Улсын хэмжээнд бүртгэлтэй 155 мянга гаруй аж ахуйн нэгжийн тэн хагас нь л идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 77 хувийг жижиг дунд үйлдвэрийн салбар эзэлдэг. Хөгжингүй орны эдийн засгийн дийлэнхи хувийг ЖДҮ эзэлдэг бол манай улсад эдгээр бизнес эрхлэгчид хэрхэн буйг дээрхи судалгаа харуулж болох.
Тэдний хөлөө олохгүй, томрохгүй байгаа нь олон шалтгаантай ч чадавхжуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашигтай ажиллахад зөвлөх үйлчилгээ маш чухал гэдгийг төр, засгийн түвшинд ч тэр, бизнес эрхлэгчдийн хувьд ч ойлгох болжээ.
Дэлхийн жижиг дунд бизнесийн экосистемд төр, финтек компани, даатгал, харилцаа холбоо, банк бус хөрөнгө оруулалтын сан, хөгжлийн байгууллага, санхүүгийн боловсрол олгох төв, банкууд, IT компани болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд жигд оролцоотой байдаг. Тэгвэл олон улсын жишгээр бизнесийн зөвлөх үйлчилгээ нь бизнес эрхлэгчдийн өөрсдийнх нь олж харж чадахгүй байсан боломж, бэрхшээлийг илрүүлж, түүнийг нь шийдэх арга замыг тодорхойлж өгдөг юм. Тэр хэрээрээ аливаа бизнест үр ашиг, хэмнэлт, өсөлт, өргөжилт бий болдог.
Монгол улсын жижиг дунд бизнесийн экосистемийн дийлэнхи буюу 53,7 хувийг банк эзэлдэг бөгөөд бизнесийн зөвлөгөө өгөх компаниуд ердөө таван хувийг эзэлж байна. Хэдий эзлэх хувь бага ч “Монгол Улсад бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудын тоо нэмэгдэж, үүнийгээ дагаад чанаржиж байна” гэж ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан хэллээ. Өөрөөр хэлбэл манай улсад 2018 оны 3р улирлын байдлаар Бизнес эрхлэгчид болон мэргэжлийн чиглэлийн холбоогоор үйл ажиллагаа эрхэлж буй 421 компани байна. Энэ нь 2014 оныхтой харьцуулбал 2 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн арилжааны банкны төлөөлөл Хаан банк харилцагчиддаа зөвхөн зээл өгөөд зогсохгүй санхүүжилтийг зөв зарцуулах, эрсдэлийг зөв тооцоолох зэрэг бизнесийн зөвлөгөө өгдөг шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ.
Монголд тоотой хэдэн том компаниуд л өөрийн гэсэн хүний нөөц, маркетинг, судалгаа, стратеги төлөвлөлтийн хэлтэсийн баг байгуулж тэр чиглэлээр ур чадвартай хүмүүсийг цалинжуулж, компанийхаа үйл ажиллагаанд ашиглаж чаддаг. Гэтэл Монголд буй 70 гаруй мянган компаний найман хувь нь л 20-оос дээш хүнтэй ААН-д байдаг. Тэднээс бусад хувь нь буюу Монголын дийлэнх ААН-үүдийн хувьд маркетинг, судалгаа, стратеги төлөвлөлтийн мэргэжилтэй хүмүүс ажиллуулах нь хэтэрхий зардалтай, үр өгөөжгүй гэж үздэг. Гэтэл тэдний хувьд тулгамдаж буй бүхий л асуудлаа мэргэшсэн бизнесийн зөвлөхүүдээр шийдүүлэх нь хамгийн оновчтой сонголт болдог.
Тухайлбал 100 сая төгрөгийг гар утасны аппликэйшн ашиглан 100 мянган хүнд ямар ч барьцаагүй зээлэхэд эргэж олж чадах уу? гэж нэгэн бизнес эрхлэгч Кингдом Консалтинг ХХК-ийн зөвлөхөөс асуужээ. Хариулт нь “Болно, хамгийн гол нь бизнес загвараа зөв гаргах хэрэгтэй” гэсэн. Энэ бол Lend.mn аппликэйшний авсан анхны бизнес зөвлөгөө.
Манай улсад зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн ч гүйцэтгэдэг. Зөвлөх үйлчилгээний салбар хөгжсөнөөр нэмүү өртөг шингэсэн мэдлэгийн эдийн засаг хөгжих боломжтой гэж үздэг. Тиймээс “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” гэсэн ойлголтыг хуульчилж, энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь зүйтэй гэдэг үүднээс Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Жижиг, дунд үйлдвэрийн цар хүрээ, хөгжлийн үе шат, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, гадаад зах зээлд нэвтрэх чадамж, техник, технологийн байдлыг нь харгалзан бизнесийн зөвлөх үйлчилгээ явуулахад дэмжлэг үзүүлнэ, энэ төрлийн үйлчилгээг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үзүүлж болно” гэж заажээ.
Дэлхийн хэмжээний компаниуд аль хэдийн Монголын зах зээлд өрсөлдөөд эхэлчихсэн. Тэд бүгд олон жилийн үйл ажиллагааны туршлагатай төдийгүй бизнесийн зөвлөх үйлчилгээний үнэ цэнийг мэдэж, ашиглаж сурсан байдаг. Энэ нөхцөлд манай улсын бизнес эрхлэгчид маш богино хугацаанд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц ажиллаж эхлэх шаардлагатай болжээ.