Б.Энхбат, Г.Амгаа нар Америкийг зорьсон анхны монголчуудын нэг. Б.Энхбатыг 1996 онд ирэхэд Санфранцискод 20 гаруй, Г.Амгааг 1997 онд Чикагод ирэхэд 100 хүрэхгүй монгол иргэн байжээ. Өнөөдөр тэд Чикагод мэдээллийн технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг Clear компанийг удирдаж байна. “Намайг Америкт авчирсан хүн нь Б.Энхбат” хэмээн Г. Амгаа хэлэв. Гэвч түүнээс хойш 10 гаруй жилийн дараа хоёр найз эргэн нэгдсэн юм.
Монголд мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн Г.Амгаа Америкт ирсэн эхний жилээ англи хэл сурч, монголчуудын хэлдэгээр “хар ажил” хийж өнгөрүүлжээ. Гэхдээ удалгүй нэгэн интернэт үйлчилгээ үзүүлдэг компаниас ажилд орохыг урьсан нь мэргэжлээрээ ажиллахын хүслэн болсон Г.Амгаад татгалзах аргагүй санал байлаа. Тэр үед Г.Амгаа, Б.Энхбат хоёр дөнгөж их сургууль дүүргээд ирцгээсэн, сурсан эрдмийнхээ чадлыг үзэх хүсэл тэмүүлэл дүүрэн залуус байсан юм. Америкт ирэх болсон шалтгааныг нь асуухад хоёул “Голлох шийдвэрийг аав, ээж гаргасан” хэмээн хариулж билээ.
Г.Амгаа хоёр ч өөр компанид ажилласныхаа дараа буюу 2006 оноос хувийн бизнесээ эхлүүлжээ. Мэдээллийн технологийн чиглэлээр гурван жил үйл ажиллагаа явуулсны дараа ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Брюс Соколтой нэгдэж өнөөгийн Clear-ийг үндсийг тавьсан аж. Компанийнхаа тухай Г.Амгаа “Гурван монгол, гурван америк хүн хамтарч байгуулсан компани” гэв. Өнөөдөр 12 ажилтантай бөгөөд дийлэнх нь монгол.
Харин гурван жилийн өмнө программ хангамжийн компани байгуулснаар ачаалал нэмэгдсэн учир Санфранцискод хуулийн чиглэлээр ажиллаж байсан Б.Энхбат найзыгаа хамтрагчаа болохыг урьснаар тэд ийн эргэн нэгдсэн байна. “Мэдээллийн технолгийн ширүүн өрсөлдөөнтэй зах зээлд энэ компанийг өрсөлдөх чадвартай, үйлчилгээ, нэр хүнд сайтай авч явж байгаа найзаараа болон түүний сургасан шавь нараар бахархахгүй байх аргагүй” гэж Б.Энхбат хэлсэн юм. Тэд гол төлөв Монголоос боловсон хүчнээ авч сургаж, ажиллуулахыг боддог. Хүний нөөцийн бодлогоо “Мэдлэг биш хандлага” хэмээн тодорхойлсон бөгөөд зөв хандлагатай, ажиллах, амжилт гаргах эрмэлзлэлтэй хүмүүсийг зөвхөн Монгол гэлтгүй өөрсдөө сургаж, бэлтгэдэг ажээ.
Харин тэднээс амжилтад хүрсэн гол түлхүүр нь юу гэж боддогийг сонирхоход “Гэрийн хүмүүжил, олж авсан боловсрол” хэмээн энгийн тодорхойлов. Гэхдээ “Бизнест өдөр бүр асуудал тулгардаг. Асуудал гэж хараад байвал шийдэж чадахгүй” гэж хэлсэн нь тэдний хөдөлмөрч, няцдаггүй чанарын илэрхийлэл биз ээ. Тэдний ажилладаг зах зээлийн онцлогийг сонирхвол “Энэ улсад тэгш боломж бий. Бидэнд ямар ч танил тал байхгүй. Оюуны хөдөлмөр үнэлэгдсэнээр л өдий зэрэгтэй явж байна” гэв. Анх ирэхэд зурагтаар үздэг байсан зодоон цохион, гэмт хэрэг гаарсан Америкаас нь огт өөр, нийгэм нь хүндээ зориулагдсан, иргэд нь хууль дүрмээ сахидаг шинэ ертөнцөд ирээд “Их сонин санагдсан” гэнэ.
Clear-ийн үйлчлүүлэгчид 100 хувь Мэдээлэл хамгаалагчид Америкийн компани, иргэд. Гэхдээ удахгүй Монгол руу чиглэсэн үйлчилгээ үзүүлэхээр зэхэж байна. Уг компани мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр туршлагажсан. Энэ чиглэлээр Монголын зарим компанид туслах боломжийг судалж байгаа гэлээ. Ямартай ч Clearийн салбар Монголд нээгдсэн.
Монголын мэдээллийн технологийн хөгжил, энэ салбараас бүтээгдэхүүн экспортлох боломжийн талаар тэдний бодлыг сонирхоход салбарын хөгжил сайн байгааг дурьдаад “Экспортод гарахын тулд өөрсдөө тэр зах зээлд нь очиж гаднын компанийн ажилладаг зарчмыг ойлгох хэрэгтэй. Хэрэглэгчийн интерфэйс гэж их том зүйл бий. Тэр хүн ямар юм хүсээд байгааг сайн ойлгох ёстой. Монгол хүн, америк хүн өөр өөрөөр хүлээж авна, солгой хүнд зориулж программ хөгжүүлэх хэрэгтэй болно. Нүдний хараа муутай хүнд зориулж өөртөө тохируулж болдог байх гэх мэт. Түүнээс Монголоос шууд экспортлох хэцүү. Ядаж гадаадаас зөвлөх авах ёстой” хэмээв. Тэд өмнө нь Монгол руу үйлчилгээгээ нэвтрүүлэх гэж оролдсон ч амжилт олоогүй аж. Тиймээс Америкийн оффист ажиллаж байсан хүнийг Монголд менежерээр томилж байж зах зээлээ мэдрэх хэрэгтэй гэдгийг ойлгожээ.
“Нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрчихдөг юм байна. Хүүхдүүдээ цэцэрлэгт, дараа нь сургуульд сургая гэж бодож байтал 10-20 жил өнгөрчихөж” хэмээн уулга алдах тэдний хүүхдүүд ч Монголдоо элэгтэй гэнэ. “Монгол гэсэн нэрийг өндөрт авч явах юмсан гэдэг монголчуудын нэг чанар бий. Энэ нь гадаадад амьдарч байгаа монголчуудад илүү хүчтэй байдаг” хэмээн Б.Энхбат хэлсэн юм. Тэдний өнгөрсөн оны сүүлээр гаргасан шинэ бүтээгдэхүүн нь богинохон хугацаанд 50 мянган хэрэглэгчтэй болжээ. Энэ бүтээгдэхүүн нь мөн бие даасан компани болж хөгжих бөгөөд “Шинэ бүтээгдэхүүнээ Монголоор овоглохыг хүсдэг” хэмээн Г.Амгаа өгүүлсэн юм.