Монголд фэйсбүүк шиг платформ хөгжүүлэх гэсэн С.Сайханбаярын оролдлого 2013 онд бүтэлгүйтэж 300 сая төгрөгөөр шатав. Аав, ээж, дүү гурвынхаа амьдардаг байрыг зээлийн барьцаанд тавиад туучихав. Мөн эцэг, эхийнхээ Солонгост ажиллаж хуримтлуулсан хөрөнгийг ч сүйтгэв. Хэрэв “Ай Ти Зон” компанийн захирал Н.Баттулга “Төсөл удах тусмаа хүндэрч, босгоно гэж зүтгэсээр өрөнд ороод дуусдаг. Чи зүгээр л хаячихаж болдоггүй юм уу” гэж хэлээгүй бол ахиад хэр их мөнгө салхинд хийсгэх байсныг мэдэхгүй.
Ингээд тэр “Webstore” нэртэй фэйсбүүкийн монгол өрсөлдөгчийг бий болгох бодлоо орхиж үүний оронд зүгээр л фэйсбүүк ашиглахаар шийдлээ. Шийдвэр гаргасныхаа маргааш 10 хүнтэй төслийн багаа тарааж Мэдээлэл технологийн парк дахь ажлын өрөөндөө ганцаараа үлдэв. “Дараа сэхэхээрээ цалинг чинь өгье” гэхэд багийнхан нь түүнийг ойлгож хүлээж авлаа.
Энэ дампуурал түүнд маш том сургамж болов. Бенз машины дистрибьютер компани, MCS электроникс, Юнител зэрэг компанид 10 жил маркетингийн мэргэжилтнээр ажилласан, маркетингийн судалгаа, зөвлөгөөний “Spoonmedia” хувийн компани ажиллуулсан туршлага нь “Webstore” төслийг хэрэгжүүлэхэд тусална гэж бодсон нь эндүүрэл байв.
Гэхдээ том бүтэлгүйтсэн ч С.Сайханбаярт бууж өгөх бодол огт байсангүй. “Шал өөр, гэхдээ хамгийн сайн чаддаг зүйлээ хийх хэрэгтэй” гэсэн бодол түүний толгойд эргэлдэж байв. Хамгийн сайн чаддаг нь маркетинг байлаа. Гэвч амжилттай маркетинг хийхийн тулд дэлхийд өрсөлдөх боломжтой үндэсний брэнд байх шаардлагатай гэж үзэв.
Тоглоомыг хоёрдогч түүхий эдээр хийж болохгүй учраас РР5 дугаартай хүнсний хуванцараар хийхээр шийджээ.
Ингээд хувцас, тоглоом гэсэн хоёр сонголтоос монгол гэрийг тоглоомын брэнд болгон хөгжүүлэх хувилбарыг сонгожээ. Энэ санаа түүнд 2007 онд Юнител группт ажиллаж байхад төрсөн бөгөөд дүү С.Баярсайханы хамт энэ талаар бага багаар судалж эхэлсэн байна.
2014 онд тэд энэ санаагаа бодит ажил болгохоор шийдэж нэг мужааныг гуйн хэд хэдэн модон загвар хийлгэв. Гэвч бүтэн гэрийн мод хийхэд хоёр хүн 14 хоног зарцуулж байсан нь хэтэрхий удаан байв. Тус бүр нь 300 000 төгрөгийн үнэтэй модон загварыг интернэтэд танилцуулахад 10 хүн холбогдоод худалдаж авах сонирхолтой байгаагаа хэлэв. Гэвч энэ нь тоглоом гэхэд том, болхи хийцтэй, эвлүүлэхэд төвөгтэй учир гадаад руу авч явахад тохиромжгүй гэж тэд хэллээ. Эндээс тоглоомон гэрийг экспортолж болох юм гэсэн бодол С.Сайханбаярт төржээ.
Дараа нь Blue Sky-д болсон арга хэмжээний үеэр нэгэн үйлчлүүлэгч тоглоомон гэрийг гар аргаар хийх нь үр дүнгүй, харин авч явахад маш хөнгөн, угсрахад хялбар байх хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгчээ. Зохион бүтээгч дүүтэйгээ зөвлөлдсөний эцэст хуванцараар хийх шийдэлд хүрэв. Интернэтээс хуванцар үйлдвэрлэдэг “Хэв хашмал хуванцар” компанийг олж холбогдов. Энэ компаниас “Хийж болно. Гэхдээ хэв хийхэд 60-90 хоног хэрэгтэй. Та нар зургаа гаргаж бай” гэсэн хариу өглөө. IT паркийн 3D принтерийн цаг завыг ашиглан хаалга, тооно, унь гэх мэтчилэн эд ангиудыг нэг нэгээр нь долоо хоногийн дотор хэвлэв. Хэвлээд эвлүүлээд үзэхэд “Хөөх, гоё болж байна” гэж өөрсдөө уулга алдлаа.
Энэ хооронд С.Сайханбаярын эхнэр нь хэвтэй холбоотой тооцоолол хийсэн юм. “Хэв хашмал хуванцар” компаниас “Борлуулалтаа хийчихээд мөнгөө төлөөрэй” гэсэн нь шинэ төсөл хийж буй залууст цагаа олсон дэмжлэг болов.
Тоглоомон гэрийн эсгийг жинхэнэ эсгийгээр биш, сауны зориулалттай, үрэхэд үс унадаггүй, бактерийн эсрэг бодистой, хуурай, чийглэгийн алинд нь ч урвалд ордоггүй тусгай материалаар орлуулав. Тоглоомыг хоёрдогч түүхий эдээр хийж болохгүй учраас РР5 дугаартай хүнсний хуванцараар хийхээр шийджээ.
