Улс эх орны, эдийн засгийн хөгжил гэж байдаг бол бидний хөгжлийн загвар ямар байх ёстой вэ? Энэхүү хөгжлийг хэн, хэрхэн бүтээх вэ?
Эдгээр асуултад хариулт өгөх ном бол “Монгол хүний товчоон” ном юм. Учир нь хөгжсөн, хөгжиж буй, баялагтай баялаггүй гэх мэт дэлхийн 28 улсын хөгжлийн загвар, түүхийг уг ном онцолжээ. Түүнчлэн энэхүү ном нь дэлхий даяар суурьшсан 30 гаруй монгол доктор болон судлаачдын хамтын бүтээл билээ. Харин уг бүтээлийн анхны санааг гаргаж, гардан гүйцэтгэсэн эрхмүүд бол Б.Найдалаа, Д.Гантулга, Т.Доржханд нар юм. Эдийн засагч, судлаач Т.Доржханд хэлэхдээ “Хуучин капитализмыг алгасаад социализм руу шилжсэн гэдэг шиг бидэнд хийх ёстой гэрийн даалгавар байна” гэв. Тиймээс бидний гэрийн даалгавар юу вэ, бид хөгжихийн тулд хэрхэх гэх мэт асуултын хариулт авахаар “Монгол хүний товчоон” номын зохиогчдын нэг Т.Доржхандтай ярилцлаа.
Улс эх орны, эдийн засгийн хөгжилд тухайн улсын хүн бүр хувь нэмрээ оруулдаг. Тиймээс бид хөгжин, цэцэглэхийн тулд ямар гэрийн даалгавар хийх хэрэгтэй байна вэ?
Хөгжил гэдгийг бид хамтдаа л бүтээнэ. Монгол улс дэлхийн 200 гаруй улсын нэг. Эдгээрийн 100 орчим нь хэрхэн хөгжих аргаа олохгүй буюу бусдаасаа хоцорчихсон байна. Харин 60 орчим нь аль хэдийн аргаа олоод хөгжиж байхад үлдсэн цөөхөн улс үндэстэн нь бусаддаа жишиг болохуйц хэмжээний хөгжилтэй болжээ. Харин монголчууд бид хөгжих аргаа олоогүй 100 улсын дотор явж байна. Гэтэл бидэнд маш сайн өгөгдөл бий. Тодруулбал, том хэмжээний газар нутаг, тогтвортой хоёр том хөрш, том зах зээл, түүх, хангалттай баялгийн нөөц болон амбийц өндөртэй гурван сая орчим иргэнтэй. Тиймээс бид хөгжин цэцэглэхийн тулд төр, бизнес эрхлэгч, иргэд гээд бүгд нэгдсэн нэг чиглэл рүү харж явах шаардлагатай байна. Энэ бол бидний хийх ёстой гэрийн даалгавар.
Хариулт нь нэг чиглэл рүү харж, нэг зорилготой байх хэрэгтэй гэлээ. Энэ чиглэл нь юу вэ? Бид хаашаа харах юм бэ?
Жишээ хэлье. Тухайлбал, солонгосчууд яаж хөгжсөн бэ гэхээр “Бид энэ цэг рүү очно” гэж зорьсон. Тэр цэг нь “25 жилийн дараа Японтой адилхан хөгжилтэй болно” гэх зорилго байв.
Хятадууд 1965 оны үед эдийн засгийн загвараа өөрчилсөн. Тодруулбал, Оросын үйлдвэрүүдийг эх орондоо нутагшуулан ашиглах нь үр ашиггүй байна гээд хятад хүнд зориулсан бодлого хэрэгжүүлэхээр болсон. Тэр нь МЭӨ 300 жилийн өмнө амьдарч байсан Күнзийн философийг дахин сэргээсэн явдал юм. Тэд Күнз л хятад хүнийг тодорхойлж байна гэж үзсэн. Үүндээ үндэслэсэн улсынхаа үзэл санааг гарган, үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулан 35 жилийн дараа буюу 2000 онд бид “Тухайн үед хамгийн өндөр хөгжилтэй орон болох АНУ-тай ижилхэн түвшинд очно” гэсэн зорилго тавив. Хятад улс цэгээ хатган таван жилээр үйл ажиллагаагаа уялдуулж явсаар өнөөдрийн Хятад улсыг бий болгосон. 1965 онд Хятад улс тухайн үеийн монголчууд биднээс ядуу буюу нэг хүнд ногдох бодит орлого нь биднийхээс хэд дахин бага байсан. Гэтэл одоо дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болоод хөгжчихлөө.
Мөн Африк тивийн Ботсвана гэх улс 1965 онд Английн хараат байдлаасаа гараад тусгаар тогтнолоо дөнгөж зарлаж байсан үе. Энэ үед тухайн улсад нийт 12 км засмал зам байсан. Улсынхаа хэмжээнд 100 гаруй хүн ерөнхий боловсролтой буюу бичиг үсэг мэддэг, 20 орчим хүн дээд боловсролтой байсан. Гэтэл өнөөдөр нэг хүнд ногдож буй бодит орлого нь есөн мянган ам.доллар байна. Алмазын дэлхийн хамгийн том ордтой улс. Уг орд нь дэлхийн түүхэнд хамгийн сайн “цагаануудтай” гэрээ хийж чадсан жишээ болдог. Гэтэл Монгол улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 3 800 ам.доллар. Гэхдээ өрхийн орлогын судалгаагаар тооцоолон үзвэл нэг хүний бодит орлого нь жилийн 1 500 орчим ам.доллар байдаг. Энэ нь бид Африкийн нэг улсаас хэд дахин доогуур явж байгааг илтгэж байна. Тиймээс эдгээр улс хөгжлийг хэрхэн томьёолсон бэ гэхээр Английн хөгжилтэй, Японы хөгжилтэй ижилхэн болно гэж зорин нэг чиглэл рүү бүгд зорьсон. Тэгвэл бид хаана очих юм бэ? Бид 2050 онд өнөөдрийн Норвеги шиг, Швейцарь шиг болно гэсэн цэгээ хатгаж зорих хэрэгтэй байна. Мөн тайван, аз жаргалтай Монгол хүнийг бий болгоно.
Бид өмнө нь хэд хэдэн удаа нэгдэж тодорхой үе рүү шилжиж байсан. Харин одоо нэгдэхэд юу саад болоод байна вэ? Энэ тал дээр өмнөх түүхээсээ суралцах зүйл байна уу?
Монгол улсын түүхэнд бид Хүннүгээс хойш хоёр удаа сэргэн мандсан байдаг юм. Эхнийх нь 13-р зуунд Их Монгол улс байгуулагдах үе. Тухайн үеийн удирдагчид “Энэ газар нутгийг эзэлнэ, тэнд улсаа байгуулна” гэхэд нүүдэлчин ард иргэд бүгд нэгдэж чадсан. Хоёрдугаарт, 1921 оноос эхлэн социализмыг байгуулна гэхэд иргэд бүр яг юуг нь мэдэхгүй ч гэсэн хүн бүр бага балчираасаа арвич, хямгач байцгаая гэх мэтээр ойлгодог байсан. Тэд ийнхүү нэг зүг рүү харж чадсан учраас Монгол улс дахин бий болж байжээ. Харин нэг чиглэл рүү харж чадаагүй буюу хоорондоо байлдаж, үзэл санааны хувьд таарч бутарсан үедээ Монгол улс унаж байсан. Яг өнөөдрийн улс төрийн орчин шиг. Улс төрийн манлайлал нь байхгүй тохиолдолд бизнесийн үйл ажиллагаа тодорхойгүй байдаг, улс төр нь ойлгомжгүй үед бизнесийн төлөвлөлт хийх боломжгүй болдог. Тиймээс л Монголын бизнесүүд хөгжихгүй, тэлж чадахгүй байгаад байна.
Гэтэл хөгжлийн түүчээлэгчид бол бизнес эрхлэгчид байдаг. Тиймээс бизнесийн салбарт ажиллаж буй хүмүүсийн үүргийг илүү тодруулаач?
Бизнес эрхлэгч хүмүүст зориулахад нэгдүгээрт, та бизнесээ эрхлэх гэж байгаа бол монгол хүнээ сайн мэдэх ёстой. Тиймээс энэхүү номондоо монгол хүний онцлогийг тусгаж өгсөн. Үүнээс үндэслэж хөгжлийн загвараа хийх гэж оролдсон. Хоёрдугаарт, монгол төр түүхэндээ ямар төр байсан бэ, төртэйгээ хэрхэн ажиллах вэ, цаашдаа ямар байдлаар төрийн бодлого явах ёстой вэ гэдгийг тодорхой тусгасан. Тиймээс “Монгол хүний товчоон” номоос төр, хувийн сектор, иргэд нь юу хийх вэ, ямар оролцоотой байх вэ гэдгийг энэхүү номыг уншсанаар тодорхой хэмжээнд ойлгож авна.
Харин улсын хөгжилд бизнес эрхлэгчдийн үүрэг хамгийн чухал. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн 70 орчим нь бизнесийн салбарын хүмүүс байна. Гэтэл төр гэдэг бол өөрийн гэсэн онцлогтой, туршлагатай байх ёстой. Төрийн манлайлал байж улс хөгждөг болохоос биш бүгд төрийн өмчөөсөө хулгай хийхээр хөгждөггүй, болдоггүй юм байна гэдэг түүх, сургамжийг номондоо тусгасан байгаа. Мэдээж тогтсон төрийн манлайлалтай улсын хувьд бизнесийн салбарынхан улс төр лүү орох шаардлагагүй. Тиймээс бид төрийн болон хувийн сектор нь тусдаа байх зарчмаар явах хэрэгтэй байна. Үүний тулд бизнес эрхлэгчид хүлээцтэй байж, үүрэг хариуцлагаа төрийн удирдагчиддаа тавих хэрэгтэй. Тодруулбал, татвараа төлж байгаа бол эргээд төрийн үйлчилгээгээ нэхдэг бай, төрөөс хүсч буй бодлого, стратеги, бизнесийн орчны боломж зэргээ төртэйгээ хамтардаг систем лүү шилжих хэрэгтэй байна.
Хөгжлийг бүтээхийн тулд төр нь манлайлах учиртай гэлээ. Гэтэл өнөөдөр ихэнх хүмүүс “АНУ гэхэд бизнес эрхлэгчдээрээ улсынхаа хөгжлийг манлайлуулдаг” гэж ярьдаг шүү дээ?
Бид номондоо 20 гаруй улсын хөгжлийн жишээг оруулсан. Амжилттай яваа улсын жишээг харахад нэгдүгээрт, төрийн манлайлал хоёрдугаарт, авлигалыг хамгийн түрүүнд бууруулсан үндэстэн хөгжсөн байна. Тухайлбал, Гүрж улс авилгыг хурдан хугацаанд амжилттай бууруулсан. Тэд авлига ердөө төрд байна гэж хэд хэдэн арга хэмжээ авсан. Тодруулбал, төрийн өмчийг эхнээс нь хувьчилж олон нийтийн байгууллага болгосон. Мөн төрийн албан хаагчдыг гурав дахин багасгаж цомхотгосон. Үүнийхээ дараа нэг хүний цалинг нэг жилийн дотор 20 дахин ихэсгэжээ. Мөн замын цагдаагүй болж, ингэснээр авто тээврийн осол 50 хувь буурав. Энэ мэт аргаар төрийн албыг хүчтэй, зоригтойгоор шинэчилж, чадвартай хүмүүсийг албанд нь хэвээр үлдээж түүнчлэн барууны мэдлэг чадвартай хүмүүсийг улс төрдөө татан ажиллуулсан байдаг юм.
Тиймээс бизнес эрхлэгчид ээ, иргэд ээ. Өнөөдөр үнэхээр та бүхэн бизнесээ хөгжүүлээд, ашиг орлогоо нэмэгдүүлээд, дэлхийн 200 улсын өмнө Монгол улсын иргэн, Монгол улсын бизнес, компани гэж нэр хүндтэй явъя гэж бодож байгаа бол эхлээд улс үндэстнээ босгоход анхаарах хэрэгтэй байна. Улс үндэстнээсээ илүү гарсан бизнес гэж байдаггүй юм. Мөн улс үндэстнээсээ хямдхан гадны эх үүсвэрийг оруулж ирэх боломж байхгүй. Харин өнөөдрийн нөхцөлд улс эх орноо хөгжүүлэх тухайд гаднаас хөрөнгө татаад уул уурхайн салбар луу оруулах тухай ярьж байна. Энэ үнэн. Гэхдээ бид өөр байдлаар харж, хандах хэрэгтэй байна. Яагаад гэвэл гадны хөрөнгө оруулагчид тухайн компанид итгэхээс илүү төрийн тогтвортой байдлыг хардаг. Бид үүнийг ойлгох хэрэгтэй. Харин ойлгох ухагдахуун нь бидний түүхэнд байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн удаагийнх шигээ бид нэгдэх хэрэгтэй байна.
Монгол улсын хөгжлийн загварыг тодорхойлоход ганцхан удаагийн ном товхимол гаргах хангалтгүй байх. Тиймээс цаашдаа та бүхэн ямар төсөл хэрэгжүүлэх вэ?
Бид гуравхан сая монголчуудыг эх оронд нь байлгаж хөгжүүлэхийн тулд урлаг соёл, түүх, хөгжил нь ямар байх вэ гэдгийг бүгдийг иж бүрнээр нь харж хөгжлийн загвараа гаргахгүй бол бид дахиад л алдана. Тиймээс цаашдаа урлаг нь яг ийм байна, бизнес эрхлэгч та үүнийг л хийгээд өгөөрэй гэх мэтийг тодорхой тусгасан ном, товхимол, бүтээл гаргахыг зорьж байна.