Аливаа төслийн хувьд хүний нөөц нь хамгийн чухал асуудал бөгөөд төсөлд оролцогчид нь өмч хөрөнгө эзэмшигчид, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид, бэлтгэн нийлүүлэгчид, гэрээлэгчид, боловсруулагчид буюу төслийн багийн гишүүд, засгийн газрын байгууллагууд, хэрэгжүүлэгчид зэрэг сонирхлын бүлгүүдээс бүрддэг. Эдгээрээс хамгийн чухал нь төслийн баг хамт олон юм.

Төслийн хүний нөөцийн тухай ойлголт нь дараах чиглэлүүдийг хамардаг. Үүнд:

  • Манлайлал, харилцаа, хэлцэл;
  • Төлөөлөн гүйцэтгүүлэх, мотивацийг хэрэгжүүлэх, сургалт, хөгжлийн зэрэг хувь хүнтэй холбоотой ойлголтууд;
  • Баг бүрдүүлэх, зөрчлийг шийдвэрлэх, баг бүлэгтэй холбоотой бусад ойлголтууд;
  • Гүйцэтгэлийг үнэлж дүгнэх, ажилд сонгон шалгаруулж авах, хөдөлмөрийн харилцаа, эрүүл ахуй, аюулгүйн дүрэм журмууд зэрэг бусад ойлголтууд.

Төсөл боловсруулж албан ёсны баримт бичиг болгон захиалагчдад шилжүүлэх нь төсөл боловсруулагч багийн үндсэн үүрэг мөн. Төслийн албан ёсны баримт бичгийг хүлээж авснаар захиалагч уг төслөө хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

Тухайн төсөл дээр ажиллах ажилтнууддаа мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор гарын авлага, бусад бичиг баримтыг бэлтгэх шаардлагатай. Төслийн багийг бүрдүүлэхдээ ямар ажлыг хэн хийж чадах вэ гэдгийг ангилж үзэх шаардлагатай. Үүнд дараах хүчин зүйлсийг харгалзаж болно:

  • Өмнөх туршлага – Ганцаарчлан болон багаараа ажиллаж байсан эсэх, тухайн ажлын үр дүн хэр байсан бэ гэх зэрэг,
  • Хувийн сонирхол – Хувиараа болон багаараа энэ төсөлд ажиллах сонирхолтой эсэх?,
  • Хувийн зан чанар – Энэ багт орж ажиллах сонирхол хэр байна вэ?,
  • Боломжит байдал – Ажиллах цаг хугацааны болоод бусад боломж хэр байна вэ?

Мөн төслийн багийн гишүүн дараах ур чадваруудыг харгалзан үзэх ёстой. Эдгээр нь

  1. Техникийн ур чадвар: Ажил үүргийг гүйцэтгэхдээ мэргэжлийн мэдлэг, ур дүй, туршлага, үйл ажиллагаанд шаардлагатай нөөцийг үр өгөөжтэй ашиглах чадвар юм. Тухайлбал, тогтоол шийдвэр гаргах, гэрээ хэлцэл байгуулах, төсөл төлөвлөгөө боловсруулах, дүн шинжилгээ хийх, илтгэх, хяналт тавих зэрэг болно.
  2. Харилцааны ур чадвар: Бусдад ойлгомжтойгоор санал бодлоо илэрхийлэх, бүрэн зөв ойлголцсон эсэхээ нягтлах чадвар юм. Төслийн менежер нь ажлын цагийнхаа ихэнх хувийг хүмүүстэй  харилцахад зарцуулдаг бөгөөд хамт олныг идэвхжүүлэн манлайлж,   тэдэнд нөлөөлөх ур чадварыг эзэмших зайлшгүй шаардлагатай.   Иймд ярих, бичих, унших, сонсох чадвараа хөгжүүлэх нь чухал.
  3. Хүнтэй ажиллах эв зүй, ур чадвар: Хүмүүстэй хамтран ажиллах, бусдыг ойлгох, бусадтай харилцан тухайн нөхцөлд зохицсон зөв, оновчтой шийдвэр гаргах чанар юм.
  4. Сэтгэн бодох, сэтгэлгээний ур чадвар: Асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд шинжлэх ухаанч хандлага, менежментийн арга аргачлалуудыг ашиглах чадавхи юм.
  5. Шийдвэр гаргах ур чадвар: Шийдвэрийн түвшин янз бүр байж болох ч шийдвэр бүхэн байгууллагын зорилгод хүрэхэд илүү чиглэгддэг. Зөв шийдвэр гаргаж чаддаг байх нь сэтгэлгээний ур чадвар, харилцааны ур чадвар, хүнтэй ажиллах эв дүй, ур чадварыг шаарддаг.
  6. Онолын мэдлэг, чадвар: Байгууллагын хэсэг, нэгж бүрийн үйл ажиллагааг байгууллагын зорилгод хүргэхүйц үйл ажиллагаанд нэгтгэн чиглүүлэх чадавхи чухал байдаг.

