Жеф Безос компанийнхаа жилийн тайланд тухайн оныхоо үйл ажиллагааны тоймыг багтаасан захиаг хавсаргадаг уламжлал тогтоод хорин жилийн нүүр үзжээ. Бизнес эрхлэгчдэд нэгийг бодогдуулсан түүний захидлууд өдгөө технологи эсвэл бизнес сонирхдог хүн бүрт хэрэгтэй аж. Безос маш товч бөгөөд тодорхой бичдэгээс гадна Уал Стрийттэй хэрхэн харилцахаа мэддэг нэгэн. LinkedIn компанийн дэд ерөнхийлөгч Парса Салжугиний Безосын захиануудаас ойлгосон зүйлстэй танилцъя.
Парса Салжугин:
Урт хугацаанд төлөвлөх нь хамгийн чухал…
Безос хэрхэн бизнесээ явуулдаг арга барилаа тайлбарласан 1997 оны захиандаа “Урт хугацаанд төлөвлөх нь хамгийн чухал”-ыг анх онцолж байв. Тэрбээр уг захидалдаа дурдахдаа гаргах шийдвэр бүрээ урт хугацаанд нь төлөвлөж гаргахаа амласан юм. Үүнээс хойш 20 жилийн турш түүний амлалт захиа болгонд нь тэргүүнд байсаар ирснийг бид мэднэ. Уг захидлуудыг уншсаны дараа Амазоны бизнес хийх зарчим нь хэзээ ч өөрчлөгдөөгүйг би ойлгосон юм. Тууштай, үнэнч байдал.
Урт хугацаандаа төвлөрөх нь чухал хэд хэдэн шалтгаан бий. Нэгд, инновацид тулгуурлаж томордог компанид урт хугацааны арга барил нь туршилт хийх, алдаа гаргах боломжийг олгодог аж. “Инноваци бүтэлгүйтэлтэй хамт ирдэг нь жам. Алдах нь сонгох сонголт биш юм” гэдгийг Безос үргэлж хэлдэг. Амазоныг томруулсан олон сонголтуудын ихэнх нь үл итгэгсдийн шүүмжилдгээр аз туршсан алхмууд байсан ч Безос байгууллагынхаа алсын хараанд үргэлж итгэсээр ирэв.
Хоёрт, урт хугацаанд төвлөрснөөр хэрэглэгч болон хувьцаа эзэмшигчдийн сонирхол нийлдэг. Шүүмжлэгчид эхэндээ Амазоныг “Хөрөнгө оруулалтын компани удирддаг ч хэрэглэгчийнхээ төлөө ажилладаг сайн дурын бус байгууллага” гэцгээдэг байв. Үүний хариуд Безос хэрэглэгчдээсээ олж авсан итгэл бизнесийг тогтворжиход хүчтэй нөлөөтэй байдгийг урт хугацаандаа харуулсан юм.
Хойд зүгийг заах од бол хэрэглэгч
Бизнесийг цогцлоох олон арга бий. Өрсөлдөгчиддөө төвлөрсөн, бүтээгдэхүүндээ төвлөрсөн, технологид төвлөрсөн аль эсвэл хэрэглэгчдэд төвлөрсөн гэх мэт. Гаднаас нь харвал Амазоны зорилго хэрэглэгчдэд төвлөрсөн дэлхийн хамгийн шилдэг байгууллага болох байлаа. Безос ч ажилчиддаа өглөө бүр босохдоо өрсөлдөгчөө биш хэрэглэгчдээ бодож сэрэхийг үргэлж сануулдаг. Учир нь хэрэглэгчид гэдэг хувирамтай, илүү үйлчилгээг өрсөлдөгчид санал болгох хүртэл тухайн компанидаа үнэнч байдаг. Тийм ч учраас Амазон хэрэглэгчдээ үргэлж баяртай байлгахыг өөрсдийн гол цэнэ гэж үздэг юм. Ингэхдээ илүү сонголт, тав тух болон хямд үнийг санал болгоно. (Амазоны хэрэглэгчиддээ барих стратегийн энгийн бүдүүвч зургийг эндээс харна уу)
Амазоны хүсэл тэмүүлэл хэрэглэгчдээ гайхшруулах гэсэн үнэнхүү хүсэл эрмэлзлээс урган гардаг. Ингэхийн тулд үйлчлүүлэгчдийнхээ юу хүсч байгааг өөрсдөөс нь түрүүлж мэдэх хэрэгтэй. Зарим бизнесүүд хэрэглэгчээ ойлгохын тулд зүгээр л санал асуулга болон зах зээлийн судалгаанд найдаад орхидог. Уг арга барил нь ялангуяа шинэ бүтээгдэхүүн хийх үед эрсдэлтэйд тооцогддог. Сайн зохион бүтээгчид, дизайнерууд үйлчлүүлэгчдээ сэтгэлийн гүнээсээ ойлгож мэдэрдэг. Ингэхийн тулд тэд маш их хөлс дуслуулдаг. Үүний тод жишээ нь Амазон.
