ПОС төхөөрөмжийн "Итгэл" программ хангамжийг хөгжүүлэгч Б.Бат-Эрдэнэ

Компани: MM Systems ХХК

Чиглэл: Программ хангамж

Үүсгэн байгуулагч: Б.Бат-Эрдэнэ

Б.Бат-Эрдэнэ сүүлийн 10-аад жилд зөвхөн картын системтэй холбоотой ажил хийж, “Итгэл” нэртэй ПОС төхөөрөмжийн үндэсний программ хангамжийг хөгжүүлж, Монгол дахь 70 гаруй мянган ПОС төхөөрөмжийн 60 хувь нь энэ программ дээр ажиллаж байна.

***

Бэлэн бусаар төлбөр хийх төхөөрөмжийн тоо нь тухайн улсын эдийн засгийн хөгжлийг илтгэх бас нэгэн сонирхолтой үзүүлэлт болдог. Монгол банкны тоо баримтаар манай  улсад 2021 оны II улирлын байдлаар 87 300 төлбөр хүлээн авдаг төхөөрөмж байгаагаас 77 000 буюу 88 орчим хувь нь ПОС төхөөрөмж байна. Эдгээр ПОС төхөөрөмж дээр монголчууд 2021 оны II улиралд 89 сая гүйлгээ хийж хоёр их наяд гаруй төгрөгийг шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, бэлэн бусаар хийсэн нийт гүйлгээний 94 хувь нь ПОС машин дээр хийгдсэн байна.

Тэгвэл Монголын төлбөрийн системийн томоохон хэсэг болдог ПОС төхөөрөмжийн цаана ямар систем ажилладаг вэ? Нэгдүгээрт, мэдээж төхөөрөмж өөрөө чухал бөгөөд яг л бидний хэрэглэдэг гар утастай адил мэдээлэл дамжуулах, боловсруулдаг цахим төхөөрөмж юм. Цахим төхөөрөмж болохоор ПОС терминал нь өөрийн гэсэн үйлдлийн системтэй, программ хангамжтай, программ хангамжийн кодыг нь бичиж зохиодог компани, мэргэжилтнүүдтэй. Эндээс нийтлэлийнхээ гол сэдэв рүү оръё.

Итгэл даах программ хангамж

ПОС төхөөрөмжийг гадаадаас худалдан авч, арилжааны банкнууд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг харилцагчдадаа үнэгүй олгодог. Харин ПОС терминалыг ажиллуулах программ хангамжийг нийлүүлэгч үндэсний томоохон тоглогч байдаг нь бахархууштай. Энэ бол “MM Systems” компани юм.

Тус компанийг үүсгэн байгуулагч Б.Бат-Эрдэнэ нь 23 жил код бичиж байна. Анх Датаком компанид вэбийн программ бичиж, дараа нь нэг хэсэг Виндовс орчны программ бичдэг байв. Харин сүүлийн 10-аад жилд зөвхөн картын системтэй холбоотой программ хангамж хөгжүүлж байна.

MM Systems компани нь ITGEL хэмээх монгол нэртэй, ПОС төхөөрөмжид зориулсан анхны үндэсний программ хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлж, Монголын арилжааны банкнуудад нийлүүлсээр иржээ. Одоогоор Хас, ХХБ, Төрийн банк, Капитрон, Ариг гэх мэтээр Монголын 9 арилжааны банкны 40 гаруй мянган ПОС төхөөрөмж “Итгэл” программ дээр ажилладаг. Тодруулбал, MM Systems-ийн программ зах зээлийн 60 хувийг дангаараа хангаж байгаа юм.

MM Systems компани нь ITGEL хэмээх монгол нэртэй, ПОС төхөөрөмжид зориулсан анхны үндэсний программ хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлж, Монголын арилжааны банкнуудад нийлүүлсээр иржээ.

ПОС терминалын программ нийлүүлдэг компани цөөн, программын кодыг нь бичдэг программистууд бүр ч ховор байдаг аж. Учир нь ПОС-ийн программ бичих хэл, бичигдэх түвшин нь түгээмэл биш учраас энэ талаар нарийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн хүнийг олоход бэрх. Өөрөөр хэлбэл, ПОС төхөөрөмжийн микропроцессын ойлгох чадварт нь тааруулж код бичих шаардлагатай болдог гэсэн үг.

Саяхныг болтол арилжааны банкнууд гадаадын программыг өндөр үнэ төлөн ашигладаг байв. Банкнууд гадаадын программыг ашиглахын тулд төхөөрөмж нэг бүр дээр 70 ам.доллар төлдөг байсан бол “Итгэл” программ хангамж гарч ирсэнээр төхөөрөмж бүр дээр 30 орчим ам.доллароор худалдан авдаг болжээ.

