2019-2029 онд Монголу улсын Засгийн газар, БХБЯ-наас барилгын салбарт ямар бодлого баримталж ажиллах талаар тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал мэдээлж байна
Түүний өгүүлснээр “2029 он гэхэд нийт өрхийн 60 орчим хувь нь стандарт энгийн нөхцөлөөс дээш үзүүлэлттэй нийтийн болон амины орон сууцаар хангагдаж, үл хөдлөх хөрөнгийн арилжааны зах зээл идэвхижнэ. Нэг хүнд ногдох орон сууцны талбайн хэмжээ дунджаар 7.5 м2 болох бөгөөд ажилгүйдлийг бууруулахад барилгын салбар мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх” ажээ. Ингээд төр засаг барилгын салбарт ямар бодлого баримталж ажиллах талаарх доор өгүүлье.
Цонх: Ажилгүйдлийг буурахад барилгын салбар мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ.
Барилгын компаниудад:
Барилгын компаниудад бизнесээ хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Ажлын зах зээлд өрсөлдөх нөхцөл бүрдэж, дотоод гадаадын хөрөнгө оруулах нөхцөл таатай болно. Бизнесээ итгэлтэй төлөвлөж, компаниа өргөжүүлэх, шинэ техник технологи эзэмших, бүтээгдэхүүнээ борлуулах менежмент, маркетингийн чөлөөт байдал бий болно. Барилгын зөвшөөрөл бүртгэлийн тогтолцоонд шилжих, мэргэжлийн улсын хяналт өмчийн эзний үүрэг хариуцлагад суурилсан зөвлөх үйлчилгээний хяналтад шилжиж, төрийн хүнд суртал, чирэгдэл үндсэндээ байхгүй болно. Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн цахим систем, нэгдсэн дата баазтай болох юм. Улмаар тендерийн үнийн хэт ялгаралгүй, хүний оролцоогүй болсноор шударга өрсөлдөөний нөхцөл бүрдэнэ.
Барилгын салбарын ханган нийлүүлэгчдэд:
Барилгын салбарын материалын ханган нийлүүлэлтийн орчин үеийн боловсронгуй тогтолцоо болох “Бөөний сүлжээ-урьдчилан бэлтгэл-нөөцлөлтийн” зарчимд нийцсэн ханган нийлүүлэлтийн своп нөхцөлтэй, хүргэлттэй цахим худалдан авалтын тогтолцоог хувьцааны захиалга авах замаар (IPO) байгуулан төлөвшүүлнэ. Улмаар барилга, барилгын материалын дотоодын байгууллагууд, барилгын материал бүтээгдэхүүний импорт, экспортын компаниудын улирлын хамаарлыг багасгаж, барилгын үнэ өртгийг 20 хувиас доошгүй бууруулна.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд:
Санхүү эдийн засгийн хувьд бэхжих, бизнесээ томруулах, зөвшөөрөл хяналтын хүнд сурталгүй болно.
Импортлогч, экспортлогчдод:
Барилгын салбарын импортын үйл ажиллагаа, импортлох хэмжээ мэдэгдэхүйц багасч, импортоор оруулах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, чанарт өндөр шаардлага тавигдахын зэрэгцээ, шинэ техник технологи, оюуны багтаамжтай зүйлсийг оруулахад хөнгөлөлт урамшуулал бий болно. Эх орны бараа материалын импортод гааль, худалдааны татвар, тариф нэмэгдэнэ. Дотоодод үйлдвэрлэсэн барилгын материал, эрдэс түүхий эдийг урамшуулах механизм бүрдэнэ.