МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвөөс “Бизнесийн ёс зүйн талаарх олон нийт тэр дундаа бүх түвшний бизнес эрхлэгчдийн ойлголтыг нэмэгдүүлж, ёс зүйтэй бизнес эрхлэгч болоход сэдэлжүүлэх, сайн туршлагыг түгээх” зорилгоор ЁС ЗҮЙ – ТОГТВОРТОЙ БИЗНЕС аяныг 11 сарын 15-аас 12 сарын 3-ны хооронд өрнүүлж байна. Уг аяны хүрээнд үндэсний хэмжээний групп компанийн төлөөлөл болох Таван Богд Группийн Хуулийн зөвлөх Т.Солонготой бизнесийн ёс зүйтэй үйл ажиллагаа, сайн жишгийн талаар ярилцлаа.

Түүнчлэн МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын үндэсний зөвлөл болон Бизнесийн ёс зүйн төвөөс “Комплаенс, бизнесийн ёс зүй анхдугаар чуулган”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд Таван Богд Группийн хамт олон, удирдлагуудад үйл ажиллагаандаа бизнесийн ёс зүйн дүрмийг хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдэд зөв үлгэр үзүүлж ажилладагийг онцлох хэрэгтэй байх. Та бүхэн үйл ажиллагаандаа ёс зүйн дүрмийг нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцаач? Мөн үр дүнгийн талаар? 

Таван Богд Групп ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хамгийн гол шалтгаан бол урт хугацаанд тогтвортой хөгжил, үнэ цэнийг бүтээх бодлого байсан. Энэхүү алсыг харсан стратегийн хүрээнд бид бусад компанийн дүрмийг хуулбарлах бус өөрсдийн үйл ажиллагааны эрсдэлийг хэмжиж, үйл ажиллагаа, алсын хараа, үнэт зүйлстэйгээ уялдуулсан дүрэм баталсан. Ёс зүйн дүрмийг хэрэгжүүлж ажиллах ач холбогдлыг олж харан нэвтрүүлж, бодитоор хэрэгжүүлж ажиллаж чадаж байгаа нь бидний сайн туршлага гэж хардаг. Мөн тухайн дүрэм журмын хэрэгжилт нь удирдлагын сайн манлайллаас хамаарч хэрэгжих эсэх, тухайн байгууллагын соёл болон тогтох эсэх нь хамаардаг. Манай нийт удирдлагууд энэхүү манлайллыг маш үлгэр жишээчээр хэрэгжүүлдэг тул бид өнөөдрийн энэ амжилтад хүрсэн гэж хэлж болно. Бизнесийн ёс зүйн дүрмийг нийт ажилтнууд маань мэддэг, энэ хүрээнд юуг хийж болох, юуг хийж болохгүйгээ бүрэн ойлгодог, эрсдэл үүссэн нөхцөлд дүрмийн дагуу мэдээлэх,  мэдээллийг хянан шалгаад шийдвэрлэх ил тод тогтолцоо бүрэлдсэн нь бидний үр дүн юм.

Ер нь яагаад бизнесийн байгууллага ёс зүйн дүрэмтэй, түүнийг хэрэгжүүлж ажилладаг байх ёстой вэ?

Бизнесийн ёс зүйн дүрэм хэрэгжиж эхлээгүй байхад үүсдэг хүндрэл бэрхшээл гэвэл төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах хэм хэмжээ тодорхой бус, авлига хээл хахуулийн тухай ойлголт дутмаг, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх үү, юу хийж болох, болохгүй талаарх мэдээлэл маш хангалтгүй байдаг л даа. Товчхондоо, бид бизнесийн ёс зүйн дүрэмтэй ажилласнаар шударга бус гадны хүчин зүйлстэй тэмцэж байна гэсэн үг юм уу. 2020 оны Бизнесийн орчныг сайжруулахад тулгамдаж байгаа гол асуудлууд  судалгааны дүнгээр

  • Бодлогын тогтворгүй байдлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэж судалгаанд оролцогчдын 54 хувь нь дүгнэсэн.  
  • Төрийн байгууллагын хүнд суртал, авлига хээл хахуулийг зогсоох ёстой гэж тус судалгааны мөн 37-38 хувь нь тодорхойлсон. Учир нь энэ байдал шударга өрсөлдөөнийг хязгаарладаг. 
  • Мөн 35 хувь нь хариуцлагагүй, хууль хэрэгждэггүй байдлыг зогсооё нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай гэж хариулсан байна.

