Энтерпренерүүдийн хувьд бизнес нь үргэлж хувь хүмүүстэй холбоотой байдаг. Ялангуяа хүний нөөцийн өөрчлөлт хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү. Бид зургаан үндэслэн байгуулагчаас “Ажилчидтай холбоотой таны гаргасан хамгийн хэцүү шийдвэр юу байв” гэж асуусан юм.
1. Анхны ажилтнаа халах
“Хамтдаа дөрвөн жил, үүнээс гурван жилд нь хоёулхнаа ажилласан анхны ажилтнаа халсан. Анх эхлэхэд үнэхээр мундаг ур чадвартай байсан ч компани томрох тусам тэр нь бизнесийн өсөлттэй зөрчилдөж эхэлсэн. Хэцүү байсан, үнэнч зангийн мэдрэмжээ давах амаргүй байлаа. Гэвч зөвлөхүүдтэйгээ ярилцсан, компанийнхаа ирээдүйг хэрхэн харж байсан нь намайг шийдвэртээ үнэнч үлдэхэд тусалсан”.
Денис Лий, “Alala”-г үндэслэгч, гүйцэтгэх захирал
2. Авьяастныг урамшуулах
“Манай &pizza ажилтнуудаа дотроо хөгжүүлэх бодлого баримталдаг. Нээлттэй удирдагчийн албан тушаалын төлөө манай хоёр ажилтан өрсөлдөх бүрийд би хоёуланд нь, хувь хүнийх нь давуу талд тохирсон ажлын байр бий болгохыг хичээж ирсэн. Авьяастныг золиослохын оронд авьяасыг нь хөгжүүлэх орчин бий болгохыг хүсдэг”.
Майкл Ласториа, &pizza-г хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
3. Хуваагдах
“Хамтран үүсгэн байгуулагч бид хоёр тус тусын замаа хөөхөөр шийдсэн. Ингэх нь заримдаа компанийн төгсгөл болдог ч манай брэнд болон ажилтнуудад энэ шилжилт сөргөөр нөлөөлөхгүйн тулд бид хоёр их хичээсэн. Амаргүй ярианаас нүүр бууруулахын оронд би 24 цагийн дотор шийдэл олохоор шулуудсан. Багийн бүх гишүүнтэй нүүр тулж уулзахаас эхэлж байлаа. Бид ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээр хүн болгон асуултдаа хариулт авах хүртэл тойрч алхсан. Тэр өдөр би бараг 16 км алхсан байх”.
Шанна Теллерман, “Modsy”-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
4. Сорилтыг урьдчилж харах
“Хоёр үүсгэн байгуулагчаас олон ажилтан бүхий баг болж өссөнөөр хил хязгаар, шаардлагаа тодорхойлох ёстой болсон. Хэрэв ажилтан маань хоцрогдвол эсвэл хүлээлтэд хүрэхгүй бол яах вэ? Манайд хүний нөөцийн алба байхгүй учир бид нямбай боловсруулсан заавар, гэрээтэй болсон. Бага дээр нь засаж авахгүй бол томрохоор өөрчлөхөд улам хэцүү болно”.
Сара Бауком, “Girl Tribe”-ийг хамтран үүсгэн байгуулагч
5. Орхих
Хамтран үүсгэн байгуулсан, анхны “Rent the Runway” компаниа орхиж, “Jetblack”-ийг эхлүүлэх амаргүй байлаа. Би олон зүйл эхлүүлдэг энтерпренер хүн боловч энэ шийдвэрээ олон жил мартаж чадахгүй гэдгээ мэдэж байсан. Хамт олон, хамтран үүсгэн байгуулагчтайгаа урьдын харилцаагаа хадгалж үлдэх нь хамгийн чухал байв. “Rent the Runway”-гийн зөвлөлийн гишүүн, үнэнч худалдан авагч хэвээр үлдсэн нь миний шилжилтийг зөөллөж өгсөн юм”.
Женни Флайсс, “Jetblack”-ийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
6. Хамтрагчаасаа илүү гарах
“Бидэнтэй хамтарч ажилладаг үйлдвэрлэгчид маань ер нь манай багийн гишүүд. Бид томрох тусам анхны хамтрагч маань энэ өсөлтийг гүйцэхгүй болсон учир эхний өдрөөс хойш бидэнтэй хамт байсан тэдгээр залуусыг орхих болсноо хэлсэн. Манай барааг үйлдвэрлэдэг олон хүн тэнд ажиллаж байсан болохоор их хэцүү байлаа. Гэвч бид тэр үеэ нэгэнт давж гараад саяхан тэдэнтэй загвар гаргах ажилд хамтрахаар болсон”.
Кайл Хофф, “Floyd”-ийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал