Монголд 2017 оны байдлаар нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 743 аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/ байна. Үүнээс 33 хувийг нь рестораны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд эзэлдэг. Тиймээс энэ салбарт амьд үлдэнэ гэдэг хэцүү бөгөөд үйлчилгээний байгууллагад үргэлж хэрэглэгч, үйлчлүүлэгч ялах ёстой байдаг. Манай зочин бол хоолонд дурласан залуухан, халуухан эмэгтэй. Хоббигоо мэргэжилтэйгээ холбосон энэ бүсгүй Монголд хамгийн олон гишүүнтэй, хамгийн амьд байж чаддаг “Гоё хоолтой газар хаана байна” фэйсбүүк грүппийн админ Б.Эрхсаран юм.
-Хэзээ, ямар зорилготой группээ нээсэн бэ?
-2012 онд группээ байгуулж байлаа. Миний хобби хоол, тэр дундаа сайхан хоолыг амталж үзэх. Би 2010 онд анх фэйсбүүк хуудастай болж байсан бөгөөд амталж үзсэн хоолныхоо зургийг сэтгэгдэлтэйгээ бараг өдөр бүр нийтэлдэг байсан юм. Гэтэл фэйсбүүк найзууд блог нээхийг надад санал болголоо. Харин нэг сагнал миний хэв маягт таараагүй учир хамгийн зөв платформ бол фэйсбүүк групп гэж үзсэн. Агуулга (content) бол хаан, тайлбар (context) бол хатан гэж хэлдгийн тод жишээ нь манай групп юм болов уу. Эхлээд хэдхэн гишүүнтэй байсан бол нэмэгдсээр жилийн дотор 10 мянгад хүрч, 10 мянгын баяр тэмдэглэсэн. Харин одоо 171 мянга гаруй гишүүнтэй болжээ. Би Монголд ШУТИС-ийг бизнесийн удирдлагаар, Тайвань улсын Тайжун хотын Боловсролын Их Сургуулийг мөн адил бизнесийн удирдлага мэргэжлээр сурч, магистрын зэрэг хамгаалсан. Тиймээс миний мэргэжил энэ группийг ингэж идэвхитэй байлгахад тус дэм болсон гэж боддог.
“Гоё хоолтой газар хаана байна” группын дүрэм нь бусад хоолны группээс их ялгардаг юм шиг санагддаг. Үүнээс гадна хамгийн эрэлттэй групп болгосон хүчин зүйлийг нь та юу гэж боддог вэ?
Манай групп-д манай дүрэм үйлчилдэг. Хэдий хязгаарлагдмал ч дүрмээ ойлгосон бол ардчилсан групп юм. Дүрэм нь их энгийн. Нэгдүгээрт, та гэртээ хийсэн хоолныхоо талаар групп-д бичихгүй. Гэрийн хоол, ээжийн хоол хамгийн сайхан гэдгийг бүгд мэддэг шүү дээ. Хоёрдугаарт, үйлчилгээ, орчин, амтыг арваас тэд гэж үнэлдэг. Мөн үнэ болон хаягийг тодорхой мэдээлдэг байх ёстой. Учир нь түргэн хоолны газраас авсан хуушуур таньд үнэхээр таалагдсан бол, ресторанд орж үйлчлүүлэхэд үйлчилгээ нь муу байсан бол түүнийгээ мэдрэмжээрээ бусадтай хуваалцах нь манай группийн гол зорилго юм. Манай групп нээлттэй /public/ биш хаалттай /closed/ байдаг нь бас нэгэн давуу тал. Би нэг админ, хоёр модератортайгаа бүх постыг нягталж уншсаны эцэст зөвшөөрч /approve/ нийтэлдэг. Ингэснээрээ манай групп зургаан жилийн турш үнэ цэнээ алдалгүй зорилгоо амжилттай биелүүлж яваа гэж боддог.
Танай групп-д элсэх нь энгийн хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд ямар ашигтай вэ?
Хамгийн чухал нь хоолны тухай үнэн, зөв мэдлэгтэй болох, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх явдал. Тухайлбал Lobster \сам хорхой\ -ыг зарим хүмүүс том сам хорхой гэхэд зарим нь өөр хоол гэх мэтээр мэдлэгээ уралдуулдаг. Үүний үр дүнд гишүүд маань Lobster гэх хоолны тухай мэдлэгтэй болно. Мөн манай групп-д та мэдээллийг бүрэн дүүрэн, товч тодорхой нийтэлж, нөгөө талаас тухайн үйлчилгээний газар, тухайн хоолны мэдээллийг авах боломжтой юм.
Тэгвэл хоолны үйлчилгээ эрхэлдэг газруудад ямар ашигтай вэ?
Feedback маркетинг буюу эргэх холбоотой ажиллах боломжтой талбар нь манай групп юм. Надад “энэ постыг устгаад өгөөч”, “үнэ ханш тохирьё” гэх мэт санал хэд хэдэн удаа ирсэн. Би бүгдэд нь үгүй гэж хариулсан. Учир нь тухайн рестораны талаар таагүй нийтлэл оруулсан хүнтэй нь рестораны эзэн өөрөө холбогдох ёстой. Хэрвээ уучлалт гуйгаад, дахин хооллох санал тавьж хэрэглэгчдээ санаа тавьбал энэ үйлдэл тань эргээд давуу тал болдог. Ийм тохиолдол ч цөөнгүй гарсан. Ийм алхам үйлчилгээндээ хамгийн бодитой анхаарал тавихад тусална. Тухайн зөөгч, угтагч ямар алдаа гаргасныг мэдээд сайжруулах боломжтой.
Хэрэв тухайн байгууллагын маркетинг мэдрэмжтэй бол үүнийг ажиглаж, рестораны нэр хүндээ, бусдаас ялгарах байдлаа ч тэр сайжруулж чаддаг. Би Монголын ресторануудын үйлчилгээний соёлыг илүү гоё болоосой гэж боддог хүмүүсийн нэг учраас хоолны үйлчилгээ эрхэлдэг бүх газарт манай группийг ийм байдлаар ашиглахыг зөвшөөрдөг.
Танай гишүүд сүүлийн үед хооллох ресторанаа сонгохдоо юуг хамгийн түрүүнд анхаарч байна вэ?
Манай группийн 140 мянга гаруй гишүүн байнга идэвхитэй. Тэдний 80-90 хувийг 24-35 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс эзэлж байна. Тэгэхээр энэ хүмүүс тодорхой ажил, орлоготой болчихсон буюу ресторанаар үйлчлүүлэх хамгийн боломжтой хүмүүс гэсэн үг. Тэд сүүлийн үед тухайн ресторанаас хандлага болон орчинг онцолдог болсон. Тухайлбал, Улаанбаатар хотын хамгийн өндөр барилгын хамгийн дээд давхарт байх рестораны цонхон талд л суух, эсвэл хүн цөөтэй, тайван орчинтой мөртлөө тухтай буйдантай газарт орно гэх мэт. Үйлчилгээний хувьд өөртөө үйлчлэх боломжтой. Хамгийн чухал нь орчин гэж үздэг болжээ.
Хичнээн сайхан хоолтой байлаа гээд үйлчилгээ, соёл нь хангалтгүй бол дахиж үйлчлүүлэх хүн ховор.
Тэгвэл ресторанууд үйлчлүүлэгчдийн хүссэн шиг байж чаддаг уу?
Орчинг аажмаар өөрчилж болно. Алдаа гарахад засахад хэцүү зүйл бол хандлага юм. Хандлагыг тухайн рестораны нүүр царай болох зөөгч нь тодорхойлдог. Учир нь үйлчлүүлэгчидтэй хамгийн түрүүнд, хамгийн чухал харилцааг үүсгэдэг хүн бол зөөгч. Монголд зөөгчийн ажлыг дургүйд хүчгүй гэгчээр ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүйгээр оронцоглох явдал нэлээдгүй байдаг. Гэвч зөөгч бол өндөр мэргэжлийн хүн байх учиртай. Яагаад гэвэл үйлчлүүлэгчид зөвхөн хоол биш, үйлчилгээ, орчинг хамтад нь худалдан авдаг. Мэдээж цайны газар орчихоод рестораны үйлчилгээ шаардахгүй шүү дээ. Сүүлийн үед ресторанууд хандлагаараа ялгарч байна. Хичнээн сайхан хоолтой байлаа гээд үйлчилгээ, соёл нь хангалтгүй бол дахиж үйлчлүүлэх хүн ховор. Тиймээс сайн зөөгчийг ресторанууд булаацалдаад л авдаг болсон.