Хууль батлаад тэр нь хэрэгждэггүй, дагалдах дүрэм журмууд нь хоцорч гардаг, эсхүл гарахгүй байснаар төрийн болон албан тушаалтны үзэмжээр асуудал шийдвэрлэх боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр сүүлийн үед яригдаад байгаа #Double_standart гэдэг асуудал үүсдэг. А компанид нэг өөрөөр, Б компанид нэг өөрөөр хууль дүрэм журам үйлчилдэг ойлголт. Энэ нь өөрөө бизнесийн ёс зүйд сөргөөр нөлөөлж эхэлдэг.

Тухайн компани өөрийн үйл ажиллагаа, алсын хараа, үнэт зүйлстэйгээ уялдуулан бизнесийн ёс зүйн дүрмээ тодорхойлоод батлаад авлаа гэж бодъё. Гол нь яг үйл ажиллагаандаа шингээж хэрэгжүүлэх, соёл болгон тогтоохын тулд нэлээд ажиллах ёстой. Таван Богд Групп энэ тал дээр юу хийдэг вэ?

Бидний хувьд ёс зүйн соёлыг бүрдүүлэхэд сургалт хамгийн чухал ач холбогдолтой гэж үздэг. Олон ч сургалт зохион байгуулдаг. Жишээ нь: 

  • Шинэ ажилтны чиглүүлэх сургалтын хөтөлбөртөө – Бизнесийн ёс зүйн дүрмийн анхан шатны мэдлэг олгох сургалт 
  • Нийт ажилтнуудын дунд мэдлэг олгох сургалт 
  • Гүйцэтгэх удирдлагын сургалт гэх мэтчилэн үе шаттай сургалтууд ордог.  

Түүнчлэн компанийн соёл нь удирдлагын манлайллаас хамаардаг тул удирдлагын сургалтад ихээхэн ач холбогдол өгдөг. Тиймээс дотоод сургалт гэхээсээ илүү мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Жишээ дурдахад, Сүүлийн хоёр жил дараалан АТГ-н Урьдчилан Сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсээс маш үр дүнтэй, чанартай сургалт авсан.

Бизнесийн ёс зүйн дүрэм гээд ярихаар хувь нэг ажилтнаас хол хөндий, удирдлагын түвшинд л хамаатай зүйл шиг ойлгох нь элбэг. Танай компанийн 11,000 гаруй ажилтанд бүгдэд нь ёс зүйн дүрэм хамааралтай гэдгээ яаж ойлгуулдаг вэ? Ажилтнууд хангалттай хэмжээнд ойлгож, хэрэгжүүлж чадаж байна уу?

Тийм ээ, Бизнесийн ёс зүйн дүрэм гэдэг зөвхөн удирдлага биш бизнесийн байгууллагад ажиллаж буй ажилтан бүрд хамааралтай том ойлголт. Бид мэдээж сургалт ороод л орхичихгүй. Дүрмээ соёл болгох үүднээс:

  • Группийн нийт охин компаниудын дунд “Ёс зүйг эрхэмлэгч Таван Богдчууд” аяныг зарлан, видео уралдаан хийж байлаа. Ажилтнуудыг татан оролцуулах ийм төрлийн аян, уралдаан маш үр дүнтэй байдаг. Учир нь өөрийн компанийн онцлогтоо тааруулан Бизнесийн ёс зүйн дүрмийг хөрвүүлэн, хэрхэн ёс зүйн зөрчилгүй ажиллах вэ гэдгийг ажилтнууд өөрсдөө сэтгэн бодож гаргаж ирээд, тэр нь соёл болж хэвшихдээ хялбар бөгөөд хурдан юм.
  • Дүрмийг нээлттэй ил тод байлгах, ажилтан бүр олж унших бололцоог хангаж дотоод сүлжээндээ байршуулсан. 
  • Харилцагч байгууллагуудтайгаа шударга ажиллах үүднээс “Бид авлига хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллана” гэдгээ мэдээлдэг. Мөн “Шүгэл үлээх тогтолцоо”-г бий болгосон тусгай цахим хаяг, санал авах хайрцаг ажиллуулах гэх мэтээр хамтран ажиллаж байна. Эргээд ирсэн мэдээлэл гомдлыг шударгаар шийдвэрлэх, шийдвэрийг буцааж мэдээлэх тогтолцоог бүрдүүлсэн.

