Та үнэгүй Wi-Fi аюулгүй гэж бодож байна уу? Харамсалтай нь үгүй. Та олон нийтийн газарт байхдаа/зочид буудал, кафед/ үнэгүй интернэт ашиглах шаардлага гарвал дараах зөвлөгөөг санаж яваарай.
Мэдээллийн аюулгүй байдлаа хадгал. Үнэгүй wi-fi ашиглаж байгаа үедээ цахим банкаа хэзээ ч битгий ашиглаарай. Тэр ч байтугай и-мэйлээ ч шалгаж болохгүй! Учир нь та хакеруудад хувийн мэдээллээ олзлуулах боломжийг олгож байна гэсэн үг. Олон нийтийн газар байдаг hotspot-уудаас хакерууд хамгаалалттай вэб сайтууд буюу HTTPS хамгаалалтын сертификаттай вэбүүдийн хамгаалалтыг салгаж, харилцаж буй мэдээллийг дундаас нь хулгайлан авсан тохиолдлууд байдаг. Тиймээс олон нийтийн газар үнэгүй wi-fi ашиглаж байхдаа болгоомжтой байгаарай.
Сүлжээний хуурамч хаягаас сэрэмжил. Та хаанаас ч ажиллаж байсан сүлжээний нэрийг байнга нягтлаж бай. Та Tom N Toms-ийн үнэгүй wi-fi ашиглаж байна гэж бодтол огт өөр сүлжээгээр нэвтрээд өөрийн мэдээллээ бусдад алдаж байж мэднэ. Ингэхгүйн тулд тухайн байгууллагын ажилтнаас wi-fi сүлжээний нэрийг нь лавлан асууж байгаарай.
Share хийх тохиргоогоо хааж бай. Байгууллагын ажлын файлууд нэг компьютерээс нөгөө рүү ижил сүлжээгээр нэвтрэх боломжтойгоор зохицуулагдсан байдаг. Харин үнэгүй wi-fi ашиглах үедээ шэйр хийх тохиргоог хааж заншаарай. Ингэснээр, та байгууллагын дотоод мэдээллээ алдах эрсдэлээс сэргийлнэ. Түүнчлэн утас, зөөврийн компьютерээ идэвхгүй горимд оруулах буюу invisible болгосон үед хакеруудын бай болох магадлал багасна.
VPN буюу виртуал хувийн сүлжээ татаж ав. Виртуал хувийн сүлжээний (VPN) програм нь таны интернэтийн урсгалд тусгай тунель буюу суваг үүсгэн мэдээлэл дамжуулах нэг хэлбэр юм. Гэхдээ VPN нь 100% хамгаалагдсан сүлжээ биш. Тиймээс та VPN ашиглаж байхдаа https-тэй буюу хамгаалалтын кодтой сайтуудад хандаж байгаарай.
Гар утасаа ашигла. Та өөрийн утсыг hotspot болгон ашиглаж болно. Ингэх нь илүү аюулгүй сонголт болно. Дутагдалтай тал нь хэрэв та тоолууртай интернэт хэрэглэдэг бол хэрэглээний төлбөр дээр нэмэлт төлбөр гарна.