Асар хурдтайгаар хөгжин буй өнөөгийн нийгэмд оршин тогнохын тулд нийгэм эдийн засаг зэрэг салбар салбарын байгууллагууд болон хувь хүмүүсийн өмнө хөгжин цэцэглэх арга замыг эрэлхийлэх зайлшгүй шаардалга тулгарч байна. Ялангуяа улс эх орны хөгжлийг түүчээлэгч бизнесийн салбарынхан өнөөгийн нийгэмд олон зүйлийг сурах хэрэгтэй.
Тиймээс дөнгөж эхэлж буй гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрлэл болон олон жилийн түүхтэй томоохон компанийн захирал, удирдах түвшний мэргэжилтнүүдэд ЦЭНЭГ өгөх зорилгоор Business.mn сэтгүүл анх удаа “БИЗНЕС ЦЭНЭГ” практик сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Мөн ерөнхий ивээн тэтгэгчээр “VIP residence” ажилласан.
Цөөнгүй бизнес тус сургалтын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхдээ ”Үгээр хэлэмгүй их өгөөжтэй болж байна” гэсэн юм.
Энэхүү практик сургалт хэлэлцүүлэг нь бизнес эрхлэгчдэд нэн чухал мэдлэг мэдээллийг зөвхөн илтгээд өнгөрөх, яриад дуусгахад чиглэгдээгүй юм. Харин тэдний бизнесийн хөгжилд нь шинэ гарцыг түгээж, тулгарч буй асуудалд нь зөв шийдлийг өгөх том зорилгыг дэвшүүлсэн. Тиймээс ч бизнесийн салбар бүрт мэргэшсэн мэргэжлийн мeнторуудын тусламжтайгаар практикт суурилсан СУРГАЛТ, асуудлыг шийдсэн ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг тус тус зохион байгууллаа.
“БИЗНЕС ЦЭНЭГ” практик сургалт хэлэлцүүлэгт зөвхөн Улаанбаатар хотын гэлтгүй орон нутгаас ирсэн 150 гаруй бизнес эрхлэгч оролцсон бөгөөд тэд бүтэн өдөр үргэлжилсэн уг сургалтыг эхнээс нь дуустал чих тавин анхааран сонсож байлаа. Тухайлбал, Улз группийн ТУЗ-ийн дарга А.Бүрэнтогтох “Бизнесийн салбарт арвин их туршлагатай менторуудын яриаг 15 минут ч болтугай сонсох нь надад ямар ч бизнесийн ном, эрдэмтэний хэлсэн үгээс илүү зөвлөгөө, мэдлэг болно” гэлээ. Түүнчлэн цөөнгүй бизнес эрхлэгч тус сургалтын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхдээ ”Үгээр хэлэмгүй их өгөөжтэй болж байна” гэсэн юм.
Учир нь аль ч түвшний бизнесийн байгууллагын хөгжил цэцэглэлт, өсөлт дэвшилд шууд нөлөөг үзүүлдэг хүний нөөц, стратеги төлөвлөлт, маркетингийн бодлого болон алсын хараа, үнэт зүйл, олон улсад гарах арга зам зэрэг сэдвүүдээр салбар бүртээ мэргэшсэн зөвлөхүүд практикт суурилсан онолын мэдлэгийг түгээв. Тийм ч учраас тус сургалтад оролцсон бизнесмэнүүд дэвтэр, үзэг нийлүүлэн олон зүйлийг тэмдэглэн авч байсны зэрэгцээ сургалтын чөлөөт цагийн үеэр менторуудтай тусгайлан уулзаж сонирхсон сэдвээрээ дэлгэрэнгүй мэдээллийг авч байлаа. Энэ төрхийг, ийм уур амьсгалыг Business.mn сэтгүүл “Бизнес цэнэг”-ээрээ дамжуулан бүрдүүлэхийг анхнаасаа хичээсэн.
Сургалтын гол менторуудын нэг NCS ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор “Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл /VMV/”-ийн талаар илтгэл тавихдаа:
1.Өөрийнхөө компанийг танилцуулахдаа хамгийн түрүүнд ямар таван үгийг хэлэх вэ ?
2.Манай компанийн хамгийн сайн хийдэг зүйл юу вэ?
3.Манай компани бусдаас юугаараа ялгагдах вэ ?
4.Манай компанийн талаар бусад хүмүүс ямар сэтгэгдэлтэй байгаасай гэж хүсдэг вэ? гэсэн асуултыг бизнес эрхлэгчдээс асуусан. Учир нь эдгээр дөрвөн асуултад бизнес эрхлэгчид хариулж байвал тухайн байгууллага өөрсдийн VMV-г тодорхойлоход бэлэн байна гэсэн үг ажээ. Тиймээс компанийн хөгжил дэвшилд асар их үүрэгтэй дээрх асуултад бүрэн дүүрэн хариулах мэдлэгийг олгох үүднээс Д.Болор захирал байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлийн талаар дэлгэрэнгүй ярилаа, мөн тайлбар хийлээ.