Бидний зорилго бол зөрчлийг барьж авч хэн нэгэн хүнийг шийтгэх биш, тухайн зөрчлийг дахин давтан гаргахгүйн тулд бусад ажилтнууддаа мэдлэг мэдээлэл өгч, соёлыг түгээх нь чухал гэж үздэг. Тиймээс хувь хүний хөгжил төлөвшилд хувь нэмэр оруулах маш олон ном орчуулж, ажилтан бүрдээ өгдөг.

Таван Богд Групп МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвийг үүсгэн байгуулагдсан цагаас нь хамтран ажиллаж ирсэн. Ач холбогдол нь юу гэж харж байна вэ?

Манай компани тус төвийг байгуулагдсан цагаас эхлэн хамтран ажиллаж, сургалт болон судалгаанд хамрагдан, шинэ мэдлэг мэдээлэл авч, үйл ажиллагаанд нь ач холбогдол өгч оролцдог. Саяхны жишээ гэхэд л сүүлд зохион байгуулсан сургалтад нь группийн хуулийн зөвлөхүүдийн төлөөлөл хамрагдсан. Сургалтаас олж авсан мэдлэгээ группийн хэмжээнд бизнесийн ёс зүйг түгээх, соёлыг бүрдүүлэхдээ ашиглаж байна. 

Бизнесийн ёс зүйн төвийг бизнесийн орчны ил тод, шударга, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн дүрэм, журам, стандартыг бий болгох, бизнесийн байгууллагуудад ёс зүйн дүрэм боловсруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, олон нийтийг мэдлэг мэдээлэл, сургалт гарын авлагаар хангах үүрэг бүхий төрийн бус байгууллага гэж ойлгодог. Таван Богд Групп цаашид Бизнесийн ёс зүйн төвтэй хамтран өөрсдийн дүрмээ олон улсын чиг хандлагатай уялдуулан сайжруулж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгжүүддээ үлгэр жишээ болох зорилготой байна. Энэ нь эргээд Монгол Улсын хэмжээнд бизнесийн ёс зүйтэй компаниуд олноор бий болох, бизнесийн орчин илүү таатай болоход бодит хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Таван Богд Групп цаашид Бизнесийн ёс зүйн төвтэй хамтран өөрсдийн дүрмээ олон улсын чиг хандлагатай уялдуулан сайжруулж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгжүүддээ үлгэр жишээ болох зорилготой байна.

Бизнесийн ёс зүйтэй ажиллахын хамгийн гол давуу, ашигтай талыг Таван Богд Групп юу гэж харж байна?

 “Ёс зүй гэдэг нь хүн юу хийх, юунаас татгалзах ёстойг судалдаг ухааны нэр” хэмээн ёс зүйн ойлголтыг үндэслэгч Аристотель хэлсэн. Харин бизнесийн ёс зүй гэдэг нь хуулийн хүрээнд өөрийнхөө үйл ажиллагааг үр дүнтэй явуулах чадвартай, үнэнч, шударга хариуцлагатай байдал дээр тулгуурласан ажил хэргийн соёл юм. 

Бизнесийн ёс зүйтэй байснаар олон нийтийн дунд ёс зүйтэй компани гэсэн брэнд бий болгоно. Таван Богд Группийн алсын хараа бол “Хүн бүрийн эхний бас үнэнч сонголт нь байх”. Тэгвэл компани ёс зүйтэй байснаар хэрэглэгч, хамтрагч болон ажилтнуудынхаа ҮНЭНЧ сонголт байж чадах юм. 

Харин дотооддоо амар тайван байдал бий болгоно. Учир нь хэн ч буруу зүйл хийлээ, одоо яах бол, хэрхэх бол гэсэн айдасгүйгээр ажиллана. Мэдээж дагаад олон ач холбогдолтой

  • Үр ашиггүй зардал буурна 
  • Тогтвортой үйл ажиллагаатай болно 
  • Хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдэнэ 
  • Компанийн үйл ажиллагааны эрсдэл буурна 

Тэгвэл ёс зүйтэй ажилтан гэж хэн бэ? Ажилтнуудаа ёс зүйтэй байлгахын тулд хүний нөөцийн бодлого, компанийн соёлдоо юуг тусгах ёстой вэ?