Сайн зөөгч гэдэг нь хаана суух, ямар хоол санал болгох, хоолоо хэрхэн танилцуулах гэх мэт үйлчлүүлэгчээ мэдэрдэг зөөгчийг хэлнэ. Харамсалтай нь 100 зөөгчөөс зөвхөн тав нь хэрэглэгч болон тухайн рестораны харилцааны гүүр болсон мэргэжлийн зөөгч байж чаддаг.
Миний олж мэдсэнээр АНУ-д зөөгчийн үндсэн цалин бага бөгөөд гарын мөнгөөрөө цалинждаг. Энэ нь тухайн зөөгчийн ажлын үр дүнг харуулахаас гадна гарын мөнгө өгөх нь жирийн үзэгдэл болжээ. Тэгэхээр хоолны чиглэлээр бизнес эрхэлдэг газрууд зөөгчөө мэргэшүүлж, сургалтад суулгаж, хандлагыг нь эерэг зөв байлгаж чадвал хэрэглэгч үйлчлүүлэгчдийг татаж чадна гэж бодож байна. Миний хувьд надад хамгийн их таалагддаг зөөгчөө ямар газар ажилд орсон ч дагаад л, тухайн ресторанаар нь үйлчлүүлдэг.
Танай группын цаашдын үйл ажиллагаа ямар байх вэ?
Бид хоол, хоолны газар, үйлчилгээ, үнэ ханшийн тухай үргэлж мэтгэлцээн өрнүүлдэг нь энэ группийг амьд байлгадаг. Би групптээ тухайн байгууллага болон хэрэглэгч хоёрын дунд гүүр болж тоглолт хийдэгтээ дуртай. Би анх группээ нээхдээ таалагдаагүй газраа шууд л нийтэлдэг байсан бол одоо эхлээд гомдлоо хэлж, анхааруулдаг болсон. Гэхдээ хоолны газрууд үйлчлүүлэгч, хэрэглэгчидтэйгээ хэрхэн яаж харьцахаа мэдэрдэг болж байна. Энэ бүгдийг харахад би олон мянган гишүүнтэй болно гэхээсээ илүү хоолны мэдлэг, соёл гэх тэр том зүйлсээс бага ч болтугай олон хүмүүст тарааж, түгээхийг л хүсдэг дээ. Манай групп ч цаашдаа яг энэ зарчмаар хөгжих болно.
сайн байна уу ,танай групийн мэдээлэл сайн бөгөөд ил шударга бодитой байдаг , харин би сүүлийн үед нэгэн байнга үйлчлүүлдэг сүлжээ рестораны талаар бичихээс өөр аргагүй байна ,3р хороолол зн билэг дэлгүүрийн байранд байдаг броадвэй ресторан гэр бүлээрээ орж үйлчлүүлж байтал ширээн дээр жоом гүйсэн зөөгч уучлал гуйгаад өнгөрсөн. дахин сайхан найзуудтайгаа үйлчлүүлсэн мөн жоом тавагны ероолд наалдсан байв . жоом бол халдварт шар өвчин төдийгүй хи олон өвчин үүсгэгч энэ газар энэ компани ямарч арга хэмжээ авахгүй байна гал тогоо ямар нөхцөлд хоол хийж үйлчилж байгаа нь ойлгомжтой холбогдох хяналтын хүмүүс үздэггүй юм болов уу
Lobster – хавч
Shrimp – сам хорхой
Арайл худ гарчигтай юу үгүй юу хаха