Угсрахад хялбар байлгах үүднээс унийг хана, тоононд тогтооход хялгасан сагалдаргын оронд түгжих аргыг хэрэглэсэн нь нэгэн төрлийн инноваци болов. Үүндээ тэд тусгай патент хүртэл авсан. Бүх тооцоо, загвараа гаргасны дараа С.Сайханбаяр, С.Баярсайхан хоёр хөрөнгө оруулагчийн эрэлд гарлаа. 2016 оны хавар тэд “Их үйлсийн эрэлд” группын захирал Р.Ганхуягтай танилцав. Энэ хүн өв соёлын асуудлыг ихэд дэмждэг байсан учир хоёрхон цаг ярилцсаны эцэст хөрөнгө оруулахаар шийджээ. Мөн загвар гаргахдаа МУИС-ийн эрдэмтэн, профессор С.Дулмаас зөвлөгөө авч байв.
Монголд борлуулсан тоглоомын 80 хувь нь бас хувь хүн, байгууллагын бэлэг дурсгалын хэлбэрээр гадаадад гарчээ.
Ингээд Р.Ганхуяг, С.Дулам болон С.Сайханбаяр гэсэн гурван хувьцаа эзэмшигчтэй “Талын эзэн” компани 2016 онд байгуулагдаж, үндэсний тоглоомын “Naad” брэнд үүссэн билээ. 2017 оны дөрөвдүгээр сард анхны борлуулалтаа хийсэн бөгөөд хоёр жил орчим хугацаанд нийт 12 мянга гаруй ширхэг тоглоомон гэр борлуулжээ. “Naad”-ын тоглоомыг борлуулдаг цэг Монголд 58, гадаадад 10 бий. Талын эзэн компанийн үнэлгээ хоёрхон жилийн дотор 2.8 тэрбум төгрөг болж өсөв.
Борлуулалтын 80 хувийг дотоодод, үлдсэнийг Орос, Хятад, Япон, Герман, Өмнөд Солонгос, АНУ зэрэг улсад хийжээ. Гэхдээ Монголд борлуулсан тоглоомын 80 хувь нь бас хувь хүн, байгууллагын бэлэг дурсгалын хэлбэрээр гадаадад гарчээ. Ингэхээр С.Сайханбаярын дэлхийд өрсөлдөх мөрөөдөл зарим талаар биелж байна.
Гэвч Lego шиг брэнд болохын тулд олон том даваа бий. Хэдийгээр тоглоомон гэрийг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэдэг ч дэлхийн том дэлгүүрүүдээр борлуулахад стандартын албан ёсны гэрчилгээ хэрэгтэй. Гэрчилгээ авахад зөвхөн зөвлөх үйлчилгээ нь 16 мянган ам.долларын өртөгтэй. Үүнээс гадна хуванцарыг нь үйлдвэрлэгч “Хэв хашмал хуванцар” компани хүртэл олон улсын стандарт авах шаардлагатай. Харин ийм стандарт авах нь Сайханбаярын компанийн дангаараа хийх ажил биш.
Мэдээллийн технологиос бүтээлч үйлдвэрлэлийн салбарт орж амжилт олж эхэлсэн нь түүний хувьд өмнөх төслүүдээс амар хялбар байна гэсэн үг биш. Бүтээлч үйлдвэрлэл (creative industry) гэх салбар нь хөгжингүй орнуудын эдийн засгийн хөгжлийн нэгэн чухал үзүүлэлт болдог бөгөөд энэ чиглэлийн төслүүд маш их мөнгө, судалгаа, цаг хугацаа шаарддаг. Барби хүүхэлдэй, Диснэйлэнд нэг өдрийн дотор бий болчихоогүй. Солонгосчууд Дэ Жангум, Жүн Мүний тухай олон ангит кинонуудаа дэлхийн сая сая үзэгчдэд хүргэхийн тулд олон сая ам.доллар зарцуулдаг.
С.Сайханбаярт ч их мөнгө хэрэгтэй. Тэр нэг бүтээгдэхүүн хөгжүүлэхийн тулд одоогоор 40-50 сая төгрөг зарцуулж байна. 2018 онд тэр 18.5 хувийн хүүтэй 420 сая төгрөгийн “Naad” бонд гаргаж нэг компани, таван хувь хүн худалдаж авчээ. Энэ оны дөрөвдүгээр сард эргэн төлнө. Энэ нь хэдийгээр эрсдэлтэй сонсогдож байгаа ч бүтээлч үйлдвэрлэл гэдэгт угаас эрсдэл, тодорхойгүй байдал сүүдэр шиг дагалддаг, жинхэнэ эр зориг шаардсан чиглэл билээ.
Монгол гэр нь 3000 жилийн түүхтэй, нүүдэлчдийн үндэсний архитектурын үнэт өвийн хувьд дэлхийд нэртэй соёлын бүтээгдэхүүн болох бүрэн боломжтой. Сайханбаяр ч ийм л бодлоор тэжээгдэж явдаг. “Монгол дэлхийд юугаар өрсөлдөж болох вэ” гэсэн асуултын хариуг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг нь магадгүй тэр байх.
Монголоо, тоглоомон гэрээ сурталчлах үүднээс гадаад орнуудад суугаа Монголын 41 элчин сайд болон консулын газруудад тоглоомон гэрээ бэлэглэх санал тавьсан ч Гадаад хэргийн сайд нь ЖДҮ учраас худалдаж аван орлого оруулъя гэжээ. Гэвч одоо болтол таг чиг. Хэрэв бүтэхгүй бол тэр ахиад бэлэглэх оролдлого хийнэ.
Бизнес.МН сэтгүүлийн №2 дугаараас