Монгол улсад 1999-2003 оны хооронд анх удаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжсэн. Үүний дараа 2005 оноос хойш уг хөтөлбөр жил бүр хэрэгжиж, түүнийг дагасан олон санал санаачлага, бодлого зохицуулалтуудыг холбогдох албаны зүгээс хэрэгжүүлсэн.

 1999 оноос эхэлсэн ЖДҮ хөгжлийн үр дүнг дараах үзүүлэлтээс харж болно. 2019 оны байдлаар Монголд нийт 78 мянга гаруй ААН үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүний 60 мянга гаруй нь буюу 77 хувийг жижиг дунд үйлдвэр эрхлэгчид эзэлж байна. Монголын бизнесийн байгууллагуудын дийлэнх хувийг эзэлж буй эдгээр жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчид ямар ч асуудал, хүндрэл бэрхшээлгүйгээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна уу гэвэл “Үгүй” аж. 

Тодруулбал, ЖДҮ эрхлэгчдийн үндэсний форумын үеэр тэдэнд тоо томшгүй олон асуудал алхам бүрт нь тулгардаг гэдгийг онцолж байлаа. Тэдгээр олон асуудлаас хамгийн түгээмэл нь санхүү, хүний нөөц болон борлуулалтын асуудал ажээ. Үүнийг даван туулахад жижиг дунд бизнес эрхлэгчид дор бүрнээ хичээхээс гадна нэгдэн нийлж шийдлийг хайн, өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлсээр байгаа билээ. “Гэхдээ бид дангаараа зүтгэх хангалтгүй байгаа бөгөөд төрийн оролцоо бидэнд чухал нөлөө үзүүлдэг” хэмээн жижиг, дунд бизнес эрхлэгчид хэлж байна. Тэдэнд зөвхөн санхүүгийн дэмжлэг бус салбарыг хөгжүүлэх төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй байна. Тухайлбал, сүүлийн 10 жилийн хугацаанд 980 гаруй тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд төрөөс олгосон гэх судалгаа бий. Энэ мөнгө 100 хувь зорилтот хэрэглэгчиддээ хүрээгүй хэмээн жижиг дунд бизнес эрхлэгчид хэллээ.  

Энэ мэт ЖДҮ эрхлэгчдэд голлон тулгарч буй санхүү, хүний нөөц болон борлуулалтын асуудалд хамаарал бүхий төрийн байгууллагууд ямар бодлого боловсруулан тэднийг дэмжиж буй талаарх мэдээллийг хүргэе. 

  1. Санхүүгийн дэмжлэг ховор, хөнгөлттэй зээл олгох шугам шударга бус байдаг асуудал

Энэ жилийн хувьд Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хуваарилалтыг оновчтой, шударга, ил тод болгох чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, энэ онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 141 ААН болон иргэнд 7,4 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Мөн нийт 47 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн бөгөөд үүний 34 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулах юм байна. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал зээлийн хүртээмж гураь, дөрөв дахин өссөн үзүүлэлт гарчээ. Тодруулбал, өнгөрсөн онд 91,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 100 орчим ААН авч байжээ.

Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул “ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн орлого бүрдүүлэх бас нэг арга нь тендер байдаг бөгөөд энэ нь харьцангуй шударга бус байдаг гэж ЖДҮ эрхлэгчид үздэг” гэлээ. Тиймээс тендерийг зарлах болон шалгаруулах хэлбэрийг онлайн руу шилжүүлэх ажлыг тэд эхлүүлсэн бөгөөд одоогоор 98 хувьтай явагдаж байгаа юм байна. Мөн “Хур” төрийн үйлчилгээний систем дээр ААН-үүд аливаа үнийн саналаа өгөх боломжтой аж. Санхүүгийн эх үүсвэрт тулгардаг бас нэгэн асуудал барьцаа хөрөнгө дутагдах явдал. Энэ үед жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тусалдаг төрийн байгууллага бол Зээлийн батлан даалтын сан юм. Уг зээлийн батлан даалтын сан цэвэр итгэлцэл дээр явагддаг бөгөөд банкнаас бизнес эрхлэгчдэд ирэх шимтгэл, хураамжийн тал дээр хамтран ажилладаг байна. 

