Кофед дурлагсдын хамгийн сайн мэдэх брэнд бол Starbucks. Тус компани байгуулагдсан цагаасаа л кофены шилдэг сортыг хэрэглэгчиддээ нийлүүлж ирснээрээ өнөөгийн өндөр үнэ цэнийг олжээ.

Англи хэлний багш Жерри Болдуин, түүхийн багш Зев Зигал, зохиолч Гордон Боукер нар цай, кофе уун тухлангаа элдвийг ярин суух дуртай. Ингэж суух үедээ нэгэн сэдвийг хөнддөг байсан нь кофены шилдэг сортуудыг нийлүүлдэг дэлгүүр байгуулах санаа байлаа. Тиймээс 1971 онд дээрх санаагаа бодит байдал болгож АНУ-ын Сиэтл хотноо дэлгүүрээ нээв. Ингэхдээ анхны хөрөнгө оруулалт болгож хүн бүр 1350 долларыг нийлүүлж, дээр нь тус бүртээ 5000 долларын зээл авсан байна.

Дэлгүүртээ нэр өгөх гэж удаан ярилцсаны дүнд Герман Мелвиллийн романы гол дүр болох Старбекийг бэлгэдэн нэрлэхээр шийджээ. Зохиолд дүрсэлснээр тэрбээр цаг үргэлж кофе ууж суудаг нэгэн ажээ. Харин дэлгүүрийн логог зураач Терри Хеклер бүтээсэн байна. Компанийн хөгжлийн явцад тус лого нэлээд хэд өөрчлөгдсөн ч анхны загвар нь Starbucks-ийн Сиэтл дэх дэлгүүрийн бэлгэ тэмдэг болсон хэвээр  байна.

Гурван найз хэдий дэлгүүрээ нээсэн ч кофег яаж өндөр түвшинд боловсруулах аргачлалыг мэддэггүй байв. Тэднийг энэ арга барилд сургасан хүн нь Peet´s Coffee компанийн эзэн Альфред Пит юм. Учир нь Starbucks-ийнхан хөгжлийнхөө эхний есөн сард түүний компаниас кофегоо худалдаж авдаг байв. Явцын дунд кофе боловсруулдаг өөрийн охин компани Probat-аа байгуулж, хоёр дахь дэлгүүрээ нээснээр багш нарын бизнес өсөн төлжиж эхэллээ. Гэвч компанийнхаа хөгжлийн хурдыг эзэд нь гүйцэхгүй байлаа.

Шинэ ажилтан Ховард Шульц

Өдөр бүр өөрчлөгдөх хэрэглээ, нөхцөл байдал тэдний толгойг олон талаар эргүүлж байсан тул Ховард Шульц хэмээх бизнесийн арвин туршлагатай залууг ажилд авав. Шульцийн амбиц том байсан нь ч хашир нь дэндсэн багш нар компанийнхаа үйл ажиллагааг тэлэхийг хүссэнгүй. Тиймээс Starbucks хоёр дэлгүүртэйгээрээ 1982 оныг үдлээ.

Яг энэ үед Шульц Милан хот руу ажлаар явж таарав. Тэнд байхдаа Италийн алдартай нэгэн кофейнээр үйлчүүлэхдээ кофег аягалж өгдөг соёлыг олж мэдсэн бөгөөд түүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шийдвэртэйгээр Сиэтл руу буцав. Гэвч хуучинсаг арга барилтай эздийнхээ дэмжлэгийг авсангүй. Захирлуудын үзснээр, хэрэв ингэх юм бол дэлгүүрийнх нь үндсэн шинж чанар алдагдахын дээр үйлчлүүлэгчдийн анхаарал өөр зүйлд татагдахад хүрэх ажээ. Үндсэндээ бол кофег гэртээ л бэлтгэж, уух ёстой гэсэн консерватив байр сууриндаа тэд бат зогсов.

Өөрийнх нь санал, шийдэл амжилтад гарцаагүй хүргэнэ гэдэгт итгэсэн Шульц Starbucks-ээс гарч 1985 онд il Giornale хэмээх кофейноо байгууллаа. Байгуулаад амжилтыг асар богино хугацаанд олов. Тиймээс хоёр жилийн дараа Starbucks-ийг 4 сая доллароор худалдан авч, компанийнхаа нэрийг Starbucks болгон өөрчилсөн. Сонирхолтой нь ингэж өөрчлөх санааг Билл Гэйтс түүнд зөвлөсөн байдаг.

Тэд ойрын харилцаатай байсан шалтгаан нь Майкрософтын эзэн Starbucks-ийн анхны хөрөнгө оруулагчдын нэг байсан явдал. Ах дүү МакДоналдууд өөрийнхөө бизнесийг гүйцэтгэх захиралдаа худалдсаны адилаар гурван багш ийнхүү хэдэн сая доллар атгаад  бизнесийн тоглолтоос гарлаа.

Ховард Шульц 1987 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор компанийнхаа нэрийг Sturbucks Corporation болгон өөрчилж, бүтээгдэхүүнийхээ каталогийг шуудангаар хүргэдэг болсноор түүний кофе АНУ-ын 33 дэлгүүрт худалдагддаг болов. Долоон жилийн дараа гэхэд 165 дэлгүүрийг хамардаг болтлоо тэлэн хөгжлөө. Харин гадаад зах зээлд гарах эхний төсөл нь 1996 онд Япон байгуулагдсан салбар байлаа. Түүнээс хойш тус компани тасалтгүй өссөөр өдгөө 300.000 ажилтанг нэгэн дээвэр дор нэгтгэж байна.

Өнөө цагийн Ховард Шульцийн хөрөнгө 4 тэрбум доллар

Хамгийн сүүлийн мэдээллээс харахад, түүний зах зээлийн үнэлгээ 110 тэрбум долларт хүрчээ. Гайхалтай нь ийм амжилтад хүрэхэд нөлөөлсөн хамгийн чухал он жилүүдийн нэг нь 2019 он юм.

Дашрамд дуулгахад, Starbucks-ийн үнэнч үйлчлүүлэгчдийн ч мэддэггүй нэгэн сонирхолтой баримт бол тус кофейны хаалга дорно эсвэл өмнөд зүгт харсан байдаг. Үүний цаад шалтгаан нь өдрийн нарны гэрэлд кофегээ таатай уух нөхцлөөр үйлчлүүлэгчдээ хангах бодлого ажээ. Ингэхдээ нарны туяа үйлчлүүлэгчдийн нүүрэнд шууд тусч байх учиргүй. Тиймээс л хаалганы зүг чиг зүүн эсвэл урагш харсан байдаг байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Ж. Баяржаргал

“Шонхор хүргэлт” компанийн захирал Б.Дөлгөөн: Монголын онлайн худалдааны зах зээлд итгэлцэл хараахан бүрдээгүй байна

Өмнөх нийтлэл

“Хэрхэн сайн СЕО байх вэ?” өглөөний лекц 10 сарын 30-нд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох