Netflix компанийн гүйцэтгэх захирал Рийд Хастингсийг амнаасаа хэр баргийн үг унагадаггүй хүн гэж хэлвэл үнэнд дөхнө. Гэвч шуудангаар DVD захиалдаг байсан бизнесийг өнөөгийн түвшинд хүргэсэн хүн ихийг ярих шаардлагагүй билээ. Түүний хамтран үүсгэн байгуулж, тэргүүлж буй Netflix компани нь дэлхийн хамгийн өндөр өсөлттэй, алдартай компанийн нэг болоод байна.
Харин Р.Хастингс өөрөө дөрвөн тэрбум орчим долларын хөрөнгө чинээтэй болжээ. Эдүгээ түүний удирдаж буй компани нь студи, хөрөнгө оруулалтын продакшн, жүжигчид хөлслөх зэрэг олон охин компанитай болж өргөжсөний зэрэгцээ контентийг кино театр, телевизийн сувгаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэх уламжлалт аргыг эрс өөрчилсөөр байна.
Netflix-ийн толгой эргэм амжилтад олон хүчин зүйл нөлөөлсөн гэж үздэг агаад тэдгээрийн нэг бол тус компанийн хуримтлуулсан дата юм. Тэд өөрсдийн мэдэлд буй үлэмж хэмжээний датаг ашиглан хэрэглэгчид юу үзэхийг хүсэж байгаа талаар тун оновчтой дүгнэлт гаргах боломжтой болжээ.“CEO Middle East” сэтгүүлд Р.Хастингсийн өгсөн ярилцлагыг сонирхуулъя.
– Та өөрийгөө технологи, шинэ санаа, эсвэл контентийн салбарын алинд нь хамаарах хүн гэж үздэг вэ? Та дийлэнх цагаа аль салбарт зарцуулж байна вэ?
– Шилдэг компаниудыг авч үзвэл тэд маш олон ур чадварыг хослуулсан байдаг. Apple гэхэд дизайн, технологид маш сайн. Харин бид контент, технологийн тал дээр маш сайн байхыг хичээж байна. Мэдээж бид The End of the ****** World, Thirteen Reasons Why зэрэг шилдэг шоу гаргахыг хүсэхийн зэрэгцээ тэдгээрийг телевиз, эсвэл гар утсан дээрээ үзэхэд нь хүмүүст хялбар байлгах ер бусын сайн технологитой байхыг хичээдэг.
– Контент болон нэвтрүүлгийн төрөл, хэв маягийг сонгоход та бүхэнд дата хэрхэн нөлөөлдөг вэ?
– Тийм ч их нөлөөлдөггүй, гэхдээ мэдээж ямар нэгэн кино, эсвэл шоу маш амжилттай болоход хэрэглэгчдээс ихээхэн санал хүсэлт, магтаал ирдэг. Энэ нь бид цаашид юу хийх ёстой вэ гэдэгт нөлөөлнө. Гэвч уран бүтээлийн төлөвлөгөө гаргахдаа бид үүнээс гадна өөр олон хүчин зүйлийг анхаарч үздэг.
– Money Heist цуврал Саудын Арабт маш их алдаршсан. Netflix-ийн маш олон шоу энэ мэтчилэн ихээхэн амжилтад хүрч байгаа нь танай компанид давуу тал бий болгодог уу?
– Давуу тал олгож байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Энэ бол аяндаа болж байгаа үзэгдэл, манай уран бүтээлчдийн хөдөлмөрийн үр шим л гэж бодож байна. Бидний бүтээл хүмүүсийн таашаалд нийцэж байгаа нь сайхан санагддаг.
– Шинэ, залуу кино найруулагчид танай платформ дээр уран бүтээлээ гаргах боломж хэр байгаа гэж та бодож байна вэ?
– Кино салбарт анх удаа хөл тавьж байгаа найруулагчдын хувьд Youtube хамгийн зөв сонголт. Бид харин түүх өгүүлэхдээ мэргэжлийн байхад анхаардаг. Олон уран бүтээл хийсэн, мэдлэгтэй хүмүүстэй ажилладаг. Энэ бол бидний онцлог.
– Youtube-ийн хэрэглэгч, хүн амын тоонд нь тулгуурлаж ямар нэг улс, эсвэл бүс нутагт зориулсан шоу бүтээхэд та бүхэн хэр их анхаарал хандуулдаг вэ?
– Бид тухайн улсад зориулагдсан шоунд хөрөнгө оруулсаар байх болно. Энэ нь биднийг хүмүүстэй илүү нягт холбогдох, хамт өсөж дэвжих боломж олгох юм. Жишээ нь, Данид The Rain телевизийн цуврал маш амжилттай явна. Тиймээс бид одоогийн арга барилаа үргэлжлүүлэх аваас амжилтаа хадгалж чадна гэж үзэж байна.
Н.ЭНХБАЯР