Бизнес эрхлэгчид ажил хэргийн их ачааллын дараа биеэ амраах, сэтгэлээ тайтгаруулах өөр өөрийн арга хэлбэртэй байдаг. Тухайлбал, арав гаруй жил бизнес эрхэлж буй Б.Энхтүвшингийн хобби нь снүүкэр бильярд ажээ. Тэрбээр үүнд багагүй цаг заваа зарцуулдаг байна. Барилгын сантехник, инженерийн “Ти-Ар-Жи констракшн” компанийн захирал түүнд бизнесийн хамтрагчдаа нэмэгдүүлж, олон амжилттай гэрээ хэлцэл хийхэд энэхүү хобби нь тодорхой дэм болдгоо хуваалцлаа. Учир нь бильярд чөлөөтэй, тав тухтай орчинд өрнөдөг спорт тул хэлэлцээр, яриа өрнүүлэхэд хамгийн тохирох орчин болдог.
Бильярд бол шатартай ижил тооцооллын спорт. Цохилт хийх бүрдээ гурван нүүдлийн цаадахыг төлөвлөж тоглодог. Ганц л цохилт алдахад хожих боломж эрс буурна. Үүний тулд өөрөө өөртэйгөө тэмцэх спорт тул сэтгэл санааны бэлтгэл маш их хэрэгтэй.
Энэ нь хүний зан араншинг төлөвшүүлж, тэвчээртэй, тооцоололтой амьдрах чадварыг бий болгоно. Тиймээс л бизнесменүүд түлхүү тоглодог гэж Б.Энхтүвшин хэлж байна. Нөгөөтэйгүүр ганц цаг тоглох нь 2-3 километр зайд алхдагтай адилхан. Мөн тайвшруулах ногоон өнгийн ширээ, сэтгэл сэргээх өнгөлөг бөмбөг нь санаа зовнилыг мартуулж, стресс тайлах шидтэй.
Б.Энхтүвшин бильярд гэхээр л мөнгө харамладаггүй нэгэн. Тэрбээр бильярд сонирхогчдод зориулан “Элит” снүүкер клуб ажиллуулдаг бөгөөд нэг ширээ нь дунджаар 10 орчим сая төгрөгийн үнэтэй. Энгийн палк нь 20-40 мянган төгрөгийн үнэтэй бол дундаж чанартай нь 500-1 саяын хооронд байдаг аж. Харин түүний хувийн палк нь 800 мянган төгрөгийн үнэ бүхий “Омин” брэндийнх.
Хамгийн өндөр оноо нь 147 байх бол Б.Энхтүвшин нэг палкаар 93 оноо авч байжээ. Түүний хувьд мэргэжлийн тамирчин биш ч байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг. Долоо хоногийн хоёроос гурван өдөрт нь заавал тоглоно. Ингэхдээ сайн тамирчидтай тоглож байж сайжирдаг гээд мэргэжлийн тамирчидтай хүч үзэхийг илүүд үзнэ.
Хождог хэдээ л дуудаад тоглоод байвал хэзээ ч хөгжихгүй гэж байсан юм. Гадна, дотны энэ төрлийн тэмцээн үзэж сонирхож, өөрөө ч оролцдог.
Тэрбээр дэлхийн аваргын тэмцээн үзэж байхдаа дэлхийн аварга Нейл Робертсонтой тоглолтын завсарлагааны үеэр хамт тоглосноо дурсан ярих дуртай.
Хүүхэд ахуй цагаасаа сагсан бөмбөг тоглож ирсэн бөгөөд энэ тухайгаа ярихдаа “Сагс тоглодог хүн ямар ч спортод эвсэлтэй байдаг. Тиймээс бильярд сурах надад хүндрэлтэй байгаагүй” гэв. Тэрбээр улсын чанартай тэмцээнд хоёр ч удаа шигшээ наймд шалгарч, барилгын салбарынхны Barilga Billiard тэмцээний аваргаар гурван удаа тодорч байжээ.
Б.Энхтүвшиний хэлснээр “Ижил төрлийн хоббитой бол бизнесийн түнштэйгээ дотносох бүр ч амар” гэв. Ялангуяа танилын хүрээгээ бий болгож амжаагүй байгаа залууст хандан “Сонирхолдоо тулгуурлан хүрээллээ өргөжүүлэх клуб дугуйланд элсэж, шинэ арга хэмжээнд оролцох замаар өөрсдөдөө боломжийг нээгээрэй” хэмээн Б.Энхтүвшин захирал зөвлөлөө.