Блокчейн технологи цаашид өсөн дэвжих үү? Шулуухан хариулт нь “Хэн ч мэдэхгүй”. Тэгвэл бид уг технологийн талаар хэр ихийг мэдэх вэ? 2008 оны сүүлээр “Биткойн: Хэрэглэгчээс хэрэглэгчид дамжих электрон мөнгөний систем” гэх судалгаанд хүмүүс хоорондын мөнгөний шилжүүлгийг давхар зардал гаргахгүйгээр хийх шийдлийг санал болгов. Ингэснээр банк болон санхүүгийн байгууллагуудад төвлөрсөн системийн төвлөрлийг задалж хүн бүр гүйлгээнд бие даан оролцох систем бий болов. Гүйлгээ хийхийг хүссэн хүсэлтийг коджуулж, цаана байгаа Блокчейн гэх өгөгдөлд нэмснээр гүйлгээ бүрийг хадгалж явах аж. Хүн бүр өөрт байгаа нэвтрэх түлхүүрээрээ дамжуулан өөрсдийн өгөгдөл рүүгээ нэвтрэх тул бусдын өгөгдөлд нэвтрэх бараг л боломжгүй юм. Уг систем нь бүх гүйлгээг хадгалах банкны хийдэг үүргийг гүйцэтгэдэг тул банкны оролцоо шаардлагагүй. Санхүүгийн ямар ч дундын зуучгүй энэ ертөнцийн боломж их боловч олон нийтийн хэрэглээ болтлоо хөгжиж, улам энгийн болж чадах эсэх нь асуулт юм.
Анх 1936 онд Алан Тюрнингийн зохиосон машины санаанд үндэслэж 1940-1970 онд компьютерууд бүтээгдсээр байсан ч нийтийн хэрэглээнд төдийлөн орж чадахгүй байв. Олон олон бүтээгдэхүүн болон, бүтэлгүйтлийн дараа удалгүй 1982-1983 онд нэг сая хүн хэрэглэж эхэлж, эцэст нь 1990 онд 10-аад сая, 1999 онд 113.5 сая гаруй хүн хэрэглэж эхэлсэн түүхтэй. Ирээдүйд блокчейн технологи амжилт олох боломжтой ч уг боломждоо хүрэлгүй бүтэлгүйтэх эрсдэл ч мөн бий. Хэдий блокчейний тусламжтай дундын зуучлалгүй ертөнц үүслээ гэж бодсон ч бие биедээ хэрэгтэй хамтрагчдыг холбох, алдаа гарч буруу шилжүүлсэн тохиолдолд залруулах зэрэг санхүүгийн байгууллагуудын хэрэгтэй үйлчилгээг юугаар орлуулах вэ? гэх асуулт гарч ирэх юм. Технологи бидний өдөр тутмын амьдралыг өөрчлөөд зогсохгүй, бүхэл бүтэн салбарыг өөрчилснөөр бүтээлч сүйтгэл авчирдаг. Гэвч уг технологи зөвхөн салбаруудад нөлөөлөөд зогсохгүй улс орны хөгжилд ч үүрэг гүйцэтгэх боломжтой аж. Албан ёсны бүх баримт бичиг, гэрчилгээгээ байгалийн гамшигт та алдаж байна гээд төсөөл дөө. Өнөөдөр дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн яг ийм нөхцөл байдалтай байна.
Гаднаас ирэх мөнгөн шилжүүлгээс ихээхэн хамааралтай Тажикстан улсад (өрхийн нийт орлогын 40 хувийг гаднаас ирэх мөнгөн шилжүүлэг эзэлдэг) НҮБ-ын төсөл хэрэгжиж, блокчейнийг ашиглан утасны аппликейшнээр мөнгө шилжүүлэх боломжийг хүмүүст олгож буй. Ингэснээр илүү хямд, хурдан мөнгө шилжүүлэх боломжтой болоод зогсохгүй ойролцоох хот, тосгон руу очиж мөнгөө авах зардлыг хэмнэж байна. НҮБ-аас улс орнуудын хөгжилд блокчейнийг ашиглаж байгаа практик улам олширсоор. Улс орнуудын Засгийн газар ч төлөвлөгөөндөө уг технологийг ашиглахаар оруулаад байна. Тухайлбал, 2020 он гэхэд Дубайн Засгийн газар бүх баримт бичгээ блокчейн руу шилжүүлэх аж. Блокчейний бас нэг чухал бүтээгдэхүүн бол цахим мөнгө гэдгийг Тажикестаны жишээ харуулж байна. 2017 он гарч байхад цахим мөнгөний нийт үнэлгээ 17.7 тэрбум ам.доллар байсан бол 2018 он гарахад хөрөнгө оруулах боломжтой нийт 1400 цахим мөнгөний үнэлгээ 836 тэрбум ам.доллар болсон байв.
Түүхийн туршид хөрөнгийн зах зээлийн дундаж өгөөж жилийн долоон хувь байдаг бол цахим мөнгөний өсөлтийн өгөөжийг тооцвол жилийн 4500 хувь болох аж. Санхүүгийн анхан шатны мэдлэгтэй хүн үүнийг бодит үнэ бус харин хөөсөрснийг хэлж чадна. Цахим мөнгөнөөс анхдагчаараа Биткойн хамгийн өргөн тархсан бөгөөд уг мөнгөний үнэ 2017 онд 19 мянган ам.доллар болж хүрч байсан ч 2018 он гарахад 3400 ам.доллар болж буурсан юм. Мөн блокчейний хувьд эрчим хүч ихээр зарцуулж олборлодог байхад итерум цахим мөнгөний хувьд гүйлгээ, шилжүүлгийн төлбөр нь асуудал болдог. Цахим мөнгөний талаарх мэргэжилтнүүдийн нэгдсэн байр суурь байхгүй, хуваагдмал байсаар өдийг хүрэв. Жишээ нь, “Ямар ч баталгаагүй дижитал мөнгө буюу криптовалютын үнэ цэн ирээдүйд тэг болтлоо буурна” гэж 2019 оны Дэлхийн Эдийн засгийн форумын үеэр BCG Digital Venture компанийн захирад Жеф Шумахер хэлэв. Гэвч аливаа зүйл хөгжлийн шатандаа олон саад бэрхшээлтэй тулгарч явсаар сул талуудаа нөхөж, цаг хугацааны явцад хөгжиж, тогтвортой болно.
Ингэснээр ирээдүйд цахим мөнгөний ирээдүйг гэрэлтэй харж буй хэсгийг бид цаг хугацаа бүхнийг харуулахаас нааш яаж ч няцааж чадахгүй юм. Монгол Улс Дэлхийн банкны 2018 оны өрсөлдөх чадварын судалгаагаар нийт 140 орноос 99-т оров. Улс бүрийн хувьд нийт 13 үзүүлэлтийг тооцсоны эцэст гаргадаг уг тайланд хамгийн сайн үзүүлэлтүүдийн нэг нь Монгол Улсын Харилцаа холбооны хөгжлийн үзүүлэлт. 2018 оны байдлаар хүн амаасаа давсан буюу 3.4 сая үүрэн телефоны хэрэглэгчтэй, нийт хүн амын 85 хувь буюу 2.6 сая хүн интернеттэй, нийт 2.4 сая хүн ухаалаг утас ашиглаж байна. Мэдээлэл технологийн хөгжлийн эдгээр тооноос харахад Монгол Улсад финтекийн салбар ирээдүйтэй гэж Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа онцолсон юм.
2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Энд цахим мөнгө гэдэг ойлголтыг төлбөрийн хэрэгсэл хэлбэрээр оруулж, биет бус байдлаар зах зээл дээр санхүүгийн үйлчилгээг хүргэх боломжтой гэж анх удаа хуульчлав. Энэ хуулийн дагуу “Моби Финанс” ББСБ анх удаа Монголбанкнаас Candy цахим мөнгөний тусгай зөвшөөрлийг авч төлбөрийн хэрэгсэл хэлбэрээр хүргэж байна. Монгол Улсад валютаар гүйлгээ хийхийг хуулиар хориглосон байдаг тул үндэсний мөнгөн тэмдэгтээ л хэрэглэх аж. Мөн одоогоор крипто гүйлгээний тухай тодорхой зааж өгсөн хууль байхгүй байгаа юм. 2019 оны хоёрдугаар сарын 21-нд болсон “UB Unchained” форумд Bitmonex гэх Монголын цахим мөнгөний арилжааны бирж дэлхийн томоохон криптовалютын бирж
болох Bittrex компанитай хамтран ажиллахаар болсон тухай мэдэгдсэн. Уг үйл явдал нь “Монголд цахим мөнгөний үйл ажиллагаа явуулж буй болон цаашид явуулах компаниудад олон улсын зах зээлийн ханш болон стандартад хүрэх томоохон боломжийг олгож буй юм” хэмээн уг компаний захирал Ө.Үнэнбүрэн хэлсэн юм. Техник технологи хөгжсөн, аливааг маш хурдан сурснаар ямар ч технологийг нутагшуулах боломжтой өнөө үед Монгол Улсад ч блокчейний технологи хөгжих эсэх эргэлзээ дагуулсаар байгаа ч зах зээлийн анхдагчид ханцуй шамлан зориглон орцгоож байна.