Entrepreneur

Nike-гийн агуу амжилт, Найтын галзуу шийдэл

0

Өнөө цагийн аварга компани, спортын хэрэглэлийн ноён оргил Nike компанийг сод ухаантууд үүсгэн байгуулаагүй юм. Тэд бол эгэл жирийн л тамирчид. Тодруулбал, гүйлтийн тамирчин Фил Найт, түүний дасгалжуулагч Билл Боуэрман. Америкийн Орегоны их сургуулийн дундын зайн гүйгч байсан Фил Найтад тэмцээндээ өмсөх гутал байгаагүй. Авья гэсэн ч санаанд нийцсэн нь үгүй. Adidas-ийн пүүз байх ч чанараа дагаад үнэтэй. 30 доллар. Харин Америкийн хямд пүүз эдэлгээ даахааргүй хэврэг. Түүнийг өмсөөд тэмцээнд оролцсон хүн бүрийн хөл янгинаж, булчин нь лугшина. Тиймээс сонирхогчийн зэрэглэлийн тамирчдад сонголт хийх боломж бараг байсангүй.

Гүйлтийн тамирчин Фил Найт, түүний дасгалжуулагч Билл Боуэрман

Энэ үед л Найтын толгой ажиллаж, нэгэн гайхалтай схемийг бодож олов. Тэр нь пүүзээ Азийн орнуудад захиалж Америкийн зах зээлд борлуулах явдал. Стэнфордын их сургуулийн багш Фрэнк Шелленбергерийн хичээлд сууж байхдаа энэ санаагаа олсон гэдэг. Ноён Шелленбергерийн заасан маркетингийн шинэ өгөгдлүүд Nike компанийн үйл ажиллагааны концепцийн үндэс болжээ. Гэхдээ тус компани Blue Ribbon Sports нэртэйгээр байгуулагдаж, анхны гэрээгээ 1963 онд Японы Onitsuka компанитай байгуулав. Японд хямд өртгөөр чанартай үйлдвэрлэгдсэн пүүзний эхний хэсэг Америкт гэрлийн хурдаар борлуулагдсан бөгөөд үүний тод жишээ нь фургон машин дүүрэн пүүз хормын дотор алга болж байснаар илэрнэ.

Фил Найт

Удалгүй Найтын багт гурав дахь гишүүн нэмэгдсэн нь авьяаслаг менежер Жефф Жонсон. Тэрбээр борлуулалтын ажлыг хариуцах болсноор компанийн ашиг илүү ихээр нэмэгдэх нөхцөл бүрдлээ. Гэхдээ түүний оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт бол пүүзний хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлсон явдал. Өөрөө тамирчин байсан тул спортын хэрэглэлийн алдаа, оноог сайн мэдэхийн зэрэгцээ олон арван тамирчидтай уулзаж тэдний хэлж ярьсан зүйлст анализ хийн маркетингийн бүхэл бүтэн концепцийг боловсруулжээ. Хэний ч үл мэдэх Найтын компани энэ жилүүдэд Жеффийн гаражид оффисоо хийж байлаа.

Менежер Жефф Жонсон

Боуэрман, Найт хоёр 1965 онд компанийнхаа нэрийг Грекийн ялалтын бурхан Никиг бэлгэдэн Nike хэмээн өөрчлөв. Ам дамжин яригддаг баримтаар бол жигүүр бүхий Ники бурхныг Жефф Жонсон зүүдэлснээс дээрх өөрчлөлт эхтэй гэдэг. Харин компанийн логоны асуудал нэлээд хожим буюу 1971 онд шийдэгдсэн. Портлэндын их сургуулийн оюутан бүсгүй Каролин Дэвидсон өнөө цагийн хамгийн цуутай логог ердөө 35-хан доллароор бүтээсэн юм. Гэлээ ч Найт хүн чанар гаргаж, хожмоо бриллиантаар чимэглэгдсэн Nike логог компанийнхаа тодорхой хувьцааны хамтаар бэлэглэсэн билээ.

Каролин Дэвидсон, Nike-гийн логоны эх загвар

Nike-гийн түүхээс харахад хамгийн их борлуулагдсан загвар нь вафелин ултай пүүз юм. Үүнийг сэдсэн хүн нь Боуэрман. Эхнэрийнхээ өглөө бүр иддэг вафель жигнэмэгийг ажин суугаад “Ийм загварын пүүз хийвэл илүү хөнгөн, хамгийн гол нь түлхэлттэй болох юм байна” гэдгийг ойлгосон гэдэг. Чухам энэ загвар 1970-аад онд Америкийн зах зээлд ноён суух эхлэлийг Nike-т тавьж өгсөн юм. Харин хамгийн их дуулиан тарьсан загвар бол Air Jordan. Түүний онцлог нь чихирах чимээ.

Майкл Жордан, Air Jordan

Үүнээс болж NBA уг пүүзийг хориглосон нь маркетингийн аварга төслийг хэрэгжүүлэх сэжмийг туршлагатай рекламчин Найт өгчээ. Тэрбээр хоригийг үл томоон чихэнд тээртэй дуугардаг пүүзээ Майкл Жорданд улирлын тоглолтын турш өмсүүлж, ингэхдээ NBA-гийн тоглолт бүрт тавьсан 1000 долларын торгуулийг төлсөөр л байлаа. Тэрбээр өнөөдрийн хэдэн долларын торгууль маргааш ирэх их ашгийн үндэс гэдгийг урьдчилан тун чиг адтай харжээ. Ингэхдээ “Хориглогдсон пүүз” гэсэн утгатай рекламны компанит ажил өрнүүлснээр торгуулийн асуудал дуулиан болон дэврэх үндсийг тавилаа.  Тиймээс ч Америкийн иргэн бүрийн чихэнд хүрч, америк хүн бүр тус пүүзийг мэддэг болсноор компанийн жилийн орлого хэдхэн сарын хугацаанд дөрвөн тэрбумд хүрсэн. Энэ бол Найтын ялалт байлаа.

 

Энэ мэтчилэн Nike компани маркетингийн содон шийдлээрээ бусдаас онцгойрч ирсэн түүхтэй. Үүний өөр нэг жишээ бол 1992 оны зуны олимп. Тус олимпод оролцсон сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг-1”-ийн албан ёсны ивээн тэтгэгч нь Reebok байсан. Тиймээс Nike-тай гэрээтэй Майкл Жордан Reebok-ийн хувцастайгаар индэр дээр гарч аваргын алтан медалиа хүртэхээс татгалзав. Энэ нь Найтын шийдвэр байсан. Ингэснээр Nike-ийн нэр олимпийн үеэр Reebok-оос илүү их дурдагдсан, яригдсан. Найт бас нэгэн онцгой шийдлээ 1999 оны Югославын дайны үеэр гаргасан. НАТО-гийн онгоцнууд Белград хотыг нүүр нүдгүй бөмбөгдөж байх цаг мөчид Nike-гийнхаа рекламны самбарыг хотын төвд байгуулжээ. Ингэхдээ Stop the bombs! Just Do It гэж бичсэн нь рекламны түүхэнд хамгийн эрсдэлтэй ч агуу шийдэл болон мөнхөрсөн юм.

Nike-ийн уриа үг Just Do It-ийн тухайд бол угаасаа тусдаа сэдэв л дээ.

 

Ж. Баяржаргал

Эмэгтэйчүүд 39, эрчүүд 48 насандаа хамгийн өндөр цалин авдаг

Өмнөх нийтлэл

Х.Шираиши: Хичнээн чадвартай ажилтан ч дотоод уур амьсгалыг эвдэж байгаа бол шууд чөлөөлдөг

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.