Программ хангамж бол амьд зүйл бөгөөд байнгын хөгжүүлэлт, сайжруулалт шаарддаг бүтээгдэхүүн. Тиймээс дотоодын программ хангамж ашиглах нь хөгжүүлэлт, засвар үйлчилгээ авахад том давуу тал болдог буюу хариуцах эзэн нь ойр байдаг гэсэн үг. Банкнууд харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төрөл бүрийн шинэ санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх болгонд ПОС төхөөрөмжийн программ хангамж дагаад хөгжиж байх ёстой. Энэ ажлыг найдвартай хийдгээрээ MM Systems компани, түүний “Итгэл” программ нь арилжааны банкнуудын найдвартай түнш, программын дэд бүтцийг нийлүүлэгч болж чаджээ. “Энэ бол бидний бахархал, улс орныхоо эдийн засагт оруулж буй том хувь нэмэр” гэж тус компанийн үүсгэн байгуулагч Б.Бат-Эрдэнэ ярилаа.

ПОС терминалын программ нийлүүлдэг компани цөөн, программын кодыг нь бичдэг программистууд бүр ч ховор байдаг.

Б.Бат-Эрдэнэ болон түүний баг хөгжүүлсэн программаа “Итгэл” хэмээн хүүхдийнхээ нэрээр нэрлэсэн бөгөөд саяхнаас Андройд үйлдлийн систем дээр ажилладаг “Итгэл 2.0” хувилбараа зах зээлд гаргажээ. Итгэл программ нь 2019 онд НӨАТ-ын системд холбогдсон бөгөөд хөгжүүлэлт нь үүлэн технологид шилжиж, шинэчлэл хийгдэх болгонд ПОС  төхөөрөмж хүний оролцоогүйгээр өөрөө алсаас татаж авдаг болжээ.

Түүнчлэн чек хэвлэдэг цаасны хэмжээг аль болох бага байлгаж, байгаль орчинд үзүүлэх дам нөлөөг бууруулах хэрэгтэй гэдгийг Б.Бат-Эрдэнэ онцоллоо. Учир нь чекний цаас нь тусгай технологиор хийгддэг, өртөг өндөртэй импортын бүтээгдэхүүн.

Дэлхий даяар ПОС төхөөрөмж үйлдвэрлэн нийлүүлдэг гурван том тоглогч нь Ingenico, PAX Technology, VeriFone гэх компаниуд юм. MM Systems нь тэдгээрийн түнш болоод багагүй хугацаа өнгөрч байна. Ялангуяа Verifone Inc компанитай олон жилийн зузаан харилцаатай. Верифоний төхөөрөмж нь Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд гадаа хүйтний нөхцөлд төлбөр тооцоо хийхэд хамгийн тохиромжтой байдаг аж. Жишээлбэл, шатахуун түгээгүүр дээр -40 градуст ажиллах мэдрэгчтэй дэлгэц бүхий төхөөрөмж дэлхийд тун ховор. Тиймээс зарим оронд байдагтай адил түгээгч нарыг хүйтэнд зогсоохгүйгээр жолооч нар өөрсдөө шатахуунаа цэнэглэн, АТМ-ийн зарчмаар төлбөрөө хийдэг системийг нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг Б.Бат-Эрдэнэ ярьж байв.

Бэлэн бус гүйлгээ хөгжих тусам эдийн засаг улам нээлттэй болдог. ММ Системс ХХК-ий менежер 2012 онд картын хэрэглээг өсгөх талаар судалгааны ажил бичиж байсан бөгөөд тэр үед зах зээлийн 60-70 хувь нь бэлэн мөнгө ашигладаг байж. Харин өнөөдөр Монголын банкнууд хүн амаасаа 1.1 дахин их буюу 4.1 сая ширхэг картыг хэрэглээнд гаргаж, Монголын төлбөрийн системд оролцогчид нийт 10 гаруй их наяд төгрөгийн 135 сая орчим гүйлгээг карт уншигч төхөөрөмжөөр хийж байна. Үүнээс 2.8 их наяд төгрөгийн гүйлгээ ПОС төхөөрөмжөөр хийгджээ.

Ийнхүү бараа, үйлчилгээ худалдан авахад төлбөр хийх процесс улам л хялбар, чирэгдэлгүй болж байна. Гэхдээ бэлэн бус гүйлгээний урсгал үсрэнгүй нэмэгдэж байгаа нь цаана нь ажиллаж буй техник болон программ хангамжийн аюулгүй байдалд улам их анхаарахад хүргэж байна. Энэ асуудлыг сүүлийн үед мөнгөн дүнгийн хувьд улам ихсээд буй залилангийн гүйлгээний тоо баримтаас харж болно. Тухайлбал, энэ тоо 2021 оны II улиралд 102 хувиар өссөнийг Монгол банк тэмдэглэжээ.

Энэ тал дээр MM Systems компанийн 20 гаруй жилийн туршлагатай баг гайхуулах, бахархах зүйлтэйгээр Азид төдийгүй, дэлхийд өрсөлдөх программ хангамж, бүтээгдэхүүн хөгжүүлэх Алсын хараатай ажиллаж байна.

www.mmsystems.mn

И-мэйл: info@mmsystems.mn

Утас: 77100116    
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

LIME: Дэлхийн монголчуудыг холбоно 

Өмнөх нийтлэл

Бэрхшээлийг бэрхшээл багатай даван туулах 6 арга

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.