Топ нийтлэл

Business.mn сэтгүүлийн шинэ дугаараас юу унших вэ?

0

“Дэлхийг дайлаар мордохуй 2.0”

 “… Хөдөөний сургуулиас ирсэн учир англи хэлдээ муу, шалгалт болгонд сүүлийн байруудад ордог байсан учир ямар нэг аргаар англи хэлтэй болох ёстой гэж бодов. Ингээд нэг жил сурсны дараа ээж нь гэртээ ирж амар хэмээн замын зардалд 20 мянган төгрөг илгээжээ. Гэртээ харихад яг таарахаар мөнгө байв. Гэвч тэр үүнээсээ 12 000 төгрөгөөр Төв шуудангийн ойролцоо ном зардаг хүнээс “Grammar In Use” гэсэн англи хэлний сурах бичиг худалдан авчээ. Үлдсэн мөнгөөрөө хонь ачсан ачааны машины тэвшин дээр суун харьж явахдаа энэхүү 12 000 төгрөг түүний амьдралдаа хийсэн хамгийн зөв худалдан авалт, хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт болсон гэдгийг хараахан ойлгоогүй явлаа. Зуны амралтаараа өнөөх сурах бичгээсээ салахгүй нухаж намар эргэн хичээлдээ орсны дараа шалгалт өгөхөд сүүлийн бус эхний байруудад ордог болов …”

Business.mn сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарт орсон “Дэлхийг дайлаар мордохуй 2.0” хөргийн хэсгээс.

“Боломжгүй” айлын хүүхэд байсан ч Монголын шилдэг сургуулиудын нэгд сурч, мөнгөгүй ч Америкт том мөрөөдөлтэй онгоцны буудалд газардаж төлбөрийг нь “дийлэхгүй” их сургуулийг төгсч, удалгүй барууны технологийн компанид баг ахлан ажиллаж, одоо LendMN үйлчилгээг дэлхийн зах зээлд таниулж яваа В.Баярсайханы тухай залуу хүн бүрт урам зориг, ухаарал өгөх хөрөг нийтлэлийг уншаарай.

Сэтгүүлийн энэ дугаар үндсэндээ технологи, эмэгтэйчүүд гэсэн үндсэн хоёр сэдвийг хөндлөө. “Дэлхийг дайлаар мордохуй 2.0” хөргөөс LendMN гэж юу болох, монгол залуучууд оюуны бүтээлийн зах зээлд ямар хүчтэй болж байгаа, цөөхөн компани зах зээлийг ноёрхсон бизнесийн орон зайд тэд ямар шинэ соёл түгээж байгааг харах болно.

“Wonder women”

Орчин үед технологийн нөлөөгөөр хүний үйл ажиллагааны бүх л салбарт гүнзгий өөрчлөлтүүд орж эхэлсний дотор уламжлалт гэр бүлийн хэв маяг, үнэт зүйлс ч өөрчлөгдөж байна. Орчин үеийн эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд төрүүлэхээс илүүтэй карьер хөөх тал нь дийлж, энэ нь зарим хөгжингүй орны хувьд хүн амын хурц асуудал болж хувирсан.

Гэхдээ монгол эмэгтэйчүүдэд бахархмаар нэгэн ялгаа бий. Хэдийгээр гэр бүл дэх хүүхдийн тоо багассан ч Орос, Япон зэрэг улстай харьцуулахад тэд гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэхээ хойш тавиагүй хэвээр байгаа. Үүний зэрэгцээ Монголын эдийн засгийн амаргүй нөхцөлд өөрсдийн бизнесийг амжилттай авч явж байна. Монгол банкируудын 80 хувь нь эмэгтэйчүүд болсон гэсэн албан бус тоо байгаа нь үүний нэгэн илрэл юм.

