Компаниа амжилтад хүргэх нэг чухал шийдэл нь сайн боловсруулсан төлөвлөгөө болов чиг зорьсон газарт хүргэх гол хөдөлгүүр нь хүн билээ. Хүнийг удирдан чиглүүлэхэд, тэдний сэтгэхгүйд ялагчийн ухамсарыг суулгахад урт удаан хугацааны хөдөлмөр, нарийн тунгааж боловсруулсан бодлого зайлшгүй хэрэг болдог. Гэвч энэ замыг бүтнээр туулаад ч амжилт олсон нь цөөн байдаг нь бизнесийн хатуу жам билээ. Тэгвэл энэхүү урт замыг дөтлөх нэг сайн арга нь амжилт олсон мундаг удирдагчдын туршлагаас суралцах явдал юм. Удирдагч таны мэдлэгт нэмэр болгох үүднээс дэлхийн цуутай манлайлагчдын амжилт гаргасан туршлагаас хуваалцаж байна. Тэдний амжилтын нууц нь компанийнхаа соёлыг зөв бүрдүүлсэн явдал юм.
ТОНИ ШЭЙ
- Zappos компани алдар сууд хүрэхийн тулд чанартай хувцас, хэрэглэгчдэд хандсан үйлчилгээг тэргүүн зэрэгт эрхэмлэсэн. 1998 онд байгуулагдсан цагаасаа байнгын өсөн томорч ирсэн тус компанийн амжилт нь гүйцэтгэх захирал Тони Шейтэй холбоотой. Чанартай бүтээгдэхүүн хийхийг зорьсон тэрбээр зорилгоо хэрэгжүүлэх эхний алхам болгож амжилтнуудынхаа дунд компанийн соёлыг бий болгосон. Тиймээс ч Zappos-ын дотоод журамд заагдсан 10 зарчим амжилт өөд хөтлөх хөтөч болжээ. Тэдний цуутай зарчмуудын заримаас дурдвал “Хөгжилтэй уур амьсгал, заримдаа этгээд байвал илүүдэхгүй”, “Эрч хүчтэй, зоримог бай”. Тэдний эдгээр уриа нь ажилтнуудын сэтгэл зүйг яалт ч үгүй өндөрт өргөж байдаг тул хамт олны нь уур амьсгал хамгийн өндөр цэгт оршсоор иржээ. Эрүүл уур амьсгал амжилтад хүрэх гол хөшүүрэг болдгийг Zappos-ийн үлгэрлэл бэлхэнээ харуулдаг.
СТИВ ЖОБС
- Технологийн ертөнцөд хувьсгал хийсэн хэмээн дэлхий нийт түүнийг дүгнэдэг. Гэвч үнэн хэрэгтээ түүний амжилтын нууц нь технологийн шийдэл байгаагүй юм. Тэрбээр нэг ширхэг ч шинэ технологийг бүтээгээгүй. Харин компанийн соёлд маш том өөрчлөлтийг хийснээр Apple-ийн тэсрэлттэй өсөлтийг бий болгосон байдаг. Жобс компанийнхаа соёлыг тодорхойлохдоо “дэгжин”, “шинэлэг”, “энгийн” гэсэн концепцийг хатуу суулгаж өгсөн. Эдгээр шалгуурт нь тохирохгүй байгаа, хүлээн авах хүсэлгүй байсан ажилтнуудаа халж явуулсан нь тухайн үед томоохон далд эсэргүүцэлтэй тулгарч байв. Гэсэн ч гэлээ байр сууриндаа хатуу зогссон тул өөрийнхөө зорилгыг ажилтнуудынхаа ухамсарт асар богино хугацаанд суулгаж чадсан юм. Тэрбээр энэ талаараа хожим дурсахдаа “Ажилтнуудынхаа хэн бэ гэдгийг шүүн тунгаахаад энэ зарчим хамгийн чухал фильтер болдог” хэмээсэн. Стивийн хийсэн эрс шинэчлэлийн дүнд компани нь хэдхэн жилийн дотор толгой эргэм амжилтыг олж, улмаар Apple-ийн ийм өсөлт нь уламжлал болсон зүйл мэтээр хэрэглэгчдийн сэтгэхүйд суужээ. Стив Жобсын дээрх зарчмуудыг нэвт өгүүлэх өнгө төрх, уур амьсгалыг Apple компани дэлгүүр бүрээрээ дамжуулан хэрэглэгчиддээ мэдрүүлдэг онцлогтой. Компанийн соёл дээр тулгуурласан нэг цонхны өнгө аяс нь брэндингийн нэг гол хэлбэр билээ. Энэ хэлбэрийг төгсрүүлсэн хүн нь Жобс юм.
ЖЕК ДОРСИ
- Twitter сошиал сүлжээний гол тоглогчийн байр сууриа сүүлийн жилүүдэд алдаж байгаа ч түүгээр жиргэх хүний тоо хэдэн зуун сая хэвээр л байгаа. Тэрбээр уулын ноён оргилыг 10 гаруй жилийн турш дангаар эзэгнэж ахуй үеийн гавьяа чухам Жек Дорсигийнх билээ. Тэрбээр хамгийн богино хугацаанд хамгийн их ашиг олох тухай бизнесийн үндсэн зарчмаас эрс татгалзаж урт удаан хугацаанд амьдрах насжилттай, өсөлтийг олон он жилээр эдэлж байх компанитай байхыг зорьсон. Үүний тулд соёлынх нь түлхүүр болсон гурван зарчмыг нэвтрүүлсэн нь “энгийн байдал”, ”өндөр шалгуур”, ”ур чадвар”. Энэхүү зарчмаа удирдлагаа болгож зөвхөн эдгээр шалгуурыг хангасан хүмүүсийг ажилд авчээ. Үүний үр дүнд ажилдаа сэтгэл хангалуун, бүтээх сэтгэл дүүрэн хамт олныг бүрдүүлж чадсан байна. Дорсигийн зарчмаас нэгэн далд утга үнэртэж байдаг нь сэтгэл юм. Сэтгэлд тулгуурласан хамт олон галзуу гарын аманд гараа хийхээс ч буцахгүй байсан нь Twitter асар богино хугацаанд өсөн дэвжих үндэс болжээ. Цол дагаж бяр гэгчээр амжилт гаргахын хэрээр компанийн нийгэм дэх нэр хүнд өсөв. Мэргэшсэн судалгааны байгууллагуудын гаргасан рейтингээр ажил горилогчдын хамгийн хүсэмжит байгууллагуудын жагсаалтын тархинд Twitter олон жилийн турш бичигдсээр байна. Тэнд ажилд орох хүсэлтэй хүмүүсийн хэлдэг үндсэн санаа нь “Компанийн зөв уур амьсгал” ажээ.
ЛАРРИ ПЭЙЖ, СЕРГЕЙ БРИН
- Энэ хоёр залуу Google-ийг анх бий болгоход бусад төрлийн хайлтын системээс онцгойрох зүйлгүй байлаа. Тиймээс өрсөлдөгчдийнхөө урд гарахын тулд тэд бизнес явуулах моделоо 180 хэм өөрчилсөн юм. Ажилчдаа хамгийн их мөнгөөр урамшуулдаг, үнэгүй хоолоор дайлдаг гэх мэтээр Google компанийн ажилчиддаа ханддаг онцгой шийдвэрүүдийн талаар уншигч авхай та олонтаа л уншсан байх. Бараг л зүгээр сууж байгаад сая доллароор шагнуулсан гэмээр мэдээлэл Америкийн хэвлэлүүдийг үе үе шуугиулдаг шүү дээ. Залхуу хувалзнуудыг ажлаар хангаад, дээр нь их мөнгөөр урамшуулаад байх нь уг нь утгагүй мэт. Гэтэл энэ нь Пэйж, Брин хоёрын анхнаасаа баримталсан соёлын өвөрмөц хэлбэр юм. Тус компанийн бодлогын бас нэг ялгаа нь ажилтнууддаа өгдөг урам зориг. Ингэхдээ нэг сумаар хоёр туулай бууддаг. Урам зоригийг зүгээр ч нэг өгөөд байх бус, ажлаас үүдэн ажилтнуудад очдог стрессийн хэм хэмжээг ийм замаар бууруулахыг зорьдог нь Google-ийн амжилтын бас нэг нууц билээ. Тиймээс л Google компанийн либерал соёл дэлхийд шагшигддаг.
УОРРЕН БАФФЕТТ
- “Зөвхөн компанийн соёлоо зөв тодорхойлж, зөв чиглүүлснийхээ хүчинд амжилт гаргасан” гэж 80 тэрбум долларын хөрөнгөтэй Баффеттийг тодорхойлвол учир дутагдалтай болно. Учир нь тэрбээр ирээдүйд ирэх ашигт хөрөнгө оруулах чиглэлд тэрбээр түлхүү ажиллаж ирсэн. Гэлээ ч амжилтын нь 40 хувь компанийн соёлоос шалтгаалсан нь үнэн юм. Баффетт гуай компанийнхаа соёлыг бүрдүүлэхэд нэлээд хугацааг зарцуулсан байдаг. Түүний бодлогын гол санаа нь хувьцаа эзэмшигчид, ажилтнуудын хооронд тэгш харилцааг бий болгох явдал байлаа. Тиймээс л дарга бай, цэрэг ч бай бүгдээрээ нийлээд туршлага, мэдлэгээ хуваалцах шидэт хаалгыг нээж өгсөн байна. Ажил хэргээ явуулах Баффеттийн соёлоос гүн гүнзгий суралцъя гэвэл хувьцаа эзэмшигчиддээ хандан илгээсэн түүний захидлуудыг унших хэрэгтэй. 40 жилийн хугацаанд бичсэн тэдгээр захидлууд бизнесийн бүхэл бүтэн үеийн түүх, соёл, хөгжлийг өгүүлдэг гэсэн шүү.