Дата, түүнийг ангилах, тооцоолох системүүд, ялангуяа AI нь дижитал шилжилтийн үед хамгийн ихээр яригдаж буй. Дата гэдэг нь бидний санаатай, санамсаргүйгээр цуглуулж буй олон төрлийн мэдээллүүдийг хэлдэг. Энэ их мэдээллийг зөв ашиглаж чадвал асар их боломжийг өөртөө нээх бөгөөд үүнд туслах технологиуд бизнесийн салбарт олноор бий болж байна. Тиймээс эдгээр технологиудын нэг буюу дэлхийн томоохон компаниуд “ирээдүй” гэж нэрлэх болсон AI-ын тухай “Ай Ти Зон” компанийн дэд захирал Б.Цээсүрэнтэй ярилцлаа.
AI-г бизнес эрхлэгчдэд хэрэгтэй үүднээс нь энгийн үгээр тайлбарлаач?
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд дата гэдэг чухал зүйл болсон. Хүн бүр ухаалаг төхөөрөмж хэрэглэж, хаа саагүй мэдрэх төхөөрөмжүүд тавигдсан гэх мэт бид алхам тутамдаа мэдээллийн технологитой харилцаж байна. Эдгээр олон төхөөрөмжүүд датаг үргэлж үйлдвэрлэж байдаг. 10 жилийн өмнө бизнесийн байгууллагууд зөвхөн санхүүгийн системтэй байсан байх. Харин өнөөдөр хамгийн багадаа 20 систем хэрэглэж байна. Банкууд 80 гаруй систем хэрэглэдэг. Эдгээр олон систем, төхөөрөмжүүд тасралтгүй дата үүсгэж байдаг. Уг үүсч буй датаг алгоритмтай холбочих юм бол олон төрлийн тооцоолол хийж болно. Ялангуяа, хүний тархи давтамжтайгаар ажиллаж байж хийдэг тооцоллыг AI буюу хиймэл оюун ухаанаар хийлгэх боломжтой. Өөрөөр хэлбэл та сайн сонсож чадвал дата таньтай ярилцах болно.
AI-г бизнесийн байгууллагууд хэрхэн хэрэглэх боломжтой вэ?
Найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг хүн худалдах бараа бүтээгдэхүүнээ сар бүр захаас татдаг гэж бодъё. Тухайн хүн сардаа 20 кг элсэн чихэр, 40 кг будаа борлуулахаар төлөвлөсөн ч бүгд зарагдахгүй байх магадлалтай. Эсвэл дутаж болно. Эхний сардаа ийм алдаа гаргасан ч цаг хугацаа өнгөрөх тусам тухайн хүн нэг сард борлуулагдах бараа бүтээгдэхүүний хэмжээгээ мэддэг болно. Энэ бол тухайн хүний тархинд алгоритм ажиллаж байна гэсэн үг. Үүнтэй адил датагаа цуглуулаад хэмжих юм бол тухайн бизнес эрхлэгчдэд хэрэгтэй тооцооллыг гаргаж өгнө. Өөрөөр хэлбэл сард цаашлаад нэг жилд хэдэн кг элсэн чихэр, хэдэн кг будаа зарагдахыг урьдчилан тооцоолж болно гэсэн үг. Үүнийг хийхийн тулд эхлээд хангалттай дататай байх ёстой.
Ер нь AI алддаг болов уу?
Эхлээд AI-г ажиллуулахад маш их алддаг. Мөн найман нэрийн дэлгүүрт ажиллаж байсан алгоритм эхний гурван жил сайн ажиллаж байгаад дөрөв дэх жилдээ алдаж болно. Учир нь тухайн жилд эдийн засгийн хямрал үүсвэл үүнийг AI мэдэхгүй шүү дээ. Тиймээс тодорхой, тогтсон бүтэц дээр сайн ажилладаг.
Технологи хөгжих тусам зарим мэргэжил үгүй болно гэж хэсэг хүмүүс ярьдаг. Харин хиймэл оюун ухаан дээр суурилсан уг систем үргэлж онохгүй, алдах тохиолдол байдаг юм байна. Тиймээс зарим мэргэжлийн хүмүүс ажлын байраа алдахгүй юм биш үү?