Business.mn сэтгүүл дөрөв дэх дугаараа гаргахдаа “бизнес” хэмээх адал явдлаар дүүрэн энэ ертөнцөд олон гайхалтай, бүтээлч хүмүүс байдгийг олж мэдлээ. Тэдэн дунд ар гэр, албаны ажлын аль алиныг нь амжилттай авч явж буй бүтээлч ээжүүд их байгаа нь бахадмаар. Энэ тухай жишээг уншигч та хүүхдийн сэтгэлгээг урлагаар хөгжүүлэгч Creative Bamboo-гийн А.Уянга, олон улсын санхүүгийн байгууллагууд болон Монголын Засгийн газар хооронд итгэлцлийн гүүр болж буй банкир бүсгүй Л.Дулмаазул, рестораны зах зээлд үйлчилгээний шинэ хэв маягийг бий болгосон Route 22-ийн Н.Болормаа зэрэг бизнес эрхлэгчдийн түүхээс уншаарай. Ингээд бодохоор манай эмэгтэйчүүд нэг талаар “Wonder women” ч юм шиг.

Сар бүр мэдлэгийг тань цэнэглэе

Манай сэтгүүлийн экспертүүд буюу мэргэжлийн СЕО, зөвлөх, удирдлагын хөтөч нарын нийтлэлийн агуулга өргөжиж, сонирхолтой болж байна. “Хархорум Дижитал Академи”-н үүсгэн байгуулагч Д.Энхбат энэ удаагийн дугаарт байгууллагын сайтын ач холбогдол, үүнийг хэрхэн зөв ажиллуулж үйлчлүүлэгчдийг татах талаар бичлээ. Эн Си Эс компанийн зөвлөх Д.Болор өмнөх дугаар орсон компанийн соёлын тухай сэдвээ үргэлжлүүлж компанийн соёлыг бүрдүүлдэг гол хүчин зүйлсийн талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал нас харгалзалгүй, амьдралынхаа турш суралцсанаар нийгэмд болон хувийн амьдралдаа ямар үнэ цэн бүтээх талаар үнэтэй зөвлөгөө өглөө. Tod systems-ийн Н.Баярмаа зөвлөх мөн өмнөх дугаарын нийтлэлийн үргэлжлэл болгон орчин үед бараа, үйлчилгээнд оновчтой үнэ тогтоох зургаан арга, тэдгээрийг бизнестээ хэрхэн ашиглах тухай нэгдсэн ойлголт өгөв. Компанид ERP систем нэвтрүүлэх нь одоо моодонд орсон. Гэхдээ тэр болгон оновчтой, зөв нэвтрүүлж чаддаггүй. Тэгвэл энэ алдааг хэрхэн засахыг манай шинэ эксперт Ж.Амаржаргал өөрийн нийтлэлдээ бичив.

Дугаар бүртээ нэр хүндтэй нэгэн бизнесмэнтэй ярилцдаг заншлаараа Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Б.Бямбайсайханыг урьж том төсөл, хөрөнгө оруулалт зэргийг хэрхэн удирдах тухай, түүнчлэн түүний бизнесийн туршлагын талаар ажил хэрэгч яриа өрнүүлэв.

Түүнчлэн сэтгүүл маань энэ дугаараас эхлэн гадаад оронд амьдарч буй мэргэжилтнүүдийн материалаар баяжив. Тухайлбал, Францаас Р.Гүнбадрах хувийн санхүүгээ хэрхэн цэгцлэх тухай, Их Британиас Моника Батсүх өрх толгойлсон ээжүүд бизнест хэрхэн амжилт гаргах талаар сонирхолтой нийтлэл ирүүллээ.

Ийнхүү Business.mn сэтгүүлийн шинэ дугаараас та эмоци, мэдлэг, урам зориг, бизнесийн санааны аль алиныг нь олж авах болно.

Г. Даваадорж

Хууль тогтоомж, дүрэм журмыг Үндсэн хуульд нийцүүлбэл бизнесийн орчин сайжирна

Өмнөх нийтлэл

Үндсэн хууль ба бизнес

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох