Компанийн засаглалын олон улсын шинжээч профессор, доктор Кристиан Стренгер ОУСК-ийн “Глобал мэдлэг групп”-ын хувийн хэвшил хариуцсан зөвлөх, мөн Нью-Йоркийн Германы сан, Франкфурт дэх “Герман үндэстний хөрөнгө баялгийн удирдлага” зэрэг хэд хэдэн байгууллагын удирдах зөвлөлд багтдаг байна. Түүнийг Германы хамтын ажиллагааны байгууллагын урилгаар Улаанбаатар хотноо илтгэл тавих үеэр уулзаж, түүний сайн мэдэх сэдвээр ярилцлаа.
-Та Монголд ирээд гурав хонолоо, мөн энэ хугацаанд Монголын зарим нэг чухал хүмүүстэй уулзлаа. Таны сэтгэгдэл ямар байна вэ?
-Миний бодлоор Монгол Улс бол асар их боломж бүхий улс. Гэвч өөрчлөх хэрэгтэй олон зүйл байна. Хамгийн чухал зүйлсийн нэг нь компанийн засаглал болов уу. Ил тод байдал, ашиг сонирхлын зөрчил гэх мэт зайлшгүй өөрчлөх шаардлагатай цөөн хэдэн зүйл байна. Засаглалыг сайжруулахад ёс зүйн код, дүнгийн хавтгай, дотоод журам зэрэг олон урьдач нөхцөл байдаг ч миний сонссоноор зөв гүйцэтгэл хамгийн ихээр дутагдаж байна. Хүмүүс компанийн засаглал нь онолын зүйл, өөрт нь хамаагүй гэсэн ойлголттой байдаг. Тийм учраас иргэд сайн засаглал нь тэдний хувьд чухал зүйл болохыг, өөрчлөлт хийх ёстой хүмүүс нь өөрсдөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж хэрэг энэ бүхэн ард иргэдээс өөрсдөөс нь эхлэх ёстой.
-Тэгэхээр та юу гэж зөвлөх вэ?
-Ил тод байдлыг дэмжиж, нэмэгдүүлэх хэрэгтэй. Учир нь энэ нь ямар ч улс эсвэл компанид хамгийн чухал зүйл. Цаг тухайд нь ил тод тайлагнах үүргээ ухамсарлах хэрэгтэй. Энэ нь Монгол Улсын засаглалын кодоос эхэлнэ. Дийлэнх орнуудад заавал жилийн тайлангаа өгөх ёстой байдаг. Миний бодлоор энэ нь хамгийн чухал бөгөөд энэ нь хүмүүст тийм ч амар биш. Яагаад гэвэл том компанийн эздэд хамааралтай гүйлгээнүүд ил тод болох нь тэдний ашиг сонирхолтой сөргөлдөх магадлалтай. Гэвч лидерүүд болон бусад хүмүүс үнэхээр өөрчлөлтийг хүсэж, иргдэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эдгээр бүх зүйлс өөрчлөгдөх ёстой. Шинэ засгийн газар гарч ирж, мөн улс оронд өөрчлөлт хийх ёстой нөхцөл байдал бий болсон зэрэг нь цаг хугацааны хувьд тохиромжтой үе тохиож байна. Гадаад санхүүжилтийн эх үүсвэр болох олон улсын байгууллагуудын маш үндэслэлтэй нэгэн шаардлага бол аливаа улсыг сайн засаглалын дэглэмийг мөрдөхийг шаарддаг. Хэдийгээр хэцүү цаг үетэй тулгарч байгаа ч хэрэв дээрхийг өөрчилж чадвал танай улс зөв чиглэл рүү явж байгаа болохоор “OK” гэсэн хариултыг тэд өгөх болов уу.
-Хэдийгээр Монголчууд засаглал гэдэг үгтэй хэзээнээс танил болсон ч олонхи нь гол мөн чанарыг ойлгохгүй хэвээр байх шиг байна. Тиймээс сайн засаглал хаанаас эсвэл юунаас эхлэх вэ. Мөн компанийг сайн засаглалтай болохыг нь яаж мэдэх вэ?
-Сайн засаглалыг энгийнээр тайлбарлавал ердөө л гэрээ эмх цэгцтэй авч явахтай адил. Сайн засаглалтай компанид хэн нь юу хийх ёстой, энгийн ажилтан эсвэл захирал, дарга ялгаагүй тус бүр ямар үүрэгтэйгээ мэдэж байдаг. Эдгээр бүх зүйлс нийлж байх, тус бүр үүргээ ухамсарлаж байж сайн засаглал бий болно. Европт залуучууд хэн компанийг удирдаж, хэн нь юу хийх нь тодорхойгүй бөгөөд засаглалын бүтэц нь ойлгомжгүй компани руу зүглэдэггүй. Тэд компани зөв засаглал болон удирдлагатай байгаа эсэхэд маш чухал ач холбогдол өгдөг.
-Дэлхийн хэмжээнд авч үзвэл өнөөгийн засаглалын байдал ямархуу байна вэ, мөн хаашаа чиглэж байна вэ?
-Хангалттай төвшинд урагшилж байна. 2000-2010 оны хооронд томоохон алхмууд хийсэн. Өнөөдөр илүү хөгжингүй орнуудад ахиц, дэвшил арай удаан өрнөж байна. Учир нь бүх шаардлагатай ихэнх дүрэм журам нь бий болчихсон, мөрдөгдөж буй учир нэмж сайжруулах зүйлс тийм ч их биш. Шилдэг практикаас олж харсан бас нэгэн тодорхой зүйл бол хийж чадсан чухал дэвшилтүүдээ коддоо тусгаж байнга шинэчлэн сайжруулах хэрэгтэй. Засаглалын код гэдэг хэзээ ч өөрчлөгддөггүй хатуу хууль биш. Дэлхий ертөнцөд болж байгаа өөрчлөлтүүдийг харгалзан үзэж байх ёстой.
-Эдгээр өөрчлөлтийн зарим чиг хандлагаас дурдвал?
-Олон улсын хэмжээнд удирдах албан тушаалтнуудад төлбөл зохих цалин хөлсний нөхцөл өөрчлөгдөж байна. Менежерүүдийн хурдтай гүйцэтгэлээс илүүтэй урт хугацааны тогтвортой гүйцэтгэлд урамшуулал олгох хандлага хүчтэй болж байна. Учир нь менежерүүдэд олгох урамшуулал нь богино хугацаанд ашиг орлого олоход хэт их чиглэж байсан. Урамшуулал олгох энэ чиг хандлага олон улсад том үүрэг гүйцэтгэж байгаа нь тодорхой. АНУ болон Их Британид хамгийн өндөр цалин, урамшуулал олгодог бөгөөд эдгээр улс орнуудад хүмүүс 5-50 сая ам.долларын цалин урамшуулал авч байгаа. Гэхдээ энэ их хэмжээний мөнгийг үнэхээр авах ёстой эсэх, эсвэл эдгээр урамшуулал үнэхээр ашиг авчирсан эсэхэд тийм ч ач холбогдол өгч санаа зовнихгүй байна. Гүйцэтгэх албан тушаалтан эхний жилдээ сайн үзүүлэлт үзүүлж том урамшуулал авчихаад дараагийн жилдээ хангалтгүй үзүүлэлт үзүүлэх юм уу алдагдал авчирсан ч аль хэдийн өөрийн урамшууллаа хүртсэн учир тоодоггүй. Энэ байдал одоо хүлээн зөвшөөрөгдөхгүй болсон. Менежерүүдийг урт хугацааны амжилтад нь тулгуурлаж урамшуулал олгодог болгохыг илүү их эрмэлзэж байна.
-Тэгэхээр энэ нь ирээдүйн сайн засаглалын чухал асуудлуудын нэг гэсэн үг үү?
-Тийм ч олон том асуудал үлдээгүй. Бид юу хийх ёстой вэ? гэдэг дээр харьцангүй сайн ойлголттой байгаа. Мэдээж хэрэг жижиг сажиг төвөгтэй асуудлууд байсаар байх болно. Харин өнөөдөр том гүрнүүд байгаль орчин болон нийгмийн хариуцлагыг илүү ихээр чухалчилж байна.
