“Онлайм Нетворк” болон “КоллПро” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Тулга
– BusinessMN сэтгүүлийн 11 дүгээр сарын дугаар (№36) -ын ковер нийтлэл –
Монголоос технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортлох бүрэн боломжтойг “КоллПро” компанийн Төв Ази дахь амжилттай хамтын ажиллагаа харуулж буй. Мөн тэд аппликэйшнд суурилсан харилцаа холбооны шинэхэн үйлчилгээ болох LIME -ийг танилцуулаад удаагүй байна. 
Түүх бичигдэхээс өмнө: 

Хүн төрөлхтөн XXI зууны босгоор алхан орох үед монголчуудын цөөн хувь нь л интернэттэй танилцаж амжсан байв. Тэдний нэг бол хотоос 1000 км -ийн тэртээ, Хөвсгөл аймагт амьдрах дунд сургуулийн сурагч Гандаваагийн Тулга. Хоёр зууны заагт төвөөс алслагдмал сууринд амьдрах хүүгийн хувьд интернэт гэх ойлгомжгүй, танил бус нэршил зүгээр нэг сонсоод өнгөрөх бус харин ч учрыг нь тайлж, ухаж судалмаар сонирхолтой ертөнц санагджээ. Ингэж л компьютерын урд удтал сууж, дэлгэцийн цаана “нуугдаж” буй бүхнийг танин мэдэх гэсэн өдөр хоногууд эхэлж, угийн сониуч занг нь хөдөлгөж орхив. Удсан ч үгүй Мэдээлэл, технологийн үндэсний паркаас вэб бүтээх уралдаан орон даяар зарласныг багшаасаа олж мэдлээ. Ингээд найзуудтайгаа хамтран уралдаанд оролцохоор шийдэж, уйгагүй оролдсоор анхны вэбээ бүтээсэн нь гуравдугаар байр эзэлжээ. 

Хэдий уралдааныг тэргүүлсэн хотын хүүхдүүдийн бүтээлтэй харьцуулахад тэдний вэб хаана нь ч хүрэхгүй мэт санагдаж байсан ч энэ бүхэн олдсон боломжийг ашиглаж чадвал улам том боломж нээгддэгийг, хичээж зүтгэвэл болдгийг хүүд ойлгуулж, энэ чиглэлээр цааш тууштай замнах урам зориг, итгэлийг олж авчээ. Улмаар төгсөх жилдээ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан уралдаанд амжилттай оролцож, КТМС (Компьютерийн техник менежментийн сургууль) -д урилгаар элссэн түүхтэй. Гэсэн ч ажлын талбарт шууд гарч, бодитоор хийж, туршаад явах нь түүнд өгөөжтэй, бас сонирхолтой санагдсан учраас сургуулиа дундаас нь орхиж, тухайн үед байгуулагдаад удаагүй NetSoft компанид ажиллах болжээ. 

Мэргэжлийн холбон тоглогч 

Өнөөдөр, 20 жилийн дараа ч Г.Тулга харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбартаа ажиллаж, энд өнгөрүүлсэн хугацааныхаа бараг тал хувийг өдгөө бизнесийн ертөнцөд маш амжилттай яваа “КоллПро” компаниа хамтран байгуулж, хөгжүүлэхэд зориулжээ. Харин тун саяхан буюу сар гаруйхны өмнө монгол дугаартай, ярианы аппликэйшн LIME -ийг зах зээлд танилцуулсан нь хэрэглэгчдийн дунд ам сайтай, эрэлт өндөртэй байгаа юм. Уг аппыг түүний хамтран байгуулсан харилцаа холбооны оператор компани болох “Онлайм Нетворк” -ийнхэн RTC (Realtime Communication Technology) буюу яриаг бодит цагаар дамжуулан хүргэх технологийг ашиглан хөгжүүлжээ. Эдгээр нь Монголд урьд өмнө тусдаа мэт ойлгогдож ирсэн харилцаа холбоо болон мэдээлэл технологийн салбарыг холбон хөгжүүлж, боломжуудыг эрэлхийлсний үр дүнд төрсөн хамгийн амжилттай шийдлүүд юм. 

Үнэхээр ч Г.Тулга өнгөрсөн хугацаанд харилцаа холбоо болон мэдээлэл технологийн салбарыг холбож, энэ орон зайд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх ажлыг голдуу хийж ирсний хувьд аль алиных нь онцлог, ялгаа, хоорондын уялдаа холбоог сайтар анзаарч, боломж, шийдлийг эрэлхийлж иржээ. NetSoft компанид байхдаа тухайн үед шинэлэгт тооцогдох чухал төслүүдэд тэр гар бие оролцож, туршлага хуримтлуулсан бол, дараа нь G-Mobile компанид шилжин ажиллах хугацаандаа ажлынхаа хажуугаар хэд хэдэн компани хамтран байгуулснаас дийлэнх нь амжилтгүй болж, замаасаа дампуурчээ. Энэ тухай “Цалингаараа компани байгуулж “үрдэг” л ажилтай хүн байлаа” хэмээн тэр хошигноод амжсан юм. Бүтэлгүйтсэн бизнесүүдийн үйл ажиллагааны чиглэлийг сонирхвол, вэб хөгжүүлэгч компани, банкуудад дуудлагын төв байгуулж, суурилуулж өгөх үйлчилгээ, гадаад хэл сурах платформ зэргээр нэрлэгдэх аж. Гэхдээ энэ бүхэн  Г.Тулга болон түүний хамтрагчдын хувьд дараагийн амжилттай компанийн сууриа бэлдэх үнэ цэнтэй туршлага, бас хичээл болж өгчээ. Ерөөс интернэттэй танилцсан анхны өдрөөс өнөөдрийг хүртэлх түүний карьерын замналыг харвал 20 жилийн өмнө шинэ эриний хөгжилд дөнгөж хөл тавьж байсан Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбартай эн зэрэгцэн хөгжиж ирснийг харж болно. Энэ хугацаанд тэрбээр жирийн нэг инженерээс мэргэжлийн холбон тоглогч болтлоо өсөж хөгжиж чаджээ. 

“Хэн дата их цуглуулж, датаг зөв ашиглана, тэр бялууны хамгийн том зүсмийг хүртэх нь улам бүр тодорхой болж байна”. 

Г.Тулгатай ярилцахаар онлайнаар холбогдох үед Киргизстан улсын Бишкек хотноо бизнесийн уулзалтаар очсон байхтай нь давхцав. “Өнөө орой эндхийн оператор компанийн захиралтай уулзахаар цаг товлоод байна. Харин хэд хоногийн өмнө CBK банкны инновацын газрын захиралтай уулзаж, LIME апп-д суурилсан хэрэглэгч болон байгууллагыг ухаалгаар холбох үйлчилгээнүүдийг Киргизстанд хамтран нэвтрүүлэх боломжийн талаар ярилцлаа” гэснээр тэр яриагаа эхлүүллээ. “КоллПро”, “Онлайм Нетворк” компанийн гүйцэтгэх захирлын хувиар тэр гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Төв Азид хөл тавиад буй нь энэ. Хоёр жилийн өмнө Киргизстанд CallPro KG компанийг байгуулснаар гадаад зах зээл дэх анхны алхмаа эхлүүлж, Ковид-19 цар тахлын хүнд үед эндхийн эрүүл мэндийн тусламжийн төв, зарим байгууллагад тэд үйлчилгээ үзүүлээд амжжээ. Зах зээлээ мэдрэх зорилгоор хийсэн эдгээр туршилт амжилттай болсон учраас тус улсын суурин утасны зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг, 3000 гаруй ажилтантай “Киргиз Телеком” ХК -тай хамтран үйлчилгээгээ нэвтрүүлэхээр тохирч, гэрээ байгуулах ажилдаа ороод буй. Ер нь ойрын жилүүдэд Төв Азийн зах зээлд төвлөрөн ажиллахаар төлөвлөсөн нь энэ бүс нутагт харилцаа холбооны шинэлэг технологиуд, финтекүүд төдийлэн хөгжөөгүйг анзаарсных. Эндээс монголчууд зөвхөн хэрэглэгч улс бус өөрсдийн хөгжүүлсэн технологийг гадагшаа экспортлогч болох бүрэн боломжтойг харж болно.  

“Зөвхөн технологийн араас хөөцөлдөх бус бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэхэд илүү анхаарах нь чухал”.

Хэдхэн долоо хоногийн өмнө АНУ-д салбарын гол тоглогчид, хөрөнгө оруулагчид, харилцагчдыг нэгтгэсэн SaaS (Software as a service) бизнесийн уулзалтад оролцох үеэрээ Г.Тулга компаниуд зөвхөн супер техник, технологитой байх нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахад хангалтгүй болсныг анзаарчээ. Өөрөөр хэлбэл, нетворкинг үүсгэх, зах зээлд танигдах, хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлэх зэргээр бизнесийн үйл ажиллагаа, хөгжүүлэлтдээ илүү анхаарах ёстойг тэр онцолсон юм. Нэг үгээр, зөвхөн технологийн араас хөөцөлдөх бус бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй гэсэн санаа. Үүний хажуугаар технологийн салбарынхан дунд хамгийн их давтан хэрэглэгдэж буй үг бол дата. Хэн дата их цуглуулж, датаг зөв ашиглаж чадна тэр ирээдүйн бялууны хамгийн том зүсмийг хүртэх нь улам тодорхой болж буй. Тиймээс ч хэрэглэгчдийн датаг цуглуулж, ангилах, ашиглах үе шат бүрт зориулсан төрөл бүрийн техник технологи дэлхийд өндөр хөгжиж, эрэлт үүсгэх болсон билээ. “КоллПро” компанийн үйлчилгээний давуу тал ч энд оршдог. Байгууллагуудын харилцагчийн үйлчилгээг зохицуулахаас гадна хэрэглэгчдийн датаг цуглуулж, нэгтгэж өгдөг нь тэдний гол онцлог. Асар их хэмжээний уг датаг харилцагч компаниуд зөв ашиглаж чадвал маркетинг, борлуулалт, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэг олон асуудлыг шийдэх чадалтай. Маш товчоор дата бол өрсөлдөх чадвар. 

LIME: Бизнесийн часхийсэн амт

“Хамгийн гол нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ сайн технологитой байхаас гадна хэрэглэгчдэд үнэ цэн бий болгож чаддаг байх хэрэгтэй” хэмээн Г.Тулга онцолсон нь өдгөө дэлхийд тэргүүлж буй томоохон компаниудын баримталдаг нийтлэг зарчимтай дүйнэ. Ковид-19-ийн үеэр олон бизнес хаалгаа барьж, үйл ажиллагааны хүрээгээ хумьсан бол “КоллПро” компани зөвхөн энэ онд л гэхэд 800 шинэ харилцагчийг эгнээндээ нэгтгэжээ. Хөл хорио тогтоож, бүгд гэр гэрээсээ, зайнаас ажиллах шаардлага үүсэхэд олон компанийн хувьд харилцагчийн үйлчилгээний төв цэг болсон байгууллагын дугаар бүхий утас нь оффист үлдэж, бизнесийн амжилтын гол орон зай орхигдох эрсдэлтэй тулгарсан. Энэ асуудлыг хялбар шийдэж, хэрэглэгчдэдээ үнэ цэн өгч чадсан учраас “КоллПро”-г сонгох байгууллагуудын дараалал тасардаггүй. Хэрэглэгчийн тоогоо жил бүр хоёр дахин өсгөх компанийн зорилготой нь ч энэ бүхэн яв цав уялджээ. 

Тухайн байгууллагад олон мянган хэрэглэглэгчээс дуудлага ирэх бүрт алдалгүй хүлээн авч, бүх дуудлагынхаа тайлан статистикийг шууд харах боломжийг олгосноор бизнесийн хурд, соёл сайжирч, улмаар хэрэглэгчдэд илүү таатай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Өдгөө “КоллПро” компани Монгол, Америк, Киргизстан дахь нийт зургаан дата төвийн 100 гаруй сервер бүхий хүчирхэг дэд бүтцийг бий болгож, үүний үр дүнд харилцагч компаниуд нь өдрийн оргил ачааллын үед ирдэг олон зуун дуудлагыг торох зүйлгүй хүлээн авч, бизнесээ амжилттай урагшлуулж буй. Тэд гурван сервертэйгээр анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр энэ тоо 30 дахин нэмэгджээ. 

Дараагийн оператор компани хэмээх тодотголтой “Онлайм Нетворк” -ийн алсын хараа Монгол Улсыг харилцаа холбооны импортлогчоос экспорлогч болгоход чиглэж байна. 

Харин “КоллПро”-ийн араас хурдалж буй дараагийн бизнес болох нэр, неон ногоон өнгийн лого нь ногоон, исгэлэн лайм (lime) жимсийг санагдуулам LIME апп нээлтээ хийснээсээ хойш нэг сарын хугацаанд 20 мянган хэрэглэгчтэй болж амжсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчуудын дийлэнх нь энэ тоонд багтаж буй. Эндээс “Онлайм Нетворк” компанийн “Дэлхийн монголчууддаа зориулав” уриатай шинэхэн үйлчилгээ зорилтод зах зээлдээ сайн хүрч чадаж байгаа нь харагдана. Хилийн чанадад амьдардаг, эсвэл түр зорчиж буй монголчуудын хувьд байгаа газраасаа дотоодын банк, даатгал, төрийн байгууллага, эсвэл аль нэг компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг саадгүй авах нь толгойны өвчин байсаар ирсэн. Тэгвэл энэ бүхнийг LIME апп бүрэн шийдээд зогсохгүй сим карт ашиглах шаардлагагүй, зөвхөн цахим дугаарт суурилсан үйлчилгээ нь маш олон давуу талыг олгож буй. Тухайлбал, уламжлалт суурин болон үүрэн холбооны дугаар зөвхөн тухайн сүлжээ нэвтэрсэн бүс нутагт л үйлчилдэг нь орон зай, байршлын хувьд хамааралтай болгодог. Мөн тухайн сүлжээ холбогдсон төхөөрөмж, эсвэл сим карттай байхыг шаарддаг нь утас, таблет, компьютер зэрэг дурын төхөөрөмжөөс холбогдон ярих, мессэжээр харилцах боломжийг хязгаарладаг. Харин цахим дугаарт энэ бүхэн хамааралгүй учраас дэлхийн хаанаас ч холбогдон ярих, мессэж бичихээс гадна тухайн компанийн нэмэлт үйлчилгээнүүдийг давхар авах боломжийг бүрдүүлдэг.

“Хамгийн гол нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ сайн технологитой байхаас гадна хэрэглэгчдэд үнэ цэн бий болгож чаддаг байх хэрэгтэй”

Өдгөө олон улсад энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд хүч түрж байгаа нь дэлхий даяар ийм эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулна. Зайнаас ажиллах нь хэвийн үзэгдэлд тооцогдох болсон өнөө цагт энэ бүхэн бүр ч ойлгомжтой юм. Зардлын хувьд ч хавьгүй буурч, уян хатан нөхцөл үүсдэг нь компаниуд, хувь хүмүүс энэ төрлийн үйлчилгээг ихээр сонгох болсон бас нэг шалтгаан. Дараагийн оператор компани хэмээх тодотголтой “Онлайм Нетворк” -ийн алсын хараа ч үүнд чиглэж буй. LIME аппын 72xxxxxx дугаараар дамжуулан дэлхийн аль ч өнцгөөс Монголын суурин болон бүх операторын дугаар, эсвэл LIME сүлжээн дотроо шууд холбогдон эх орондоо байгаа мэт ярих, мессэжээр харилцах шийдлийг тэд нэвтрүүлжээ. Эдгээр үндсэн функцээс гадна зураг, видео, төрөл бүрийн файл хоорондоо илгээх, хүлээн авах боломжтой. Мөн хүлээн авагч тал интернэтэд холбогдоогүй үед ч шууд залгах, мессэжээр харилцахад боломжтой учраас нөгөө тал заавал онлайн болохыг хүлээх шаардлагагүй болсон нь эдний гол ялгарал. Нэг ёсондоо, “Онлайм Нетворк” компани харилцаа холбооны салбарт уламжлалыг эвдэж, өвөрмөц өнгө төрх, өөрийн гэсэн часхийсэн “амт” бий болгохоор зорьж байна. Ирэх жилүүдэд тэд олон төрлийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж эхэлжээ. Үүнд, интерактив дуудлага хийхээс эхлээд гадаадад амьдарч буй иргэд дотоодоос авч чаддаггүй бүхий л үйлчилгээ, тухайлбал, банк, хувьцаа, үл хөдлөх, крипто биржтэй холбоотой үйлчилгээнүүдийг саадгүй хүлээн авах зэрэг багтаж байна. Одоогоор Монголын 40 мянга, олон улсын 2000 гаруй байгууллагын мэдээлэл, лавлагааг LIME аппд нэгтгэжээ. 