Би энэ асуултад хариулахаасаа өмнө дахин нэг жишээ хэлье. AI ашиглах маш олон хэлбэр бий. Хамгийн өргөн хэрэглэдэг салбар нь дээрх тооцоолол юм. Үүнээс гадна хүний дүрс, дуу хоолойг таних төрөл байдаг. Өөрөөр хэлбэл хүний дүрсийг тухайн алгоритмд таниулсны дараа AI тухайн дүрсийг цаашдаа илүү сайн таньдаг болдог. Тиймээс бид заавал түлхүүр эсвэл картаар гэрийнхээ хаалгыг онгойлгох шаардлагагүй болж байгаа юм. Магадгүй таны зургийг хэвлээд гэрт тань орно гэж болгоомжилж магадгүй. Тэгвэл тухайн алгоритмаа инээх эсвэл үг хэлэх гэх мэтээр суралцуулж болно. Энэ мэт AI-ын хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнд хүмүүсийг технологиор солих, ажлын байраа алдана гэдэгт санаа зовох хэрэггүй. Эцсийн эцэст энэ бүх технологи хүмүүс бидний төлөө гэдгийг санаарай.
100 жилийн өмнө хүмүүс гутал үйлдвэрлэхдээ эхлээд гараараа оёж хадан нэг цагт нэгийг хийдэг байсан. Гэтэл үйлдвэржилт буюу механик машин үүссэнээр хүмүүс нэг цагт нэгийг биш 1000 гутал хийдэг болсон. Энэ үед хүмүүс ажилгүй болсон уу гэвэл тийм. Гэхдээ тэд арай өөр, өмнөхөөсөө илүү дээр ажил хийдэг болсон. Тухайлбал, оффист сууж тооцоо хийх, бүртгэл хийх гэх мэт. Үүнтэй адил өнөөдрийн бидний тархиа ачааллуулж нэг зүйлээ олон давтамжтайгар хийдэг ажлыг мэдээллийн технологид суурилсан систем ашиглаж автоматжуулж байна. Тиймээс бид өөрсдийн хүч хөдөлмөрөө илүү бие биедээ чиглэсэн урлагийн, гоо сайхны таашаал авахуйц ажилд зарцуулах боломжтой болж байна.
“IT Zone” компани дата дэд бүтэц болон AI системийг дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн үү?
Манай компани 200 гаруй ажилтантай. Үүний 20 нь зөвхөн дата чиглэлээр ажилладаг. Бид сүүлийн гурван жил дата анализийн үйлчилгээ болон сургалтыг Оюу Толгой, Хаан банк гэх мэт Монголын томоохон компаниудад орж, нэвтрүүлсэн. AI хийхийн өмнө ялангуяа бизнесийн байгууллагууд датагаа удирддаг цогц системтэй болох хэрэгтэй. Бид үүнийг байгуулахгүйгээр AI-ын тухай ярихад бэрх. Анхнаасаа AI хийх зорилготой стартап компаниуд дата удирдахыг алгасаж болно. Харин олон жилийн түүхтэй том компаниудад олон инновац хэрэгтэй учраас AI-г олон төрөл хэлбэрээр ашиглах шаардлагатай болно. Эсвэл бизнесийн шийдлийг маш олон чиглэлээр хийх асуудал тулгардаг. Гэтэл тухайн инновацийг бий болгохын тулд дата дэд бүтэц шаардагддаг. Тиймээс нэгдүгээрт дата, хоёрдугаарт AI юм.
Ганц бизнесийн салбар гэлтгүй дэлхийн хөгжлийн ирээдүй болсон мэдээлийн технологиор мэргэшсэн залуучууд Монголд хэр их байна вэ? Энэ салбарт голчлон ажилладаг та бүхэнд боловсон хүчин дутагддаг уу?
Программчлал, аналитикийн мэргэжилтэн гэх мэт мэдээллийн технологийн салбарт туршлагатай хүмүүсийг олон улсын компаниуд дэлхийн хаанаас ч сороод авчихаж байна. Өөрсдийнх нь дотоодын зах зээл дээрх хүний нөөц аль хэдийн дуусчихсан учраас тэд эргэн тойронд байгаа улсуудаасаа мэргэжилтэн татаж байгаа юм. Харин мэдээллийн технологийн авьяастай залуучууд дэлхийгээр нэг тархан байна. Үүний нэг нь манай Монгол улс. Тиймээс дотоодын боловсон хүчнээ гадаад зах зээлд алдахгүйн тулд бид хичээн ажиллаж байна. Манай компанийн дата дэд бүтцийн багийн 20 гишүүн бүгд монголчууд.
Сүүлд нь та манай уншигчдад хандаад шинэ эриний, шинэ хөгжилд бид хэрхэн ажиллах тухай товч зөвлөгөө өгөөч.
Өнөөдрийн дэлхийн хөгжлийн 80-аас дээш хувь нь мэдээллийн технологиор дамжигдаж буй. Тиймээс бид ядаж IT-ийн салбартаа хөрөнгө оруулалт хийхгүй бол дэлхийн хөгжлөөс улам л хоцорно.
Ярилцсанд баярлалаа.