-Сайн засаглалын асуудалтай тулгараад байгаа компаниуд таны хэлсэн өөрчлөлтүүдийг хийхгүй бол ирээдүйд энэ асуудалтай тулгарсаар байх уу?
-Тийм. Хэрэв асуудлаа тодорхойж өөрчлөлтийг эхлүүлсэн бол зөв зүйл хийснээ нотлоход нэлээд хэдэн жил шаардлагатай. Эцэст нь хүмүүс эдийн засаг, компани эсвэл улс орон өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрөх болно. Энэ амаргүй үүрэг даалгавар. Дахиад хэлэхэд хэрэв сайн засаглалтай бол хүмүүс “энэ л бидний хүлээж байсан зүйл” гэж хэлнэ. Хэрэв засаглалаа хийх ёстой нөхцөлөөр нь хийлгүй, худал тайлан тооцоо мэдүүлж өөрийн буруугаа үгүйсгэвэл асуудал ундарч өгнө. Тэгээд энэ бүхэн нь илчлэгдвэл зах зээлийн, тэр дундаа бусад хувьцаа эзэмшигчдийн хариу үйлдэл түүнээс ч хүнд байх болно. Хувьцааны үнэ 50 хувиар буурч, хүмүүс таны бүтээгдэхүүнээс татгалзах нь наад захын асуудал. Бодит үр дагавар нь үргэлж сөрөг байдаг. Сайн нэр хүндэд хүрэхийн тулд олон жил шаардагддаг бол түүнийг үгүй болгож нураахад ганц өдөр л хангалттай. Үүнийг л засаглалын асуудал гээд байгаа юм. Хэрэв та энэ болзошгүй уршгийг ойлгож байгаа бол буруу зүйл хийж өөртөө асуудал дуудахгүй байхыг л бодох хэрэгтэй шүү дээ.
-Сайн засаглалын эдгээр гол хүчин зүйлийг хэрэгжүүлэхэд хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хувьд тодорхой ялгаа байдаг уу?
-Хүчтэй, хөгжингүй орнуудад сайн засаглалын талаар тодорхой ойлголт эртнээс бий болж, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Хэдийгээр хөгжингүй орнуудад үүнийг хийх хэрэггүй гэж боддог хүмүүс байдаг ч маш цөөхөн. Гэхдээ цөөн гэлтгүй бусдынхаа нэр хүндэд хор хөнөөл учруулж байдаг. Харин хөгжиж буй эдийн засгуудад асуудал юунд байна вэ? гэхээр бүх эзэмшил төрийн гарт буюу тэдний гэр бүл болон бусад томоохон хувьцаа эзэмшигчдийн гарт байдаг. Тэд өгч сураагүй болохоор ил тод байдал болон бидний ярьсан бусад сайн засаглалын ойлголтод дасан зохицоно гэдэг тэдний хувьд том асуудал.
-Ялангуяа Монгол Улс шиг ямарваа нэгэн бизнес ихэвчлэн нэг хүн эсвэл нэг гэр бүлийн мэдэлд байдаг газарт уу?
-Компанийг удирдаж буй нэг хүн, гэр бүл эсвэл төр ч ялгаагүй зохистой хэмжээнд хувьцаа эзэмшигчтэй байх нь тэдний ирээдүйн зайлшгүй сонголт гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв үүнийг үл тоомсорлох аваас тэд сайн хүн биш гэдэг нь тодорхой болно. Жишээ нь уул уурхайн компаниуд маш олон захиргааны байгууллагатай тохиролцох хэрэг гардаг. Хэрэв компани тань сайн тайлантай бөгөөд нээлттэй байвал захиргааны байгууллага илүү сайн хандах болно. Сайн засаглалыг хэрэгжүүлж буй хүмүүс захиргаа болон бусад талтай илүү сайн харилцаатай байдаг.
-Та компани эсвэл улсад сайн засаглалыг хэрэгжүүлэхэд зориулагдсан хууль эрх зүйн орчин байх хэрэгтэй гэж боддог уу?
-Хууль эрх зүйн орчин хэдийнээ бий болсон. Гэвч нэмэх хэрэгтэй хэд хэдэн зүйлс байсаар байна. Тийм олон биш ч асуудал ихэвчлэн хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлэхтэй холбоотой гарч ирж байна. Дүрэм журмууд байгаа боловч хэн ч үүнийг анхааралтай харж үзэж сайн, муу дүн тавьдаггүй. Энэ нь хүмүүсийг “бусад нь үүнийг хайхрахгүй байхад би яагаад мөрдөх ёстой юм” гэх бодолд хүргэж болзошгүй.
-Компанийн засаглалтай холбоотой үйл ажиллагаанд төр ямар тохиолдолд өөрийн оролцоогоо хязгаарлах ёстой вэ? Монгол Улсын хувьд төрийн оролцоо компанийн засаглалд их байх шиг байна?
-Улс төрчид төрийг удирддаг бөгөөд тэд дүрэм журмыг сахиулж, хууль зөрчиж байгаа нэгэнд зөөлөн ханддаггүй юм гэдгийг харуулж байх ёстойг ойлгох хэрэгтэй. Төр хувьчлах, хувьцаа эзэмшигчдийг бий болгож хүмүүсийг татах боломжтой. Хэрэв олон нийт цөөнх хувьцаа эзэмшигч болбол тэд засаглалыг сайжруулахыг илүү их хүснэ .
-Манай засгийн газарт өөрийн гэсэн компанитай бизнес эрхэлдэг олон улс төрчид байна. Таны бодлоор Монгол Улс компанийн засаглалын талаарх ойлголтыг хүлээн авахад бэлэн байна уу?
-Би тэгэж найдаж байна. Би энд дүгнэлт хийх хэмжээнд хүртэл удаан байхгүй. Миний сонссоноор сайжруулах шаардлагатай зүйлс байгаа. Монгол Улсад өөрчлөлтийг урагш явуулах чадалтай хүчтэй хүмүүс хэрэгтэй. Илүү хүртээмжтэй санхүүжилт, бага зардал, засаг захиргаа болон үйлчлүүлэгчидтэй илүү сайн харилцаанд хүрэх зэрэг засаглалын чухал хүчин зүйлсийг авч үзвэл богино хугацаандаа их зүйл хийх шаардлага гарч байгаа боловч эцэст нь компанийн эздэд ч энэ нь ашигтай байх болно шүү дээ.
-Магадгүй тэд үүнийг мэдэж байгаа ч хүмүүст мэдэж байгаагаа мэдэгдэхийг хүсэхгүй байж болох талтай юу?
-Хэн нэгэн өөрөө компанийг эзэмшдэг эсэхээс шалтгаалан байж болно л доо. Хэдийгээр та компанийнхаа бүх зүйлийг тоочих шаардлагагүй байж болох ч ил тод байдлын дүрмийг тодорхой хэмжээнд мөрдөх л ёстой. Харин та олон нийтээс мөнгө авч ажилладаг бол дүрмийн дагуу л тоглох хэрэгтэй болно. Тэгэхгүй аваас тийм ч сайн зүйлд хүрэхгүй бөгөөд бүртгэлтэй компаниуд дүрмийг дагаж мөрддөг байх ёстой.
-Таны бодлоор улс төрчид өөрсдийн компаниа удирддах нь байж болох зүйл үү?
-Тэд дөрвөн жил тутам солигдож байдаг учраас тэднийг компаниа удирдахыг нь зогсоох боломжгүй. Гэвч тэд дүрэм журамд захирагдах ёстой. Ялангуяа асуудал тэдний хувийн ашиг сонирхолтой холбогдсон тохиолдолд. Байж болох энгийн дүрэм бол хэрэв та парламент юм уу, ямар нэгэн төрийн албанд сонгогдсон бол тогтмол тайлангаа мэдүүлж, ил тод байх шаардлагтай. Ил тод байдал үргэлж ямар нэг муу зүйлээс сэргийлэхэд тусалдаг. Учир нь тэд өөрийн компанийн үйл ажиллагааг нээлттэйгээр мэдэгдэх ёстой тул дүрэм зөрчсөн зүйл хийхгүй шүү дээ.