Төслийн менежментийн таван үе шатыг нөгөө талаар цагийн менежмент ч гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бүх зүйл цаг хугацаанд суурилж хэрэгждэг учраас төслийн агуулгыг цаг хугацаатай зөв уялдуулах хэрэгтэй гэсэн үг. 

Аливаа төслийг хэрэгжүүлэхэд маш олон асуудал тулгардаг. Эдгээртэй нэгэн зэрэг тулснаас илүү цаг хугацааны дэс дараалалд оруулж, эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, дуусгах буюу хаах гэсэн тодорхой үе шатад хуваарилснаар ачааллыг бууруулдаг. Ингэснээр аль үе шатанд байгаагаас хамаарч, зөвхөн тухайн шатны асуудалтай л нүүр тулж, шийдвэр гаргах үйл явц өрнөнө. Эндээс менежмент бол шийдвэр гаргах, асуудлыг шийдэх ухаан гэдгийг харж болно. Тэр дундаа, шийдвэрийг тухай бүрт бус урьдчилан гаргах тухай юм. Мөн төслийн менежментийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгждэг тогтсон стандарт, аргачлалыг ашиглах тусам байнгын гал унтраах, хэрэгцээгүй ажлууд багасдаг. Учир нь аливаа төслийг хэрэгжүүлэх явцад гал унтраах ажил маш их гардаг. 

Төслийн амьдралын мөчлөг:
  1. Эхлэх – Шинэ санаа, баг байгуулах, урьдчилсан судалгаа, шинжилгээ, загварчлал
  2. Төлөвлөх – Төслийн удирдлагын төлөвлөгөө, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төслийн маркетингийн төлөвлөгөө, төслийн логистик төлөвлөгөө, төслийн санхүү, хөрөнгө оруулалт гэх мэт.
  3. Хэрэгжүүлэх – Хөрөнгө оруулалт татах, дэд бүтцийг шийдвэрлэх, барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөц бүрдүүлэлт, туршилт
  4. Хяналт сайжруулалт – Гадаад хяналт, дотоод хяналт, засварлах, сайжруулах
  5. Дуусгах, хаах – Төслийг төгсгөх баримт бичгийг бүрдүүлэх, удирдлагыг шилжүүлэх, нөөцүүдийг шилжүүлэх, төслийг эцсийн тайлан бичих

Төслийг амжилттай хэрэгжүүлэх олон аргачлал, ойлголт байдгаас дэлхийн түвшний төслийн менежерүүд дараах гурвыг чухалчлан авч үздэг. Үүнийг өөрөөр “Төслийн төмөр гурвалжин” ч гэж нэрлэдэг. 

Төслийн төмөр гурвалжин:
  1. Ажлын агуулгыг зөв тодорхойлох 
  2. Өртөг зардлыг тодорхойлох
  3. Цаг хугацааг тодорхойлох 

Бид төслийн агуулгыг зөв тодорхойлж чаддаггүйгээс төслийн үйл явц маш ерөнхий, тодорхойгүй байдаг. Үүнээс шалтгаалан зардал, цаг хугацаа ч тодорхойгүй болдог. Тиймээс өөр хоорондоо нягт уялдаа холбоотой эдгээр хүчин зүйлийг ямар ч тохиолдолд хөдөлшгүйгээр тодорхойлох нь тун чухал. Ингэж чадсан эсэхээс төслийн амжилт хамаардгийг Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэнгийн захирал Ц.Өнөржаргал хэлж байна. Тэрбээр төслийн менежмент, стратеги удирдлагаар мэргэшиж, санхүү, гааль, татвар, газрын харилцаа, эрүүл мэнд, урлаг, уул уурхай зэрэг олон салбарт стратеги боловсруулсан туршлагатай. Харин төслийн менежментийн чиглэлээр бизнесийн байгууллагууд ТЭСО, Макс, Очир-Ундраа, МCS зэрэг групптэй хамтран ажиллаж байснаас гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг сайжруулах, экспортыг дэмжих чиглэлээр цөөнгүй төслүүдэд хувь нэмрээ оруулан ажиллаж буй. Ц.Өнөржаргал Монголын төр, бизнесийн салбарын хөтөлбөр төслүүдэд тулгамдаж буй асуудлуудыг дараах байдлаар тодорхойлж байна. Эдгээр асуудлыг бууруулж, цэгцлэхэд төслийг амжилттай хэрэгжүүлэх талаар дээр дурдсан таван алхмыг юун түрүүнд мөрдөх шаардлагатайг тэр онцолсон юм. 

Дотоодын төслүүдэд тулгамдаж буй асуудлууд: 
  • Агуулга, иж бүрдэл тодорхой бус 
  • Өртөг зардал тодорхой бус
  • Цаг хугацаа тодорхой бус
  • Стандарт тодорхой бус
  • Харилцаа, хамтын ажиллагаа тодорхой бус
  • Гэрээ, хэлэлцээр тодорхой бус 
  • Эрсдэл тодорхой бус
  • Хүний нөөц тодорхой бус 

Энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарт “Төслийг амжилттай хэрэгжүүлэх 5 үе шат” сэдвээр Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэнгийн захирал Ц.Өнөржаргал өөрийн туршлагаа хуваалцан оролцсоныг  бүтнээр үзэх бол  энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Төслийн менежментийн институтын зөвлөх М.Билгүүндэмбэрэл “Бизнесийн стратегид суурилсан төслийн удирдлага” сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.  

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Онлайн сурталчилгааны шинэ соёл – “Зэс койн”

Өмнөх нийтлэл

Жан Вигстен: Монголд ирэх жуулчдын тоог бус өгөөжийг нэмэгдүүлэх нь илүү үр дүнтэй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.