Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашлаад хэдийнэ нэг сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ үед гадаад, дотоодын жуулчид гэлтгүй олон сар ажилласан хүмүүс хүртэл байгалийн сайхныг үзэж, амардаг. Үүнийг дагаад жуулчны бааз, тур операторуудын ажил эхэлдэг. Магадгүй уншигч та яг одоо нэгэн жуулчны баазад амарч байж болох юм.
Тэгвэл сезон нь эхэлсэн аялал жуулчлалын компаниудын төлөөлөл “Нууц товчоо” ХХК-ийн захирал Б.Оюун-Эрдэнэтэй аялал жуулчлалын салбарын тухай ярилцлаа.
“Нууц товчоо” аялал жуулчлалын компани нь 2005 онд байгуулагдсан бөгөөд хоёр жуулчны бааз, нэг ресторан, тур оператор гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Монголын аялал жуулчлалын компаниудад улирлын онцлог ихээхэн нөлөөлдөг. Одоо харин энэ байдал нь бага багаар үгүй болж байх шиг. Зөвхөн зуны дэлгэр цагт биш өвөл ч гэсэн жуулчид манай улсад ирж байна уу?
Гурван жилийн өмнөөс эхлээд жуулчдын тоо улирал хамаарахгүйгээр бага багаар өсч байгаа. Ялангуяа, хавар, намрын улиралд. Энэ өсөлт нь огцом биш ч гэсэн чамлахааргүй үзүүлэлтийг үзүүлж байгаа шүү.
Үйлчилгээний салбарт ажилладаг ажилтнууд ихэвчлэн тогтмол бус, түр зуур ажилладаг. Энэ үед та ажилтнаа хэрхэн барьж, тогтоодог вэ?
Жуулчны баазууд тав дугаар сараас үйл ажиллагаагаа эхлээд 10 сард хаадаг. Тиймээс 10-аас таван сарын хооронд ажилтнуудаа хаана байлгах, цалин хөлсийг нь хэрхэн олгох, сайн хүмүүсээ яаж хадгалж авч үлдэх гэх мэт хүний нөөцтэй холбоотой асуудлууд жуулчны баазуудад хамгийн их тулгардаг, хамгийн хүнд асуудал байдаг. Харин манай компани уг асуудлыг салбар жуулчны бааз, ресторан зэрэгтээ ажиллуулах маягаар шийддэг. Өөрөөр хэлбэл, манай нэг жуулчны бааз, ресторан нь жилийн 4 улирал ажилладаг. Тиймээс бид ажилтнуудаа сэлгээд ажиллуулчихдаг.
Үүнээс гадна хүний нөөцөө тогтвортой авч үлдэх гэсэн асуудал бий. Энэ тал дээр та бүхэн ямар бодлого баримталдаг вэ?
Манай компани хоёр жилийн өмнөөс эхлээд хүний нөөцдөө илүү анхаарал хандуулах болсон. Тухайлбал, ажилтан бүр төлөвлөгөөндөө хүрч ажиллах юм бол баг хамт олноороо аялах, өмнө нь жилийн турш нэг хэвийн цалинтай байсан бол ажил ихэсдэг үеэр цалинг нэмэгдүүлэх, урамшууллын систем нэвтрүүлэх гэх мэтээр анхааран ажиллаж байгаа.
Байгуулагдаад 14 жил болж байгаа компанийн хувьд тодорхой хэмжээнд өрсөлдөөнийг даван туулсан байх аа. Тиймээс Монголын аялал жуулчлалын салбарт ажилладаг компаниуд хэрхэн ажиллавал илүү их жуулчин татахаар байна вэ?
Бид хоорондоо өрсөлдөх бус хоорондоо нэгдэх хэрэгтэй. Ингэж байж дэлхийн бусад орнуудтай өрсөлдөж чадна. Энэ хүрээнд Аялал жуулчлалын холбооноос хийж буй зарим ажил болох олон улсад зохиогддог үзэсгэлэнгүүд “нэгдэх” гэсэн өнцгөө гаргаж ажиллаж байгаа.
Бид хоорондоо нэгдээд салбартаа тулгамдаж буй асуудлыг шийдэхэд оролцох хэрэгтэй.
Аялал жуулчлалын салбарт хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь юу байна вэ?
Хүний нөөц бол үргэлж тулгардаг асуудал. Үүний дараа гаднаас ирж буй нислэгийн тоог нэмэх асуудал манай салбарт олон жил яригдаж байна. Саяхан Хятад улсын аялал жуулчлалын компанийн менежер надад “Монголд долоо хоног аялах үнийн дүн Европын 4-5 орноор 10 хоног аялахтай адилхан байна. Тиймээс хятадууд Европруу л аялах сонирхолтой” гэсэн. Энэ нь нислэгийн үнэ өндөр байгаагаас гадна дэд бүтцийн хөгжил тааруу байгаатай холбоотой. Ингэхээр аялал зохин байгуулах зардал нь яалт ч үгүй өндөр болж байгаа юм. Монголд ихэвчлэн зорьсон хүмүүс нь л ирж аялдаг. Тодруулбал, Монгол улс аялагчдын анхны сонголт болж чаддаггүй. Олон орноор аялаад туршлагатай болсон аялагчид л Монголыг зорин ирдэг.
Тэгвэл аялагчдын анхны сонголтыг Монгол болгохын тулд уг салбарт ажиллаж буй та бүхний оролцоо юу байх вэ?
Бид хоорондоо нэгдээд салбартаа тулгамдаж буй асуудлыг шийдэхэд оролцох хэрэгтэй. Тухайлбал, Turkish Airlines компани Засгийн газарт нислэгийн тоог нэмэх талаар саналыг нэлээдгүй олон жил тавьсан. Гэтэл одоо болтол шийдэгдээгүй. Цаана нь ямар асуудал байгааг би сайн мэдэхгүй байна л даа. Тиймээс аялал жуулчлалын салбарт ажилладаг хувийн байгууллагууд хоорондоо нэгдэж байж энэ мэт санал хүсэлтээ зохих газарт нь хүргүүлбэл илүү үр дүнтэй байна байх. Хэрвээ нислэгийн тоо нэмэгдвэл жилдээ 90.000 орчим жуулчин манай улсад ирэх боломжтой гэж Turkish Airlines компани мэдэгдсэн. Тиймээс зөвхөн аялал жуулчлалын компаниудад бус цаашлаад эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулах эдгээр асуудалд бид дуу хоолойгоо нэгтгэх нь чухал юм.