Ёс зүйтэй ажилтныг тухайн байгууллагын соёл, удирдлагын манлайллаар бий болгож төлөвшүүлдэг. Өөрийн ажилладаг компанийн алсан хараа, үнэт зүйлс, зорилгыг ойлгож ухаарсан, түүнд хүрэхийн тулд бүхий л чадлаараа ажил үүргээ гүйцэтгэдэг, бусдын эрх ашгийг хүндэтгэдэг, зөв зүйл хийхийг л эрмэлзэж хичээдэг ажилтан. Хүний нөөцийн бодлогын хувьд эрх тэгш, шударга, ил тод л байдлыг тусгах нь хамгийн чухал. Учир нь тухайн байгууллагад эрх тэгш байдал байхгүй бол ёс зүй яригдахгүй. Асуудлыг үнэн зөв, шударгаар шийддэггүй бол мөн л ёс зүй байхгүй.

Компанийн нийгмийн хариуцлага гэхээр л ихэнхдээ сайн үйлсийн аян, хандив тусламжаар ойлгодог. Гэтэл бизнесийн байгууллага хууль дүрэм журам стандартад нийцсэн, шударга, бизнесийн ёс зүйтэй ажиллах нь ч нийгмийн хариуцлага гэсэн ойлголтод багтдаг. Энэ талаар?

Бизнесийн ёс зүйтэй байснаар бусад аж ахуйн нэгжүүдээ зөв үлгэрлэнэ, аж ахуйн нэгжүүд олноороо ёс зүйтэй байвал бизнесийн орчин сайжирна, бизнесийн орчин сайжирснаар улсын эдийн засаг сайжирна, эдийн засаг сайжирснаар тулгамдаад буй дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарууд хөгжинө, эдгээрийг дагаад нийгэм сайхан болно шүү дээ. Компани цаг хугацаанд нь, үнэн зөвөөр нь татвараа төлөх ч нийгмийн хариуцлага, мөн бизнесийн ёс зүй. Таван Богд Групп 2021 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд 130 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн. Энэ нь Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй 20,000 эмч, цагдаагийн хагас жилийн цалинтай тэнцэж байгаа юм. Мөн сүүлийн жил гаруйн хугацаанд 3.6 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм, боловсрол, эрүүл мэнд, байгаль экологийн салбарт зарцуулсан. Энэ бүгд нийгмийн хариуцлага бөгөөд групп компанийн хувьд ёс зүйтэй ажиллаж буй бодит жишээ.

Цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа. Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?

Таван Богд Групп аливаа үйл ажиллагааг PDCA тогтолцооны хүрээнд явуулдаг. Энэ нь “төлөвлө, хий, хяна, сайжруулаад дахин хий” гэсэн тогтолцоо. Бид ёс зүйн дүрмээ батлаад орхих бус байнгын PDCA-н хүрээнд үйл ажиллагаатайгаа уялдуулан зохион байгуулдаг. Таван Богд Группийн нийт ажилтан, удирдлагууд маань ёс зүйн талаарх ойлголт, мэдлэг мэдээлэлтэй байж, ёс зүйн соёлыг компанидаа бэхжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулдагт, дэмждэгт баяртай байна. Бусад аж ахуйн нэгжүүдийгээ ч мөн адил бизнесийн ёс зүйтэй, түүнийгээ хэрэгжүүлж ажилладаг байхыг уриалмаар байна. Түүнчлэн комплаенс, бизнесийн ёс зүйн ойлголтыг нийгэмд түгээн дэлгэрүүлэхэд манлайлан ажиллаж байгаа МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвийн хамт олонд талархал илэрхийлье. Бид үлгэр жишээ үзүүлэхүйц найдвартай, хариуцлагатай байхыг өдөр тутамдаа үлгэрлэн ажиллах болно.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Маркетингийн эвентийг үр дүнтэй зохион байгуулах тактикууд

Өмнөх нийтлэл

Frontier Fintech Summit 2021: Финтек бол өрсөлдөх чадвар

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.