Урт удаан настай “Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга” гуравдугаар сарын 25-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдлаа. Батлагдсан даруйд бизнес эрхлэгч төдийгүй хувь хүмүүсийн дунд олон маргаан үүсч байна.
Юуны өмнө Татварын хуулийг шинэчлэх болсон үндэслэлийг дурдах хэрэгтэй.
- 2006 оноос хойш эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжин төрөлжиж, даяарчлагдсан нарийн төвөгтэй, техник технологийн хурдацтай өөрчлөлтийн орчинд явагдаж байна.
- Дэлхийн түвшний үндэстэн дамнасан корпорациуд манай улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр корпорациуд улс хооронд үнэ шилжилт хийн татвараас зайлсхийх эрсдэл үүсч татварын маргаан, үл ойлголцол нэмэгдэж байна.
- Татварын эрх зүйн орчин ил тод биш, мэдээлэл харилцан солилцдоггүй, үнэ шилжилт хийх боломжтой, татвараас зайлсхийх “гүүр” улс болох эрсдэлтэй тул Европын холбооны Хар жагсаалтад орсон гэж Сангийн яам үзэж байна.
Татварын багц хуулийн шинэчлэл нь бүхэлдээ татварын бааз суурийг нэмэгдүүлж, бизнес эрхлэгч, орлого олж буй хэн бүхнийг татвар төлөгч болгон бүртгэж байгаа зэрэг нь сайшаалтай. Харин нөгөө талаар татварын албаны механизм хатуу, чанга байх зохицуулалтууд орсон гэж МҮХАҮТ-ын гишүүд үзэж байна.
Учир нь хууль батлагдахаас өмнө МҮХАҮТ гишүүдийнхээ дунд санал асуулга явуулж өөрсдийнхөө саналыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Гэтэл зарим нь дэмжигдэж, зарим нь дэмжигдээгүй тул нийгэмд асуудал дагуулаад байгаа юм.
Тодруулбал МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин дараах заалтуудыг анхаарах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Үүнд:
- Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгаар татварын байцаагчийн торгох хэмжээ эрс нэмэгдсэн нь дарамтлах, улмаар авилгал ихсэх нөхцөл болж болзошгүй. Тухайлбал, хуулийн 84.2-д зааснаар Суутган татвараа аваагүй, тайлагнаагүй бол төлөх татварын 50 хувьтай тэнцэх, мөн 83 дугаар зүйл, 85.1 дүгээр зүйл заалтаар татвар төлөх орлогоо дарагдуулсан гэж үзвэл торгуулийн хэмжээг 50-100 хувиар торгох эрхийг олгосон.
2. Уг хуулийн 53, 55, 62-73 дугаар заалтуудаар татварын өр барагдуулах, албадан арга хэмжээ авах, битүүмжлэх харилцааг хатуу чанга болгож өгсөн нь өнөөдрийн нөхцөлтэй хэрхэн зохицож буйг анхаарах ёстой.
3. Шинэ хуулийн 34 дүгээр зүйлээр Татварын эрсдлийн удирдлага гэдэг хяналт, шалгалт хийх шинэ заалтыг оруулж өгсөн. Энэ нь Эрсдэлтэй гэдэг нэрийдлээр хяналт шалгалт хийх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг. Ингэхдээ татварын байцаагч өөрийн үзэмжээр, шүүхийн шийдвэргүйгээр орон байр, автомашиныг битүүмжлэх эрсдэлтэй. Хөдлөх хөрөнгөд эзэмших эрхийг татварын байцаагч эдэлдэг. Дуудлага худалдаанд оруулбал үнийг татварын байцаагч тогтоохоор байгаа юм. Энэ бол ноцтой заалт.
5. Мөн 20.5, 22.5, 25.7, 26, 29,7-29,8 гэсэн заалтуудад зөвхөн татвар төлөгч бус түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд болон гуравдагч этгээдийг хамруулан татварын асуудлаар шалгах, хянах, мэдээлэл гаргуулж авах онцгой эрхийг татварын алба, байцаагчид бий болгож өгсөн.
6.Татварын өр нь 20 сая бол хилээр гарах эрхийг хязгаарлана гэж байгаа. Энэ заалт гадаадын иргэнд хамаатай гэж тайлбарлаж байгаа ч хөрөнгө оруулагчдаа ингэж ялгаварлах хэрэггүй. Ямар нэг асуудал үүсвэл шүүхийн байгууллагаар дамжуулж шийдэх ёстой. Татварын маргаан таслах зөвлөл дээр оролцоог тэнцүү байлгах ёстой, тэгж байж эрүүл шийдвэр гарна.
Үүнээс гадна олон нийтийн дунд “татварын өрөө барагдуулалгүй нас барсан тохиолдолд тухайн өрийг гэр бүлийн гишүүд төлнө” гэж бухимдаж байна.
Олон нийтийн дунд бухимдал үүсгээд буй татварын дээрх асуудлаар Сангийн яамнаас мэдэгдэл хийснийг хүргэе.
Энэ мэт зөрчилдөөн, асуудал ихтэйгээр “Татварын хуулийн шинэчилсэн найруулага”-ыг баталлаа. Харин МҮХАҮТ, түүний гишүүн байгууллагууд, Монголын Бизнесийн зөвлөл болон олон бизнес эрхлэгч энэхүү хуулиа дахин анзаарч харахыг уриалж байна.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин- Татварын багц хууль олон жил яригдаж ирсэн, олон жил ч үйлчлэх болохоор нухацтай хандах ёстой. Тиймээс үүнийг эргэж хараасай гэж хүсч байна. Мэдээж энэ хуульд сайн заалт олон бий, үүнийг нь бид дэмжиж байна. Харин бизнес руу шууд халдсан, шууд үйл ажиллагаанд нь хохирол учруулах заалтыг нь эргэж хараасай гэж хүсч байна.
Мөн “The Business Council of Mongolia”-н удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан “Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга”-ын талаар сэтгэгдэлээ хэлсэн юм.