1950-аад оны үеийн бизнесийн байгууллагуудад санхүүгийн төлөвлөгөө төсөв хийх гэсэн ойлголт байгаагүй. Энэ арга барил нь цаг тооллын эрхээр хувьсан өөрчлөгдсөнөөр өнөөдрийн “Стратеги төлөвлөгөө” болжээ. Байгууллага тодорхой бус орчинд зорьж буй үр дүндээ хүрэхийн тулд стратегиа тодорхойлсон байх учиртай. Үүнд л стратеги төлөвлөлтийн үндсэн зорилго оршиж байдаг. Тэгвэл зорилгодоо хүрэхэд тань туслах стратеги төлөвлөлт нь хурдацтайгаар цэцэглэн буй нийгмийг дагаад мөн адил хөгжиж буй. Тиймээс энэ их хурдыг гүйцэх боломжийг олгох үүднээс GSMI институтийн захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал “Стратегийн орчин үеийн чиг хандлага”-ыг танхимд цугларсан бизнес эрхлэгчдэд танилцууллаа. Түүний илгэлийн гол онцлог нь стратегийг төрөл, хэлбэр, бүтцээр нь задлан тайлбарласан явдал бөгөөд үүний мөн чанарыг практик кэйс, бодит туршлагад тулгуурлан таниулсан нь олон бизнесмэний бизнес ажилд мөрдлөгөө болох гарын авлага болсон.
Тэгвэл бизнесийн байгууллага бүрт хамгийн ихээр тулгамддаг асуудал бол хүний нөөц. Хүнгүйгээр ажил явахгүй. Хүнийг ажиллуулахын тулд онцгой бодлого хэрэгтэй. Бодлогыг мөрдүүлэхийн тулд зөв боловсруулалт шаардлагатай. Ганабелл институтын гүйцэтгэх захирал П.Гандолгор бизнесийн компани бүрт тулгардаг хүний нөөцийн салбарын асуудлыг хөндөхдөө бодлогын стратегиийг чухалчилсан. Тиймдээ ч тэрбээр “Хүний нөөцийн зөв стратеги танай компанийн үнэ цэнийг нэмнэ” хэмээн илтгэлдээ онцолсон. Түүнчлэн их, бага гэлтгүй хүнтэй харилцаж, хүнийг удирдан ажиллуулж буй хэн бүхэнд хэрэгтэй хүний нөөцөө хэрхэн удирдахыг П.Гандолгор зөвлөсөн юм.
“БИЗНЕС ЦЭНЭГ” практик сургалтын хөндсөн өөр нэг чухал сэдэв бол маркетинг. Энэ үүднээс сургалтыг зохион байгуулагчид бизнесмэнүүдийн толгойг байнга эргүүлж байдаг уг салбарын талаар тодорхой ойлголт, мэдээлэл, мэдлэг, туршлагыг цогцоор нь өгөхийг зорьсон. Тиймээс ч маркетингаар мэргэшсэн, маркетингаар ажилласан туршлагатай менторууд болох BZP Digital&Inbound ХХК-ийн үүсгэн байгуулагч, дижитал маркетер Б.Батзориг болон “Норден Менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Маркетингийн нэг хуудас төлөвлөгөө” номын орчуулагч Б.Анхбаяр нар өөрсдийн тавьсан илтгэлүүдээрээ дамжуулан туршлагад суурилсан мэдлэгийг бизнес эрхлэгчид өглөө. Тухайлбал, Б.Батзориг ментор Маркетингийн автоматжуулалтын тухай онцлон өгүүлсэн бол Б.Анхбаяр маркетингийн төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй итгэл тавилаа.
Бизнесийн олон зорилгын төв цэг нь ашиг хүртэх. Ашгийг даган санхүүгийн эмх цэгц үүснэ. Харамсалтай нь Монголын ихэнх бизнесийн байгууллагууд санхүүгийн тайлан, санхүү бүртгэл зэрэгтээ чухал ач холбогдол өгдөггүй билээ. Тиймээс Санхүүч.мн болон Тод.системсийн үүсгэн байгуулагч, санхүүгийн зөвлөх Ч.Мөнхбадрах бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зориулан “Санхүү бүртгэлээ хэрхэн оновчтой загварчлах” тухай сургалт орлоо. Тэрбээр практикт тулгардаг хүндрэлүүд, санхүү бүртгэл тайлагнал цэгцгүй явснаар гарах үр дүн болон бүртгэлийн загварчлал, дансны төлөвлөгөө загварчлах гэх мэт бодит амьдрал дээрх жишээг танилцуулсан нь олон хүнд үнэтэй зөвлөгөө болж чадсан юм.
Харин Business.mn сэтгүүлийг санаачлагч, “Хархорум Дижитал” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхбат менторын сургалтын гол санаа “Монголын бизнес эрхлэгчид хүч хөдөлмөрөө нэгтгэж байж олон улсад гарч чадна” гэдэгт оршиж байлаа. Тодруулбал, Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу дижитал эриний алт бол холбоос буюу дата болохыг онцлон өгүүлсэн. Тиймээс өнөө цагийн дижитал эрин нь бидэнд ямар боломж авчирч байгааг тайлбарлаж, бизнесийн байгууллагууд энэхүү эрин цагт хэрхэн амьд үлдэх талаар зөвлөгөө, мэдлэг, мэдээллээ хуваалцсан.
Дээр өгүүлсэнчлэн “Бизнес Цэнэг”-ийн сургалтын гол зорилго нь бизнес эрхлэгчдийн бизнесийн хөгжилд шинэ гарцыг түгээж, тулгарч буй асуудалд зөв шийдлийг өгөх явдал. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд асуудлыг эмхтэй тавьж, яригдах сэдвийг зохих дараалалтайгаар хөндөхийг хичээсэн. Үүний цаад санаа нь сургалтаа А-Я хүртэл зах замбараатай өгүүлэх замаар суралцахаар ирсэн бизнес эрхлэгчиддээ цэгцтэй мэдлэгийг цогцоор өгөхийг зорьсон явдал юм.
Үүний дараах зорилт нь олгогдсон мэдлэгийг практик туршлагаар баталгаажуулах байлаа. “Бизнес Цэнэг” хэдий сургалт хэлэлцүүлэг ч гэлээ олон жил бизнесийн салбарт чанагдаж өнөөдрийн оргилд хүрсэн “Дельта Констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий зөвлөх Ц.Эрдэнэбат болон “Монпеллетс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогбадрах нар өөрсдийн бизнесийн туршлагаа хуваалцав. Түүнчлэн бараа бүтээгдэхүүнээ экспортолдог улс орныхоо тоог Энэтхэг гэх өндөр шалгууртай орноор нэмээд байгаа “Lhamour” брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан бизнесийн санаагаа анх хэрхэн олсон тухайгаа, бизнес эрхлэгч бүрийн зорилго болох олон улсад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлох тухай өөрийн сурсан мэдсэн зүйлээ хуваалцсан нь таатай байлаа.
Бизнесийн сонирхолтой түүхтэй өөр нэг бизнесмэн бол “Гандирс” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Эрдэнчулуун юм. Тэрбээр 1990-д оны үед сонинд гарсан “Ганцхан гишүүнтэйгээр компани байгуулж болно” хэмээх нийтлэлийг харснаар компаниа байгуулсан түүхтэй. Тэрбээр бизнес хийх тухай ямар ч ойлголтгүй байсан учраас зах зээл гэдгийг зах дээр наймаа хийх хэмээн ойлгож байсан гэнэ. Тиймээс ч Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу зайрмаг болон оргилуун дарс зөөж зарах төлөвлөгөөтэй байв. Бараагаа машинд ачуулахдаа хүн хөлсөлсөн бөгөөд зайрмагаа дотор кабинд буюу машины халаагуурын дэргэд, харин оргилуун дарсаа дээд ачаан дээр нь бэхлэв. Эцэст нь зайрмаг хайлж, оргилуун дарс хөлдсөнөөр түүний наймаа бүтэлгүйтсэн юм. Тиймээс тэрбээр ярианыхаа төсгөлд чадах чадахгүйгээ мэдэхгүй байж компани байгуулахаасаа өмнө ашиг хүртэх эсэхээ маш сайн судлах хэрэгтэй гэх үнэтэй зөвлөгөөг бизнесмэнүүдэд өглөө. Энэ бол “Бизнес Цэнэг” практик сургалт хэлэлцүүлгийн гурав дахь хэсэг буюу панел хэлэлцүүлгийн үеэр болсон яриа юм.
Уг хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин, “Наран Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Удвал, “БСБ Сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б. Жаргалсайхан, “Гандирс” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Эрдэнчулуун болон “Сөүл” группийн захирал Д.Өнөрболор нар оролцож бизнесээ эхэлж байсан түүх болон Монгол хүнийг хэрхэн удирдах тухай өөрсдийн туршлагаа хуваалцсан.
Ийнхүү Монголын тэргүүлэх бизнес эрхлэгчид, тэднээс суралцах, өсөн дэвжих чин хүсэлтэй бизнес эрхлэгчид нэгэн өдрийг “Бизнес Цэнэг” практик сургалт хэлэлцүүлэг дор үдэж нэгэн их цэнэгийг авлаа.
Hugatsa an hezee ym be
Чухал хэрэгтэй сургплт байж дахин хэзээ явандах бол