Орцоо зөв тодорхойлох нь 

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Г.Тулга “КоллПро” компанийг найз А.Золзаяа, Б.Идэр-Од нарын хамт байгуулж байх үед уул уурхайн орчноос хамаарсан эдийн засгийн өсөлт агшиж, гадаадын хөрөнгө оруулалт буурч эхэлснээс гадна мэдээлэл технологийн компаниуд олноороо дампуурч байх үетэй давхцаж таарч. Гэлээ ч сайн баг бүрдүүлж, бизнес моделио зөв сонгож чадсан нь ирээдүйн амжилтын үндэс болжээ. Тэд компанийн бизнес моделио хэрэглэгчдэд дарамтгүй, харилцагч компанийн өсөлтөд дэмтэй хэмээн тодорхойлсон юм. Үнэхээр ч “КоллПро”-гоос  өмнө сарын хураамжтай үйлчилгээ (subscription fee) үзүүлдэг бизнес модельтой байгууллага дотоодод байгаагүй гэж хэлж болно. Сайн баг, зөв бизнес модель, технологийн давуу талууд нь хожим хөрөнгө оруулалт авч, бизнесээ өргөжүүлэхэд ч нөлөөлсөн байдаг. 2019 онд тэд Японы хөрөнгө оруулагч Таками Юүичигээс 1.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан нь тухайн үедээ Монголд хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтад тооцогдож байв. Харин өдгөө “КоллПро”-гийнхон медиа болон мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын хэд хэдэн компанид хөрөнгө оруулж, өөрсдөө хөрөнгө оруулагч болон хувирсан билээ.  

Компани бүрт тусгайлан дуудлагын төв байгуулах нь хөрөнгө оруулалт их шаардахаас гадна, дагалдах засвар, үйлчилгээний ажилд цаг их зарцуулж, гадаад руу их хэмжээний доллар урсан гарсаар байсан тул үүнээс зардал багатайгаар илүү олон компанид хүргэх боломжтой шийдэл эрэлхийлж яваад Netflix компани өөрийн дата төвийг Amazon Web Services (AWS) -ийн үүлэн технологийн үйлчилгээ рүү шилжүүлж байгаа тухай мэдээг тэд олж уншжээ. Энэ талаар судалж үзэхэд тэдний хайж байсан зүйл яг мөн байв. Ингэж л суурин байдлаар шийддэг байсан бүх үйлчилгээгээ интернэтээр шийдэж, байгууллагын харилцааны хамгийн чухал хэсэг болох дуудлагын төвийн цогц шийдлийг үүлэн технологид суурилан хөгжүүлэх санаагаа олжээ. 

