0

Ажилтнаа хэрхэн сонсох тухай биелүүлэхэд хэцүү ч энгийн зөвлөгөөг танд хүргэе. Хэн нэгний яриаг тавхан минут зарцуулан чин сэтгэлээсээ сонсох нь чухал юм. Сонсож сурсан хүн бусдыг ятгаж үнэмшүүлэх, хүмүүстэй утга учиртай харилцаа үүсгэх болон хамтарч үр дүнд хүрэхдээ илүү байдгийг Колумбын их сургуулийн судлаачид тогтоожээ. Гэвч анзаарсан, анзаараагүй та тушаал ахих тусам харилцан ярианд илүү давамгай үүрэгтэй болсноор бага сонсож эхэлдэг. 

Хэн нэгэн давуу биш нөхцөлд баг, хамт олон хамгийн үр бүтээлтэй ажилладаг байна. Бодит байдал дээр багийн амжилтад тэгш байдал, багийн уур амьсгал хамгийн ихээр нөлөөлдөг. Бид багаараа уулзахад их цаг гаргадаг ч нэгнийгээ сонсоход маш бага цаг зарцуулдаг аж. “Ажил дээр бид бусдыг сонсохдоо яриаг нь тасалж зөвлөгөө өгөх эсвэл өөрт тохиолдсон төстэй явдлыг ярьдаг болохоос сэтгэлээсээ сонсох нь ховор байдаг” 

Тэдэнд сайн дурын зөвлөгөө өгөхөөс илүү чин сэтгэлээсээ сонсох хэрэгтэй. Багуудын хөгжлийн сургалт дээр би ажилтнуудаас хоёрхон минут зарцуулж бие биенээ сонсож суухыг хүсдэг юм. “Өнөөдөр таны ажил ямархуу байна даа” гэх мэт энгийн асуултыг харилцан асуулгахад, эхэндээ тэд биеэ барьсан байдалтай ярьж эхэлдэг. Гэвч хэсэг зуурын энэ эв хавгүй ярианы дараа тэд сэтгэлээ онгойлгон ярилцаж, хааяа уйлах ч тохиолдол бий. Ингэж л богинохон хэдий ч чин сэтгэлийн яриа хамт олны нэг нэгэндээ итгэх итгэлийг төрүүлж, тэднийг үр дүнтэй хамтарч ажиллахад тусалдаг. 

Ажил дээр бид бусдыг сонсохдоо дундуур нь тасалж зөвлөгөө өгөх эсвэл өөрийнхөө төстэй түүхийг ярьдаг болохоос тэднийг сэтгэлээсээ сонсох нь ховор байдаг 

Ажилтнуудаа сонссоноор тэднийг сэтгэл санааны хувьд туйлдахаас сэргийлдгээс гадна ажлаас гарах магадлалыг нь бууруулж болно. Сонсох нь мэдээлэл цуглуулахаас илүүтэй хэн нэгнийг урамшуулж, идэвхижүүлэх гол хэрэгсэл болдгийг бүү мартаарай. Олон улсын сонсох холбооны судалгаагаар нийт хүмүүсийн ердөө хоёр хүрэхгүй хувь нь л албан ёсны сонсох сургалтад суусан байдаг аж. Бусад нь өөрсдийнхөө сурсан арга барилаар хэн нэгнийг сонсож байхдаа толгой дохих, нягталж асуух, инээмсэглэх зэрэг аргыг ашигладаг байна. Гэвч хамгийн үр дүнтэй хэрнээ маш энгийн арга бол одоо цагт төвлөрч сонсох юм. Хэн нэгэнтэй ярилцахдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлэх нь гайхмаар хэцүү. Харвардын Их сургуулийн Даниэл Гилберт, Маттью Киллингсвортын судалгаагаар бид сэрүүн байх нийт цагийнхаа 47 хувийг хийж байгаагаасаа өөр зүйл бодоход зарцуулдаг аж.

Тэгвэл бүх анхаарлаа ярианд хэрхэн хандуулах вэ? Багаас эхэл. Таван өдрийн турш өдөрт таван минут ярилц, сонс. Сайн сонсогч байхын тулд дасгал хийх хэрэгтэй. 

Ингээд бусдыг сонсоход гардаг бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өгье. 

  • Хэн нэгний яриаг цааш нь сонсмооргүй санагдвал шалтгааныг нь олж мэд. Хэзээ энэ мэдрэмж төрж байна? Яриаг нь дуусахаас өмнө та ямар хариу өгөхөө хэдийн бодчихсон байна уу? Ярианы дундуур өөрийнхөө түүхийг ярьмаар санагдаж байна уу? Зөвлөгөө өгмөөр байна уу? Ярьж байгаа хүнээсээ ахмад, албан тушаал илүү тохиолдолд бид ихэвчлэн зөвлөгөө өгөх гэж оролддог. Ярилцах хэв маягаа мэдэж байх нь ярилцах чадвараа сайжруулахад тус болно. Хэн нэгэнтэй ярихын өмнө бүх асуултыг өөрөөсөө асууж байгаарай. 
  • Энийг би заавал хэлэх хэрэгтэй юу гэж өөрөөсөө асуу. Одоо заавал хэлэх ёстой юу гэж асуухад хариулт нь ихэвчлэн үгүй байдаг тул үргэлжлүүлэн сонсоорой. 
  • Хамгийн дорд сонсох хэлбэр бол сонсож буй мэт дүр эсгэх юм. Хэрэв та хэдийн шийдсэн бол хэн нэгнээс зөвлөгөө авах гэж байгаа  дүр битгий эсгэ. Харин хамтын шийдвэр гаргахдаа хэн нэгний санаа бодлыг сонсох гэж байгаа бол чин сэтгэлээсээ сонс. 
  • Ярианы хамгийн чухал хэсэг нь ярьж дууссаны дараа өрнөдөг. Тэдний биеийн хэлэмж, царайны хувирал, сэтгэл хөдлөлийгг сайтар анзаар. 

Эцэст нь ажилтнуудаа сонсож сурсан удирдагч зөвхөн сайжраад зогсохгүй улам аз жаргалтай болдгийг бүү мартаарай.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Ван Гогийн алдарт зургуудын талаарх сонирхолтой баримтууд

Өмнөх нийтлэл

Атрын 60 жил: Органик үйлдвэрлэл айсуй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur