Шинээр бизнес эхлэж буй хүмүүс хөрөнгө оруулалт, бүтээгдэхүн хөгжүүлэлт, PR маркетинг, ажиллах орчин зэрэг хүчин зүйлст ихэнх анхаарлаа хандуулдаг. Харин гол асуудлуудын нэг бизнесийн орчин дахь хууль эрх зүйн асуудлаа мартах, тоохгүй орхих тохиолдол бий. Тиймээс тус салбарын мэргэжилтнүүд хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө өглөө.
MDS and Khanlex LLP-ийн Ахлах партнер Ц.Одмаа
- Хэрэв та өөрийн бизнесийн үйл ажиллагааг компаниар дамжуулж явуулдаг бол тухайн компани ямар нэг алдагдалд орвол та зөвхөн эзэмшиж байгаа хувьцааныхаа хэрээр хариуцлага хүлээнэ.
- Ялангуяа стартапууд зохицуулалттай салбарт шинэ зүйл хийхээр ажиллах нь нийтлэг болсон. Ийм тохиолдолд танай компани ашиг олдог гол чиглэлээ олоод, тэр нь аль хяналттай зах зээлд байна түүн дээрээ шинэ компани нээх хэрэгтэй.
- Хяналт, зохицуулалттай салбараас компанийн үйл ажиллагаа бүрэн хамаарч байвал эрсдэл өндөртэй.
- Хөрөнгө оруулалтаас өмнө одоогийн нөхцөл ямар байна, ирээдүйд ямар зүйлд хүрэх вэ? ямар хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ? гэдгээ сайн тодорхойлох хэрэгтэй.
Өөртөө яг ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаагаа тодорхой ойлгож чадвал аль хөрөнгө оруулагчид хэдэн хувьцаа санал болгох аяндаа тодорхой болно.
- Хөрөнгө оруулагч хайхаас өмнө компани доторхоо тодорхой болго.
- Хөрөнгө оруулалтын тохиролцоо ярьж байхдаа эхлээд эдийн засгийн үр өгөөжийг дараа нь удирдах эрхийн асуудлыг сайн бод.
- Олон улсад стартапын хөрөнгө оруулагчид нь тухайн салбараа сайн ойлгодог. Харин Монголд энэ салбар харьцангуй шинэ буюу хөгжлийн шатандаа явж байна.
- Стартапууд юугаа худалддаг вэ? гэхээр одоо байгаа зүйлээ биш ирээдүйд бий болох зүйл болон үүсгэн байгуулагчдаа л худалддаг. Үүнийг хөрөнгө оруулагч тал ойлгохгүй байх тохиолдол бий.
Үүсгэн байгуулагчид авьяас чадвараа үнэлж байгаа бол хөрөнгө оруулагчид мөнгөө үнэлдэг.
- Хэлцэл хийж байх үедээ хоёр тал, харин хэлцлээс хойш нэг тал болдгийг сайн ойлго.
- Манай улсын стартапын экосистем дөнгөж л хөгжих шатандаа явж байна. Тиймээс анхдагч та бүхэн суурийг нь зөв тавьбал ирээдүйд энэ салбар сайн хөгжинө.
- Ажилтан “А” танай компанид маш чухал хүн байвал тухайн хүнийг нэг жил ажиллахад компанийхаа нэг хувийн хувьцааг өгнө гэж тохирох боломжтой.
- Компанийн үнэлгээ хөрөнгө оруулалтын өмнөх болон хойшхи гэж байдаг учир хоёр тал үүнийгээ тодорхой байлгах хэрэгтэй.
MDS and Khanlex LLP-ийн Партнер С.Батбуян
- Компанийн хүлээж байгаа хариулцлагыг хувь хүн хүлээхгүй, эсрэгээрээ хувь хүний хариуцлагыг компани хүлээхгүй.
- Бид ямар хэмжээний төсөл хийх вэ гэдгээ сайн бодож байх хэрэгтэй. Олон компани зэрэг байгуулах уу? нэгийг байгуулах уу? гэдгээ ч мөн бодно.
- Анхнаасаа байгууллагын бүтцээ зөв тодорхойлохгүй бол хожим нь салгаж, нийлүүлэх гэсэн нүсэр ажилтай нүүр тулгарна. Магадгүй хожим нь нэг компаниа салгая гэхээр татварын асуудал үүсч болох юм.
- Аль төсөл дээрээ компаниа байгуулах, аль төсөл дээрээ хөрөнгө оруулалт татах вэ гэдгээ бод.
Хөрөнгө оруулалт авахдаа компанийн хөрөнгийн эрх болон удирдлагын эрхээ авч үлдэж байна уу гэдгээ анхаарах хэрэгтэй.
- Дийлэнх хувьцааг бусдад зарж байгаа бол та өөрөө шийдвэр гаргах эрхгүй болно. Тэгэхээр цаашдаа би ямар хяналтын эрхтэй байх вэ гэдгээ бодоод дараа нь хөрөнгө оруулалт ав.
- Стартапд хөрөнгө оруулж байгаа бол эрсдэл ихтэй гэдгээ хоёр тал сайн ойлгож байвал зүгээр. Ялангуяа хөрөнгө оруулагч тал стартапд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй ч өндөр өгөөжтэй байж болно гэдгийг ойлгодог байх хэрэгтэй.
- Анхнаасаа хувьцаагаа хуваачихаар тухайн хүн ажлаас хойш суух хандлагатай болдог. Хувьцаа шилжинэ гэдэг нь ирээдүйд үүсэх үнэ цэнэ бас шилжиж байгааг санах хэрэгтэй.