PMI Chapter Mongolia-гаас зохион байгуулсан “Төслийн эдийн засгийг хөгжүүлэх нь” арга хэмжээн дээр тавьсан илтгэлийн тойм.

Манай компани венчур студи хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг Монголын анхны компаниудын нэг. Үүсгэн байгуулагдаад дөрөв гаруй жил болох хугацаандаа бид Shoppy, Coinhub, UBCab, Mezorn, Joinme.mn зэрэг том, жижиг 15 компанийг бойжуулж, 200 орчим ажилтан, 2000 гаруй харилцагч компаниудтай хамтран ажиллаж байна. Маш товчоор танилцуулбал, Intelmind компани технологид суурилсан төслүүдийг хэрэгжүүлж, зах зээлд нэвтрүүлж, улмаар олон нийтэд танилцуулдаг. Нэг үгээр, санаан дээр суурилж технологио угсардаг. Өнгөрсөн хугацаанд манай компани бүхнийг ажайл аргачлалаар хийж ирсэн. Хэрэв бид уламжлалт арга барилаар ажилласан бол ийм үр дүнд хүрч чадахгүй байсан. Энэ утгаараа бид бага, хязгаарлагдмал нөөцөөр ихийг амжуулсан гэсэн үг. 

Өнөөдрийн ертөнцөд компаниуд бүхэлдээ ажайл байгууллага болж хувирах шаардлагатай тулгараад байна. Компани бүхэлдээ ажайл болохгүйгээр аль нэг удирдлага, захирал, алба хэлтэс ажайл боллоо гээд үр дүнгүй. Ажайл удирдлагын тогтолцоо буюу компани дахь хүмүүс, соёл, манлайлал, стратеги гээд бүхэлдээ ажайл болж, цогц байдлаар ажиллаж байж үр дүнд хүрнэ.  

Уламжлалт байгууллагууд дээрээс тушаал гаргаж, түүнийгээ доош дамжуулж, улмаар хэрэгжүүлэх байдлаар ажилладаг. Харин ажайл байгууллага баг, бүлэг болж ажилладгаараа онцлог. Манай компанийн хувьд анхнаасаа гэр бүл шиг байх зарчмыг барьж ажилласан. Жишээлбэл, компани дотор маань намайг захирлаа гэж дууддаг хүн байхгүй. Бүгд л Мэндээ ахаа гэж дууддаг. Бид олон багт хуваагдан ажилладаг. Өөрөөр хэлбэл, ажайл буюу бие организм шиг хувьсаж, нэгдэж ажиллаж чаддаг компанийг бүтээх хэрэгтэй. Зөвхөн аль нэг хэсэг нь ажайл байвал үр дүн гарахгүй. 

Тэгвэл ажайл байгууллага болохын тулд 

  1. Загварчлалаа өөрчлөх 
  2. Хүмүүст эрх мэдэл өгч сурах
  3. Хамтын ажиллагааг дэмжих 
  4. Харилцагчтайгаа ярилцаж, асуудлыг хамтдаа шийдэх байдлаар компанийнхаа үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулж, өөрчлөх
  5. Шинэ зүйл сурч, туршиж, түүнийгээ хэрэглэгчдэдээ чин сэтгэлээсээ зөвлөж ажиллах
  6. Эцэст нь, ажайл соёлыг бүтээх ёстой. Асуудлыг шийдэх аргачлалаа ажайл буюу хэт баригдмал биш болгох.  

Ажайл аргачлалыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд зорилтуудаа зөв тодорхойлох ёстой. Ингэхийн тулд богино хугацааны зорилтууд тавьж, тэдгээрийг багууддаа хуваарилан өгч, маш хурдан эргэж ажиллах хэрэгтэй болдог. Дэлхийн томоохон технологийн компаниуд энэ аргыг маш их ашиглаж байна. Жишээлбэл, Google компани энэ аргыг байгууллагадаа нэвтрүүлсэн анхдагчдын нэг.  

Уламжлалт байгууллагаас ялгарах шинж:

Ажайл аргачлалаар шинэ санаа, сэдэл богино хугацаанд хувьсах хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, болохгүй бол сольж, өөрчилж, шинийг туршиж үздэг гэсэн үг. Гол нь энэ арга барилаа хэзээ ч алдахгүй, байнгын шинэчилж ажиллаж байх ёстой. 

Хэрэглэгчийн туршлага болон үйл явц, туршилтуудыг нэгэн зэрэг хослуулан авч явах шаардлагатай. Нэг нь ажиллаж, нөгөө нь зогсож болохгүй. Эсвэл нэг нь нөгөөгөө хөгжүүлдэг гэх мэт байдлаар ажиллавал уналтад улам бүр дөхнө.

Уламжлалт байгууллагаас ажайл компанид орж ирэхэд бужигнасан мэт харагддаг ч дотоод ажлууд нь маш хурдан, эргэх холбоо сайтай, мэдээллүүдээ хурдтай солилцож чаддагийг удалгүй анзаарах болно.  

Богино хугацаанд ихийг сурдаг, хурдан өсөж дэвждэг, магадгүй өөрийн боломжоо хурдан бий болгож, бизнесээ босгох бололцоо харьцангуй нээлттэй байдаг зэргээс шалтгаалан залуучууд том компанид гэхээс илүү стартапуудад ажиллах сонирхолтой болоод байна. 

Ажайл байхын давуу талууд:

Ажайл аргачлалыг зөв хэрэгжүүлбэл бүтээмж, чанар сайжирч, орлого нэмэгдэхээс гадна зах зээлд шууд гаргаж, турших хурд асар өсдөг. Товчхондоо, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ заавал төгс байлгах гэж хэт хичээх шаардлагагүй. Харин ажайл аргачлалаар зах зээл, хэрэглэгчидтэйгээ байнгын холбоотой ажиллаж эхэлнэ гэсэн үг. 

Тухайлбал, Apple компани зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бус хүмүүсийг өөр хооронд нь холбоно гэж зорилго, стратеги арга барилаа үндсээр нь өөрчилсний үр дүнд хоёр их наядын үнэлгээтэй болж, бусдаасаа хол тасрахын зэрэгцээ өөрийн гэсэн экосистем, хэрэглэгчийн супер туршлагыг бий болгож чадсан.    

Тэгэхээр компаниуд юуны түрүүнд “Танай компани яг юу хийдэг вэ?”, “Ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог вэ?”, “Ямар зорилготой вэ?”, “Хэрэглэгчдэдээ ямар үнэ цэн өгөх вэ?”, “Багийнхантайгаа хэрхэн хамтран ажиллаж, эцсийн хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх вэ?” гэсэн асуултуудад зайлшгүй хариулах шаардлагатай. Дэлхий дээрх бүх амжилттай компани яг энэ дүрмийн дагуу ажилладаг. Энэ бол орчин цагийн бизнесийн алтан дүрэм. Монголд ч мөн тодорхой тооны компани үүнийг хэрэгжүүлж, энэ дагуу ажиллаж буй ч, харамсалтай нь хангалттай олон биш байна. 

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Цолмон

Бизнесийн ёс зүй – Орчин үеийн бизнесийн амин сүнс

Өмнөх нийтлэл

Компанидаа тохирох ажилтныг яаж олох вэ? (№130)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.