Өсөх стратеги

Kinder Surprise-ийн түүх

0

Kinder Surprise-ийн түүх бол итали хүний жаргалтай хөгжөөнт амьдрал, ажилдаа хязгааргүй дуртай байсны түүх юм. Энэ түүхээс та амжилтад хүрэхэд их хөдөлмөрлөхөөс гадна эргэн тойрноо соргог анзаарч шинэ санаа, урам зориг авах хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Микелэ Ферэро яг л ийм зарчмаар ажиллаж хүүхдүүд төдийгүй томчуудын дуртай алдарт Kinder Surprise-ийг бүтээжээ. 

Kinder Surprise-ийн үүсгэн байгуулагч Микелэ Ферэро

Гэхдээ дотроо тоглоомтой өндгөн шокаладын тухай өгүүлэхийн тулд Микелогийн аав Пьетро Ферэрогийн тухай ярих хэрэгтэй. Тэр бол Nutellа крем, Raffaello чихэр, Tic Tac үрлийг бүтээсэн Ferrero хэмээх алдартай брэндийг үндэслэгч билээ. Пьетро 1940-өөд оноос гэр бүлийн талхны дэлгүүрт төрөл бүрийн чихэр хийж эхэлсэн бөгөөд түүний эхнэр, ах Жованни хоёр түүнд тусалдаг байжээ. Олон төрлийн найрлагаар, олон удаагийн туршилт хийсэн нь үр дүнгээ өгч удалгүй Феророгийн хийсэн амттануудын тухай яриа Итали даяар тархав. 1946 онд Альба хотод Ferrero-гийн анхны үйлдвэр нээгдэж, 10 жилийн дараа түүний компани олон улсын зах зээлд гарч Европын бусад оронд төлөөлөгчийн газраа нээв.

Ferrero-гийн бүтээгдэхүүн тун амжилттай байсан ч багахан алдаа гарахад Пьетро ихэд сэтгэлээр унадаг байв. Ингэж хий дэмий санаа зовдгоосоо болж тэр харьцангуй залуу насандаа өөд болсон юм. 1949 онд их үер болж үйлдвэр золтой л урсчихсангүй. Байгалийн гамшгийн уршгийг тэр дор нь арилгасан ч Пьетрогийн зүрх энэ гамшгийг тэсч гарч чадаагүй аж.

Түүнийг нас барсны дараа Ferrero-гийн удирдлага ах Жованнид ирэв. Гэвч итали хүний түргэн зан таагүй үр дагавар авч ирсэн юм. 1955 онд компани хатуу өрсөлдөөн дунд орж ижилхэн үйл ажиллагаа явуулж, ижилхэн бүтээгдэхүүн борлуулдаг компаниудтай Жованни олон жилийн турш үзэлцжээ. Эцэст нь Жовании ялсан ч удаан үргэлжилсэн стресс эрүүл мэндийг нь муутгаж өрсөлдөөнд ялснаас хэдхэн сарын дараа нас барав.

Ингээд эдгээр эмгэнэлт он жилүүдийн дараа гэр бүлийн бизнесийг 24 настай Микелэ Ферэро өвлөн авчээ. Залуу насны эрч хүчээр тэр шокаладын бизнестээ шинэ амьдрал өгч чадсан юм. Түүний бодож олсон зүйлсээс хамгийн гайхалтай нь Kinder Surprise байв. Гэхдээ үүнийг бодож олоход толгойгоо гашилгах хэрэг гарсангүй. Учир нь амттаны дотор бэлэг хийх нь шинэ зүйл биш байв. Уламжлал ёсоор италичууд Улаан өндөгний баяраар хүүхэд багачууддаа өндгөн хэлбэрийн амттан хийж өгөхдөө дотор нь тоглоом, зоос зэргийг хийдэг байжээ.

Орчин үеийн хүүхдүүдийн дуртай амттаны нэг Kinder Surprise-ийг ингэж бүтээсэн юм. Дотроо бэлэгтэй өндгөн шокаладыг их хэмжээний сүү агуулсан Kinder хэмээх шокаладаар хийдэг байв. Сүүн болон цагаан шокаладаар хийсэн бүрхүүлийн дотор өндөгний шартай төстэй шар капсул хийв. Үүндээ Микелэ тусгай патент авчээ.

Капсул доторх жижигхэн тоглоомнуудын хувьд Микелэ нь Швейцарын загвар зохион бүтээгч Генри Ротоос тусламж авчээ. Тиймээс Kinder Surprise-ийн дотор байрлуулдаг олон төрлийн хөгжилтэй, хөөрхөн тоглоомнуудыг бодож олсон эзэн нь энэ хүн юм.

Хамгийн анхны бэлэгтэй өндгөн шоколаднууд 1972 онд худалдаанд гарч хэдхэн цагийн дотор лангуунаас алга болов. Ингээд дэлхий тэр чигээрээ энэ амттанд дурлав. Хүүхдүүд төдийгүй томчууд дурлаж доторх тоглоомыг нь цуглуулдаг хүмүүс ч бий болов. Тэр байтугай өнөөдөр ч гэсэн Kinder Surprise-ийн ховордсон тоглоомуудын цуглуулга хэдэн мянган ам.доллараар зарагддаг. Жишээ нь, 2007 онд e-Bay онлайн дуудлага худалдаагаар 90 мянган тоглоомтой цуглуулга 30 мянган еврогоор зарагджээ.

Анх гарснаасаа хойш Kinder Surprise хуванцар цутгамал болон төрөл бүрээр эвлүүлдэг тоглоомуудтай үйлдвэрлэгдэж байв. Үүнээс хамгийн өвөрмөц нь төмөр тоглоомын цувралууд юм. Анхны төмөр тоглоомууд бол 1974 онд Генри Ротын бодож олсон ковбоичууд болон индианчууд. Дараа нь балетын бүжигчид, далайн дээрэмчид гарч ирэв. Жил бүр тоглоомын сэдэв өөрчлөгддөг байсан бөгөөд хэрэглэгчид үүнд нь их дуртай байлаа.

Микелэ нь Ferrero-г үндэслэж амьдралаа зориулсан  эцэг, авга ахынхаа дурсгалд зориулж өөрийн хөвгүүдээ Пьетро, Жованни гэж нэрлэжээ.

Х. Саранзаяа

Халх голын тулалдааны 80 жилийн ойд

Өмнөх нийтлэл

Ч.Энх-Амгалан: Томоохон эрсдэлээс өөрийгөө хамгаалах нэг арга бол даатгал

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох