Жил бүр дэлхий даяар 3000 гаруй марафон зохиогддог. Сонирхуулахад, Лондон, Нью-Йорк зэрэг дэлхийн томоохон хотод болдог марафонд гүйх хүмүүсийн хагасаас илүү нь анх удаагаа гүйж байдаг аж.
Малайзад амьдрах уран бүтээлч Ред Хонг Игийн хувьд марафонд гүйх нь огт боломжгүй зүйлсийн нэг байлаа. Гэтэл нэг л өдөр тэрбээр амралтын өдрүүдээ золиосолж бэлтгэл хийж эхэлснээр марафонд гүйхээр зориг шулуудав. Эцэст нь зургаан сарын тууштай бэлтгэлийн дараа 2015 онд Мелбурны марафонд анх удаагаа гүйсэн юм. Мөн Израилийн Тел Авив хотод амьдардаг, үнэт чулууны бизнес хийдэг Жереми Меддинг 2005 онд Нью-Йорк хотын марафонд анх удаагаа оролцсон аж. Түүний “Бид үргэлж өөрсдөдөө ямар нэг зүйл амлаж явдаг” гэж хэлсэнчлэн марафон бол түүний хараахан биелүүлж амжаагүй мөрөөдлийн нэг байлаа. 2009 онд анхныхаа марафонд гүйсэн, хуульчаар ажилладаг Синди Бишоп (Флоридад амьдардаг) амьдралаа өөрчилж өөрийгөө дахин олохын тулд гүйж эхэлснээ ярьж байв. Миний дурдах сүүлийн хүн бол биотехнологийн мэргэжилтэн Энди Морозовски. Тэрбээр бүтэн марафонд (42км) огт гүйж байгаагүй ч 2015 оны Сан Францискогийн марафонд амжилттай гүйсэн юм. Тэрбээр “Би ялах тухай биш зүгээр л бариандаа орохыг төлөвлөсөн, эцэст нь би өөрийнхөө юу хийж чадахаа харахыг хүссэн” тухайгаа хэлж байв.
Тэд бол бүтэн марафонд гүйх зорилго доор нэгдсэн дэлхийн дөрвөн тивд амьдрах ялгаатай амьдралтай дөрвөн өөр хүн. Анх удаагаа марафонд гүйж буй тэднийг холбосон хүчин зүйл нь марафонд гүйх хүслээс өөр нэгэн зүйл байлаа.
Ред Хонг И анхны марафондоо гүйхдээ 29 настай байв. Харин Жереми Мэддинг 39-тэй, Синди Бишоп 49-тэй, Энди Морозовски 59-тэйдээ анхныаа марафонд оролцсон аж. Нийгмийн сэтгэл судлаач Адам Алтер, Хал Хершфилдийн нэрлэдгээр тэд бүгд “9-өөр төгссөн насныхан” буюу амьдралынхаа аравны сүүлийн жилийг насалж буй хүмүүс байв. Тэд бүгд 28,38,48, 58-тайдаа хийх тухай бодож ч байгаагүй, магадгүй 30,40,50,60 нас хүрчихээд дахиж бодох ч үгүй зүйлээ 29,39,49,59 настайдаа өөрсдийгөө дайчилж хийсэн хүмүүс.
Цаг хугацааны тохироо бүрдэх гэдэг маш чухал. Хичээлээ хэзээ сонгох уу, ажлаа хэзээ солих уу, амьдралдаа чухал шийдвэр хэзээ гаргах уу эсвэл хэзээ гүйлтийн дасгал хийх үү гэх мэт. Бид гаргасан шийдвэр болгоноо өөрсдөө бүрэн бодож, төлөвлөж гаргадаг гэж боддог ч ихэнх шийдвэрийн маань цаана бидний зөн совин, таамаглал байдаг. Биднээс хамаарахгүй онгод бидэнд нөлөөлдөг шиг цаг хугацааны тохироо гэдгийг урлаг ч гэж хэлж болмоор.
Гэвч үнэн хэрэгтээ цаг хугацааны тохироо бүрдэх нь шинжлэх ухаан аж. Жишээ нь, нэгэн судалгаагаар, өдөр тутмын ажлын үр дүн маань ямар байх нь тухайн өдрийн аль цагт хийхээс 20 хувь хамаардаг аж. Эмнэлэгт мэдээ алдуулалтыг буруу хийх тохиолдол өдрийн 15 цагт гарах нь өглөөний 09 цагт гарахаас дөрөв дахин их байдаг. Мөн үдээс хойш шалгалтаа өгсөн сурагчид өглөө нь яг адилхан шалгалт өгсөн бусдаасаа доогуур дүн авдаг аж. Тэр бүү хэл Дани улсад хийсэн судалгаагаар, сурагчдын өгөх шалгалтын өглөөний 08 цагаас хойшхи нэг цаг бүр шалгалтын үр дүнд нь хоёр долоо хоног хичээлдээ суугаагүйтэй адил нөлөөлсөн байна.
Өөрсдийн муу зуршлаа хаяж шинээр эхлэхийн тулд бид “Онцгой тохиолдол”-уудыг ашигладаг. Тийм ч учраас бид төрсөн өдрийнхөө өмнөх сараас илүү дараагийн сард нь фитнесст явах зэргээр шинэ зүйл хийж эхэлдэг аж. Марафонд анх удаа гүйж байгаа хүмүүс дунд 9-өөр төгссөн насныхан бусад насныхнаасаа 48 хувиар олон байдаг. Мөн анх удаа гүйж байгаа 29 настай гүйгчид 28 эсвэл 30 насныхнаас хоёр дахин их байдаг.
Судалгааны өөр нэг сонирхолтой үр дүн нь олон жил марафонд гүйсэн хүмүүсийн хамгийн сайн гүйсэн нас нь 29 эсвэл 39-тэйдээ байдаг аж. Марафоны гүйлтийн судлаач Морозовски ярихдаа “Хэдэн нас хүрэх маань бусдад хамаагүй ч бидэнд хамаатай. Учир нь хүний амьдрал богино. Тиймээс бид хэрхэн амьдарч байгаа үйл явцаа харахыг хүсдэг. Яг л хэн нэгэн 60 хүрэхээсээ өмнө өөрийнхөө хүчийг сорьж үзмээр байдагтай адил” гэж байв. Уран бүтээлч Игийн хувьд “Би томоос том О-ын тоотой 30 нас хүрэхээсээ өмнө 29-тэй байгаа дээрээ ямар нэг зүйл хийж үзэхийг хүссэн” тухайгаа ярьсан юм.
Аливаа зүйлийн үргэлжлэх цаг дуусах дөхөж байгаа мэдрэмж хүмүүсийг хөдөлгөдөг. Жишээ нь гурван долоо хоногийн хугацаатай бэлгийн карттай хүн хоёр сарын хугацаатай карттай нөгөө хүнээс гурав дахин хурдан картаа буцааж худалддаг. Тодорхой хугацаанд хариугаа хэлэх ёстой донорууд ямар ч хугацаагүй доноруудаасаа илүү зөвшөөрөх хандлагатай байдаг. Цаг хугацаа гэдэг бидний амьдралд бидний төсөөлснөөс ч илүү нөлөөлж байдаг аж.