэвэл Японд тендерийн хууль гэж байдаггүй. Манай тендерийн хууль бол хөгжингүй улс орнуудын хуулийн стандарт байгаа юм. Энэ намгаас эдийн засгаа татаж гаргахын тулд төр яах ёстой, төрийн албан хаагч яах ёстой вэ гэдэг дээр нэг баг болох ёстой.
  3. Гуравдугаарт, эх оронч худалдан авалт гэдэг зүйлийг 2019 онд хуульчилсан. Харамсалтай нь бүх шатандаа хэрэгждэггүй. Эх оронч худалдан авалтын урт хугацааны цахим тогтолцоо гэж байна. Жилийн өмнө 16 компанийн 36 бүтээгдэхүүнийг цахим тендертээ оруулж өгөөч ээ гэж Сангийн яаманд өгсөн боловч оруулж өгөөгүй.
  4. Дөрөвдүгээрт, ЖДҮ-ийн сангийн тендерээ багцлах асуудал байна. 10, 20 тэрбумын ажилд ЖДҮ-гийнхэн ордоггүй. Тэгэхээр багцалж хуульдаа тодорхой зааж өгмөөр байна.
  5. Тавдугаарт, мэргэжлийн холбоонуудаар дамжуулж худалдан авалтыг зохион байгуулъя гэж олон жил ярьсан. Мэргэжлийн холбоодод эрхийг нь өгөөд кластер байдлаар хөгжүүлье. Наад захын бараа бүтээгдэхүүн Эрээнээс зөөхөө болих хэрэгтэй. Төрийн худалдан авалт сүүлийн 30 жилд Эрээний эдийн засаг, авлигачдын халаасыг тэтгэж ирлээ. Энэ нүглээ одоо төрийнхөн цайруулах хэрэгтэй. Өөрсдөө үйлдвэрлэж чадна шүү дээ. Хүнс, арьс шир гэх мэт.
  6. Зургадугаарт, тендерт импортын компаниуд орж болно. Гэхдээ тендерийн баталгааны 1 хувь, гүйцэтгэлийн баталгааны 5 хувь, баталгаат төлбөрийн 30 хувиа тавих хэрэгтэй. Харин дотоодын компаниудын хувьд мөнгөөр биш, болж өгвөл үл хөдлөх хөрөнгөөр барьцаалж аваад зохицуулж болно. Итгэл найдварын тендер гэж гадаадад байдаг.

Сангийн яамны дэргэд тарифын зөвлөл гэж байдаг. 2015 онд Аж үйлдвэрийн яам байгуулсан. Тухайд үед би Сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Ижил төрлийн импортын барааны татварыг 5-20 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Түүнээс хойг нэг ч бараа үйлчилгээний хамгаалалтын татвар тавиагүй. Тэгэхээр тарифын зөвлөлийг хуралдуулаач ээ. Тарифаар хамгаалалтаа хийх хэрэгтэй.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Илон Маск дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүнээр тодорлоо

Өмнөх нийтлэл

Санхүүгийн төлөвлөлтийг үр өгөөжтэй болгодог 3 хүчин зүйл

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.