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд зориулав

Анхны багийн тухайд А.Золзаяа үйл ажиллагаа, борлуулалт, харин Б.Идэр-Од гадаад харилцаа, маркетинг, Г.Тулга өөрөө техник, технологийн хөгжүүлэлтийн ажлуудаа хариуцан ажилладаг байж. Энэхүү хоршлыг хувь хүн болон мэргэжлийн талаасаа төгс зохицол байсныг Г.Тулга онцоллоо. Ингэж хэдэн жил ажилласны эцэст менежментийн өөрчлөлт хийгдэж, тэр өнөөгийн албан тушаалд томилогджээ. Олон жил инженерээр ажилласан, цэвэр технологийн хүний хувьд түүнд гүйцэтгэх захирал болсон эхний сарууд нэлээд сорилттой өнгөрөв. Компьютерын ард олон цагаар суудаг инженер хүн гэнэт л хүмүүстэй харилцах, уулзах, хуулийн бичиг цаастай танилцаж, гарын үсэг зурах ёстой болж, маркетинг, борлуулалтыг ойлгох, санхүүгийн үзүүлэлт, тоонуудад төвлөрөх шаардлагатай болсон нь эхэндээ амаргүй байв. Сонирхолтой нь, тэр мэргэжлийн онцлогоо дагаж, ихэнх зүйлийг программын тусламжтай ойлгосон гэдгээ хуваалцсан билээ. Үйл ажиллагааны чиглэл тус бүрт ашиглахад тохиромжтой программуудыг хайж олж, хамтран нэвтрүүлэх явцдаа тухайн чиглэлээ бүрэн ойлгож авч байж. Дээр нь “КоллПро” компани одоогийнхтой харьцуулахад цомхон байсан нь ажлаа богино хугацаанд гартаа оруулахад харьцангуй дөхөм болсон юм.   

Г.Тулга: Компаниа ажил бус, амьдралынхаа нэг хэсэг гэж хүлээн авдаг, гэр бүлсэг, өөриймсөг хамт олноороо бахархдаг. 

Харин өнөөдөр хэдийнэ туршлагатай гүйцэтгэх захирал болсон тэрбээр “Одоо ч суралцсаар явна” хэмээн даруухан өгүүлэв. Өнгөрсөн жилүүдэд оффисоор нь орж, гарч байхдаа нэг зүйлийг анзаарсан нь тэр хэзээд өөрийн гэсэн өрөөтэй байгаагүй буюу зөөврийн компьютераа аваад оффисынхоо хаана л бол хаана шилжин ажилладаг хэв маяг. Эндээс тусдаа өрөөнд суух, цаг авч уулзах, дарга, цэрэг гэх ойлголтыг эвдэж, харин ч ажилтнуудтайгаа чөлөөтэй ярилцаж, үзэл бодол, мөрөөдлийг нь ойлгохыг хичээж, дэмжихийг хүсдэг түүний эрмэлзлийг анзаарч болно. “Баг хамт олноо удирдаж, нэгт зүгт чиглүүлэхэд удирдагч хүний алсын хараа маш чухал” хэмээн тэр онцолж байна. Түүний хувьд залууст бие даан шийдвэр гаргах боломж, эрх мэдлийг өгөх дуртай. Ингэж залууст маркетинг, борлуулалт, технологийн шинэ санаануудаа туршиж үзэх эрх чөлөө, алдах эрхийг өгснөөр нэг талаар, захирлаас бүх зүйл хамааралтай мэт мэдрэмжийг багасгах, нөгөө талаар компанийн үйл ажиллагаанд хурд нэмж, сонирхолтой шийдлүүд төрөн гарах таатай орчин болдог ажээ. Баг өргөжин тэлэхийн хэрээр дараагийн үе рүү аажмаар шилжиж, анхны ажилтнууд нь баг ахлах болж, менежментийн шинэ арга барилд суралцаж, компани бүхэлдээ цомхон, гэр бүлсэг уур амьсгалаас корпорэйт хэлбэрийн менежмент, соёлыг бага багаар төлөвшүүлж эхэлжээ. Компаниа ажил бус, амьдралынхаа нэг хэсэг гэж хүлээн авдаг, гэр бүлсэг, өөриймсөг залуусаараа Г.Тулга бахархаж явдгаа нэгэнтээ хэлсэн бөгөөд салбараа шинэ түвшинд гаргаж, олон жилийн турш харилцаа холбооны импортлогч орон явсан Монголыг экспортлогч улс болгох хамтын зорилгын төлөө ирээдүйг угтан зоримог алхаж байна. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 3.50 out of 5)
Loading...
Х. Цолмон

Карьераа хэрхэн төлөвлөх вэ? (№140)

Өмнөх нийтлэл

MM Systems: ПОС төхөөрөмжийн программ хөгжүүлэгч үндэсний компани

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.