Тэрбумтан Б.Гэйтс ойрын жилүүдэд хүн төрөлхтөнд эрс өөрчлөлт авчрах боломжтой 10 шинэ санаа, технологийг саяхан нэрлэсэн билээ. Хиймэл мах, гэдэсний өвчнийг илрүүлэх зорилгоор залгидаг үрэл, хорт хавдрын эсрэг вакцин, нүүрсхүчлийн хий шүүх технологи, цөмийн цоо шинэ эрчим хүч, зүрхний үйл ажиллагааг хянадаг бугуйн цаг, дутуу төрөлтийг урьдчилан мэдэх шинжилгээ, бохирын хоолойгүй бие даасан жорлон зэрэг 10 технологийг тэрбээр нэрлэсэн агаад сонголтоо хийхэд нь тусалсан 10 номыг тэрбээр MIT Technology Review сэтгүүлд танилцуулсан юм.
“Life 3.0” (Зохиолч Макс Тегмарк)
Хиймэл оюун ухаан дэлхийг хэрхэн өөрчилж буй талаар мэдэхийг хүсдэг хүн бүр энэ номыг уншууштай. А.Тегмарк эл номдоо бид ингэх, тэгэх ёстой гэж зөвлөөгүй бөгөөд үүний үр дүнд “Амьдрал 3.0” ном нь энэ сэдвийн талаар маш их суурь мэдлэг олгох бүтээл болж чадсан.
“Should we eat meat?” (Вацлав Смилл)
Би Смилийн бичсэн бүхнийг шимтэн уншдаг. Мах болон сүүн бүтээгдэхүүнийг орлуулагч бүтээх талаарх миний санал бодолд тэр итгэдэггүй, харин ч хүмүүсийн хооллох хэв маягт сөрөг нөлөө үзүүлнэ гэж үздэг. Хэдий бид энэ тал дээр санал нийлэхгүй байж болох ч дэлхий гарагаа сөнөөлгүй дэлхийн хүн амыг тэжээх талаар Смил тун ухаалаг зүйл энэ номдоо өгүүлсэн гэж би дүгнэж байгаа.
“I contain multitudes” (Эд Ёнг)
Микроб миний сонирхлыг их татдаг. Хүний гэдэс нь төрөл бүрийн өвчин эмгэгийг эмчлэхэд чухал байр суурь эзэлдэг гэж би боддог. Ялангуяа хоол боловсруулах системд байдаг төрөл бүрийн бактерыг хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэхэд ашиглаж болох тухай Э.Ёнгийн санаа миний сонирхлыг их татсан.
“The Emperor of all maladies” (Сиддхарта Мухерже)
Хорт хавдрын “намтар”-ын тухай эл бүтээл Пулитцерийн шагнал хүртсэн бөгөөд сүүлийн нэг зууны турш хорт хавдрын эсрэг хийсэн тэмцэлд гарсан ахиц, дэвшлийн талаарх гайхалтай хүүрнэл болжээ. Эдгээр ахиц, дэвшил нь миний нэрлэсэн жагсаалтад багтсан вакцин зэрэг олон нээлтийн эх үндэс болсон юм.
“Behind the Beautiful Forevers” (Катерин Бу)
Технологийн тухай номын жагсаалтад Мумбай хотын ядуусын дүүргийн тухай ном багтсан нь хачирхалтай санагдаж байна уу. Гэхдээ Катерины номд ариун цэврийг сахих, бохирын асуудалтай тэмцэх талаарх хамгийн чухал, ойлгомжтой санаанууд туссан юм. Жорлонг шинээр бүтээхийг хүсэж байгаа хүн бүхний заавал унших ном.
“Homo Deus” (Юваль Ноа Харари)
Өвчин, өлсгөлөн, дайн үгүй атлаа бурхан мэт шүтэгдсэн элитүүд, супер ухаалаг роботуудын хувьд бусад хүмүүс илүүдэл гэж тооцогдох ёозгүй ирээдүйн тухай Харари энэ номдоо өгүүлжээ. Ийм гамшигаас сэргийлэх боломж бий тухай энэ номоороо хүн төрөлхтөнд түүнийг санууллаа гэдэгт би найдаж байна. Хэрэв та маргаашийн сорилтыг шийдвэрлэхийн хүсдэг бол энэ ном танд нэгийг бус нэлээд ихийг бодогдуулах санаа өгнө.
“Enlightenment now” (Стивен Пинкер)
Инновац нь амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа тухай би бичсэн. Харин хэрхэн, яаж гэдгийнх нь тайлбар энэ номд бий (Миний дуртай ном). Дэлхий хэрхэн мөн яагаад улам сайн сайхан болж байгаа талаар ялгаатай 15 ахиц, дэвшил дээр үндэслэн С.Пинкер тайлбарлажээ.
“Sustainable energy without hot air” (Дэвид Маккай)
Эрчим хүч хаанаас үүсдэг, түүнийг хэрхэн ашигладаг, эрчим хүчний шинэ эх үүсвэрт шилжихэд ямар сорилтууд тулгарч байгаа талаар та сонирхдог бол энэ номыг заавал уншихыг санал болгоё.
“Energy myths and realities” (Вацлав Смилл)
Өнөөгийн эрчим хүчний дэд бүтэц цаашид ч байсаар байх болно гэдэгт Смилл итгэлтэй байна. Цөмийн эрчим хүч нь одоо байгаа дэд бүтцийг ашиглах байдлаар цаашид олон арван жилийн турш цахилгааны гол эх үүсвэр байх болно гэдэг дээр Смилл бид хоёр санал нэгддэг.
“The most powerful idea in the world” (Уильям Розен)
Инновац хэрхэн дэлхийг өөрчилдөг, цаг хугацааны турш хэрхэн хөгжиж сайжирдаг тухай олж мэдэхийг хүсч байгаа бол уурын хөдөлгүүрийн талаарх эл дэлгэрэнгүй түүх танд таалагдах нь гарцаагүй.
Н.ЭНХБАЯР