Чанартай бөгөөд хурдтай шийдвэр гаргах нь
Сайн шийдвэр гаргах нэн тэргүүний ч гэлээ, шийдвэрээ хурдтай гаргахын чухлыг Безос үргэлж онцолно. Бизнест хурд гэдэг юутай ч харьцуулшгүй чухал. Харин шийдвэрээ удаан гаргах нь өрсөлдөх чадварыг хүчтэй сулруулдаг. Туршлага дээрээ үндэслэн шийдвэр гаргахтай холбоотой зөвлөгөөнүүдийг чадахаараа жагсаалаа:
- Бүх мэдээллийн 70 гаруй хувийг авмагцаа шийдвэрээ шууд гаргах хэрэгтэй. 90-өөс дээш хувийн мэдээлэл цуглуулах гэж оролдох нь шийдвэр гаргалтыг удаашруулна.
- Хүмүүстэй нэгдсэн зөвшилцөлд хүрэхгүй ч чамд хаашаа явах хэрэгтэй талаарх баримжаа байгаа тохиолдолд шийдвэрийг даруй гарга. Багийнхныгаа нэг ойлголтонд хүргэх нь заримдаа цаг алдсан үйлдэл болдог.
- Тохиролцох заримдаа боломжгүй байдгийг хүлээн зөвшөөр. Өөр өөр багийнхан ондоо зорилготой байдаг тул аливааг олон өнцгөөс харна. Ямар ч хэлэлцүүлэг үүнийг өөрчилж чадахгүй үе ч бий. Тийм учраас шийдвэрээ гаргаад шууд цааш явах нь тасралтгүй хэрүүлээс сэргийлдэг. Эс бөгөөс зах замбараагүй маргаан л дагуулна.
Шинэ ажилтан авах босгоо өндөрсгө
Шинэ хүн ажилд авах шаардлагаа өндөр байлгадаг нь Амазоны амжилттай байдаг шалтгаануудын нэг. Ярилцлага болгоны дараа Амазон ярилцлага авсан ажилтнуудаасаа дараах гурван асуултыг үргэлж асуудаг:
- Чи энэ хүнийг биширсэн үү?
- Орж байгаа хэлтсийнхээ дунджыг энэ хүн өндөрсгөх үү?
- Ямар талаараа энэ хүн супер ажилтан бэ?
Лидерүүд онцгой авьяасыг таньж тэднийг дасгалжуулах үүргээ маш сайн ойлгож байдаг. Саяхнаас Амазон “Босгоо өндөрсгөх” аргаа сайжруулж ярилцлагын үе шатад ажилчдаа оролцуулж эхэлсэн. Үүний гол зорилго нь шинээр авч байгаа ажилтан болгоноо өмнөхөөсөө сайн байлгахад оршино.
“Бидний арга барил эхний өдрөөс хойш огт өөрчлөгдөлгүй ирсэн: Урт хугацаанд төлөвлөх нь хамгийн чухал”