Төслийн цар хүрээ, шинж чанараас хамааран тэдгээрийн хэрэгжилтэд нэгээс хэдэн арав, зуун байгууллага, мэргэжилтнүүд оролцож болох юм. Төслийн хүний нөөцөд уг төсөлд оролцогч-сонирхлын бүлгийг өргөн хүрээнд хамруулан авч үздэг бол төсөл хэрэгжүүлэгч нэгжийн хувьд төслийн баг, удирдагчийг томилох эсвэл сонгон шалгаруулах аргуудын алийг нь ашиглахыг зөв шийдвэрлэхийг чухалчилдаг. Тухайн төслийн зорилго, цар хүрээ, бусад өвөрмөц онцлогийг харгалзан удирдагчийг томилсон тохиолдолд тухайн хүн нь өөрийн итгэл, үнэмшил, үнэт зүйлс, үүрэг хариуцлага дээр тулгуурлан багаа бүрдүүлэх нь түгээмэл, харин сонгон шалгаруулалтаар сонгогдсон удирдагчийн хувьд төслийг хариуцагч талын шалгуур үзүүлэлтийг баримтлан багийн бусад гишүүдийг бүрдүүлнэ.

Орчин үед төслийн багийн үйл ажиллагаанд синержи үр нөлөөг бий болгох, төслийн удирдагчдыг төслийн багийн манлайлагч болгох, манлайлах ур чадвартай, мэргэшсэн хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэх явдал чухал болж байна. Мэдээж, барилгын төслийн хувьд төсөвчид, барилгачид, хангамжийнхан, харин шинжлэх ухааны судалгааны төслийн хувьд шинжээч, судлаач, тухайн мэдлэгийн хүрээний мэргэжилтнүүдийг татан оролцуулж, мэргэшсэн чиглэлээр нь үүрэг, хариуцлагын хуваарилалт хийнэ.

Хамгийн уян хатан, өөртөө болон хамтран зүтгэгчиддээ итгэл хүлээлгэж итгэлцлийг бий болгосон, багийн гишүүддээ өөрийгөө удирдах чадамжийг нь дээшлүүлэх боломжийг олгож чаддаг зэрэг үнэт чанаруудаар нь манлайлагчдыг онцолж үзэх хандлага хөгжиж байна. Түүнээс гадна багийн оновчтой бүтцийг бий болгох, ажилтнуудын нарийн мэргэшсэн байдлыг хангах, гадаад хяналт ба багийн бие даасан байдлыг зөв зохицуулах зэрэг нь багийн жинхэнэ манлайлагчийн л хийж гүйцэлдүүлэх үйл хэрэг болохоос бус ямар нэгэн нам, эвслийн лобби, шахалтаар томилогдсон “дарга” албан тушаалд дурлагчдын ажлын талбар биш юм.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 2.00 out of 5)
Loading...
Өнөржаргал Цэнгэл
Менежментийн үндэсний зөвлөх

Ажилтныхаа ур чадвар, өгөгдлийг хэрхэн бүрэн дайчлах вэ?

Өмнөх нийтлэл

Соёлын салбарын зах зээлийг тоогоор

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.