Компани байгуулах амархан. Харин байгуулсан компаниа цаашид үргэлжлүүлэн авч явах нь хэцүү. Бизнес эрхлэгч та энэ үгийг үргэлж сонсож, мөн мэдэрдэг байх. Өдөр тутмын үйл ажиллагаагаа тасалдуулалгүй авч явах, тогтвортой өсөлт үзүүлэх гэх мэт асуудалд бизнес эрхлэгч бүр эхэн үедээ санаа зовон ажилладаг. Энэ үеийг амжилттай даван туулсан аливаа бизнесийн байгууллага дараагийн үе шат нь олон улсад салбарлуулж зах зээлээ улам өргөжүүлэх гэдэгтэй бизнес эрхлэгчид санал нэгдэх биз ээ.
Гэвч энэ үед бизнесийн байгууллагуудад ойлгомжгүй буюу тодорхой бус байдал үүсдэг. Тухайлбал, аль тивийн аль улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэх, нэвтрүүлсний дараа хэрхэн амжилттай ажиллах гэх мэт асуудал байдаг. Тэгвэл бизнес эрхлэгчдийн олон улсад, ялангуяа Зүүн Өмнөд Азийн орнуудад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэхэд нь туслах зорилгоор “Access Asia” экспортын хурдасгуур хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөр нь өнгөрсөн тавдугаар сарын нэгнээс эхэлсэн бөгөөд зургадугаар 15-нд дуусна. Олон улсад гарах гарц боломжийг эрэлхийлэн олгодог олон төсөл хөтөлбөр байдаг ч “Access Asia” хөтөлбөр нь Зүүн Өмнөд Азийн 10 улсад тодорхой хэмжээнд бизнес эрхлэн амжилт гаргасан хөрөнгө оруулалтын компаниудын төлөөллийг урьж ментороор оролцуулж байгаа нь хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгчдэд томоохон боломжийг олгож байна.
“Интерактив” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Гантулга “Бид уг хөтөлбөрт хамрагдсанаар Зүүн Өмнөд Азийн улс орнуудад бизнес эрхлэх тухай интернэтээс хайгаад олдохгүй олон зүйлийг мэдэж авлаа” гэв. Тухайлбал, Мьянмар улсад очиж бизнесээ өргөжүүлэн салбараа нээх бол тухайн улсын төрийн санд таван жилийн хугацаатайгаар 100 мянган ам.долларыг байршуулах шаардлагатай байдаг гэнэ. Энэ мэтчилэн тухайн улс бүрийн бизнесийн орчин дахь ил үзэгдэхгүй зарим шаардлагыг “Access Asia” хөтөлбөрийн явцаас бизнес эрхлэгчид мэдэж авч байна.
Энэхүү мэдлэг, туршлагыг Америк, Сингапур, Монгол гэх гурван улсад үйл ажиллагаа эрхэлдэг санхүүгийн “Step” групп компани, Монголоос Японоор дамжин Зүүн Өмнөд Азийн улсууд руу контент бүтээлээ экспортолдог “Бумбардай” компани зэрэг бизнесийн олон төлөөлөгч хэлж байлаа. Мөн хөтөлбөрт ментороор оролцож буй 10 гаруй олон улсын зөвлөхүүд Азийн улсуудад салбараа нээх зөвлөгөөг харамгүй хуваалцаж байв. Энэ тухай “Montgomery Fitch and Associates” группийн ерөнхийлөгч Луис Арканхелтэй хийсэн ярилцлагыг хүргэе.
Азийн бусад улсуудтай харьцуулахад Монголын бизнесийн орчны онцлог нь юу байна вэ?
Таван жилийн өмнө Монголд ирээд надад хамгийн таалагдсан зүйл нь стартапын экосистем байсан. Тухайн үеийн Монголын эдийн засгийн макро үзүүлэлтийг авч үзэхэд хангалтгүй тоо баримт харагдаж байв. Хөрөнгө оруулагчид ч гэсэн Монголд хөрөнгө оруулахыг дэмжихгүй байсан. Харин миний анзаарснаар Монгол улсын албан ёсны тоо баримт нь таагүй мэт боловч бизнесийн бодит экосистемд нь ороод үзэхээр стартап эхлэх таатай боломж, хүн амын хүчин зүйл гэх мэт нөхцөлүүд танай улсад хөрөнгө оруулах боломжтой мөн сонирхолтой санагдсан. Тиймээс би хөрөнгө оруулахаар шийдэж дахин Монгол улсад ирэн “Access Asia” хөтөлбөрт ментор болон хөрөнгө оруулагчаар ажиллаж байна. Монголын бизнес эрхлэгчдийн хувьд Азид гарах боломжийг эрэлхийлж байгаа бол надад дахин шинэ зах зээлд ажиллах, илүү ашигтай болон сонирхолтой бизнес эхлүүлэх гэх мэт боломж байна.
Мөн зах зээлийн хувьд Монгол улс залуу орон. Тухайлбал, Токио хотод 100 настангууд их. Гэтэл залуу хүмүүс ховор газар инноваци буюу шинэ санааг ярих хэцүү байдаг. Харин Монгол улсын хүн амын наслалтын дундаж үзүүлэлт болон ихэнх идэвхтэй оршин суугчид нь залуучууд байдаг. Тиймээс Монголд технологийн салбар, нөлөөлөхүйн бизнес гэх мэт орчин үеийн бизнесийн олон салбарт амжилттай ажиллах боломж маш их харагдсан.
Тэгвэл боломжоор дүүрэн манай улсын бизнесийн байгууллагууд Азийн зарим улсад салбараа нээн, бизнесээ өргөжүүлэхэд бэлэн байна уу?
“Access Asia” экспортын хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж байгаа компаниуд тодорхой хэмжээнд бэлтгэлтэй буюу цоо шинээр ажлаа эхлүүлж байгаа компаниуд биш юм. Мөн бүгдээрээ Азийн зах зээлд гаръя гэсэн чин хүсэл зорилготой байгаа нь ментороор оролцож байгаа надад их таалагдсан. Монголдоо тодорхой хэмжээнд танигдсан байна гэдэг нь гадаадын зах зээлд гарахад бэлэн, гэхдээ тухайн зах зээлээ хангалттай сайн мэддэг гэсэн үг биш учраас миний хувьд тухайн процессийг таних мэдэх ойлголтыг өгч, шийдвэр гаргахад нь тус болох зорилготой байна.
Хөтөлбөрт хамрагдаж байгаа бизнес эрхлэгчид таниас ихэвчлэн юу асууж байна вэ? Таны анзаарснаар тэдэнд тулгарч байгаа хамгийн нийтлэг бэрхшээл нь юу байна вэ?
Тэд тодорхой биш байдлын талаар их асууж, лавлаж байна. Азийн бусап зах зээлд гарахаар ямар байх бол гэсэн болгоомжлол их байна. Хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгчид Google-ээс тухайн улсын тухай хэсэг мэдээлэл уншчихсан байдаг. Энэ бол маш хязгаарлагдмал юм. Бодит амьдрал дээр тухайн улсад бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад хууль эрх зүйн тогтолцоо, зөвшөөрлийн лиценз, татварын асуудал, дэд бүтэц гэх мэт олон асуудлыг мэдэх ёстой байдаг. Энэ мэт мэдээллийг олон улсын зөвлөхүүд бид өгч байна.
Монгол дахь бизнесийн байгууллагууд олон улсад салбараа нээхдээ дор хаяж хоёр жилийг зөвхөн судалгаандаа зарцуулдаг гэж “Access Asia” хөтөлбөрийг зохион байгуулж буй Олон улсын бизнесийн байгууллагын үүсгэн байгуулагч О.Энхзул хэлж байлаа. Тиймээс уг цаг хугацаа болон санхүүгийн зардлыг тодорхой хэмжээнд хэмнэх зорилгоор “Access Asia” хөтөлбөр үргэлжилж байна.