  1. Хүний нөөцийн дутмаг байдал

Хөдөлмөрийн насны маш олон залуучууд гадаадад хөдөлмөр эрхлэхээр явах болсон. Үлдсэн залуучуудын дийлэнх нь их сургуульд нийгмийн ухааны боловсрол эзэмшсэнээр хөдөлмөрийн зах зээл дээр аж үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчний хомсдол бий болсон гэдгийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байна. Үүнээс гадна ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэл нэртэй маш олон татварыг төрд төлөх шаардлагатай байдаг. Гэвч үйл ажиллагаагаа тогтвортой явуулах санхүүгийн найдвартай баталгаа байхгүй байхад нэмээд ажилтан бүрийнхээ тоогоор цалингийнх нь 30 хувьтай тэнцэх мөнгийг ЖДҮ эрхлэгчид төлж чадахгүйд хүрдэг байна. Уг нийтлэг хоёр асуудлаас болж хангалттай ажиллах хүчийг ААН-үүд бүрдүүлж чаддаггүй аж. Хүний нөөцтэй холбогдох асуудалд Зээлийн батлан даалтын сан хэрхэн ажилладаг болохыг тодруулахад “Тухайн бизнесийн байгууллагад ажилтны тоо нэмэгдэх тусам зээл авах хэмжээ нь мөн адил нэмэгддэг” гэв. Гэтэл ЖДҮ эрхлэгчдэд зээлийн хэмжээ бус татварын хэмжээ асуудал үүсгэдэг байна. Тиймээс ААН-үүд жижиг, дунд үйлдвэрлэлийн хуулинд ажилтан нэмэгдэх тусам зээлийн хэмжээг ихэсгэх бус татварыг бууруулах тал дээр нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийллээ.

  1. Борлуулалтын зах зээл

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтын зах зээлд бодлогын дэмжлэг үгүйлэгдсээр байна. АНУ-н төрийн худалдан авалтын багадаа 23 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэгчдээс авах худалдан авалт байдаг гэсэн судалгаа байна. “Гэтэл Монгол Улсын Засгийн газар жилдээ олон тэрбум төгрөгийг худалдан авалтад төсөвлөдөг боловч цөөхөн хэдийг нь эх орны үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнд зарцуулдаг” хэмээн жижиг, дунд бизнес эрхлэгчид хэлж байна. Энэ тухай Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул “Төрийн худалдан авдаг бараа бүтээгдэхүүн бол өргөн хэрэглээний бус нэг удаагийн бараа байдаг. Үнэхээр чанартай бараа бүтээгдэхүүн ЖДҮ эрхлэгчид хийвэл төр заавал авна” гэлээ. Түүнчлэн тэрбээр ЖДҮ эрхлэгчид ямар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг төр мэддэггүй гэв. Тиймээс Сангийн яамны зүгээс хэн юу үйлдвэрлэж байгааг мэдэх, таниулах зорилготой платформыг санаачлан хийсэн бөгөөд одоо зөвхөн эрх зүйн орчны зохицуулалтыг хүлээж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, 2021 оноос эхлэн хэрэгжих ажээ. ААН болон төр хоорондын худалдан авалтыг нэмэгдүүлэхэд төрийн зүгээс ч гэсэн хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг ил болгох шаардлагатай учраас үүнийг тусгасан хууль батлагдахад бэлэн болсон. Тус хуульд төр ямар ААН-тэй ямар гэрээ хийснээ ил болгох заалтыг тусгажээ. 

Санхүү, хүний нөөц болон борлуулалтын асуудлаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зах зээлээ алдахгүй байх асуудал сүүлийн үед ихээр тулгамдах болжээ. Тодруулбал, зарим групп компаниуд салбар бүрт үйл ажиллагаа эрхэлж жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зах зээлийг булаадаг байна. Тиймээс салбар бүртээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо байгуулж уг асуудлыг шийдэх хэрэгтэй хэмээн тэд үзэж байна.    

Х. Саранзаяа

Бизнес эрхлэгчдэд хүндээр тусах Татварын шинэ хуулийн зарим заалт

Өмнөх нийтлэл

ЯПОНЫ ТЭРБУМТАН ТАКАМИ ЮҮИЧИ: Би хөрөнгө оруулахдаа 51 хувийг авна гэж дайрдаггүй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох