Монголчуудын хэзээний танил болсон “Prius” машин хөлөглөн эрчим хүч “тарьдаг” хүлэмж үзэхээр зорьж явна. Хурдны замаар хоёр цаг гаруй явсны эцэст Гүнма аймагт ирлээ. Гүнма аймаг ойролцоогоор гурван сая хүн амтай, нам гүм, хөдөө аж ахуйн бүс нутаг. Тариалангийн талбай руу татсан нарийн шуудуугаар ус шоржигнон урсах нь сонсогдоно. Цэвэр тунгалаг агаартай ч элдэв зүйлийн бордоо, өтөг бууцны үнэр сэвэлзүүр салхины үзүүрт сэнхийнэ. Хэтэрхий олон хүн, хязгаарлагдмал газар нутагтай гэсэн Японы талаарх нийтлэг төсөөлөл энд ул мөргүй арилав. Үнэндээ томоохон хотуудаас гадагш гарч, Японы хөдөөг сонирхвол маш өргөн уудам нутагтай нь тодорхой болох юм.
Бидний эхний зогсоол Ёшиока дахь хүнсний дэлгүүр байлаа. Энэ дэлгүүртэй танилцсанаар “Farmdo” компанийн захирал Ивай Масаюки Японы хөдөө аж ахуйн зах зээлд нэвтрүүлсэн шинэ бизнес загварыг ойлгох таатай боломж олгосон юм.
Ивай Масаюки тариачны гэрт төрж өссөн нэгэн. Тиймээс тариачны хөлс хөдөлмөрөө шингээн байж ургуулсан ногооноос нь өөрт нь ирэх ашиг тун бага байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Учир нь Японы хөдөө аж ахуйн нийгэмлэг тариачдын хүнсний ногоог цуглуулж, үнэ тогтоодог байна. Тиймээс Ивай Масаюки тариачдад ногоогоо тус нийгэмлэгээр дамжуулалгүй өөрөө үнээ тогтоон шууд борлуулах боломж эрэлхийлсэн аж. Тэрбээр энэхүү дэлгүүрийн адил 34 борлуулах цэг Япон даяар нээн ажиллуулж буй. Тариаланчид уг сүлжээгээр хүнсний ногоо, бүтээгдэхүүнээ өөрсдөө үнэ тогтоон орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсноос гадна хэрэглэгчид хямд үнээр хүнсний ногоо худалдан авах болсон байна.
Тус дэлгүүрт хүнсний ногоог хэн тарьж ургуулсныг мэдэх боломжтой. Тариаланчид өөрсдийн ногоогоо байршуулдаг тогтсон хэсэгтэй байх бөгөөд тус бүрт нь тариаланчийн талаарх мэдээллийг зурагтай нь байршуулсан байх юм. Ингэснээр хэрэглэгчид өөрийн итгэлтэй тариачны ногоог тогтмол худалдан авах хандлага ажиглагджээ. Тариаланчид ч байнгын үйлчлүүлэгчидтэй болж орлого нь тогтмолжих үндэс болдог аж. Өнөөдөр тус компани 500 гаруй фермертэй хамтран ажиллаж байна.
Дэлгүүрт орсноор мэдэрсэн өөр нэг зүйл нь япон хүний хөдөлмөрч чанар. Дэлгүүрийн үүдэнд мах хуурч, үйлчлүүлэгчдэдээ амтлуулж зогссон хормогчтой хижээл насны эрийг салбар хариуцсан захирал байх юм чинээ бодсонгүй. Тун энгийн захирал. Төд удалгүй нөгөө дэлгүүрийн захирал хог шүүрдэж, шинэ ирсэн бараанаас зөөлцөж, хоол зөөж харагдав. Даргын ажлын өрөөтэй боловч тэнд өдөрт ердөө ганц цаг л ажилладаг гэнэ. Тэрбээр дунд сургууль төгсөөд л тариачин болсон бөгөөд Ивай Масаюкитай хамтарч ажиллаад 10 жил болжээ. Анх тариалангийн талбай дээрээс ажлын гараагаа эхэлсэн гэнэ.
Харин одоо бидний зорьсон хүлэмжээ үзэх цаг ирж байна. Анх харахад бусдын л адил хүлэмж. Гэвч хүлэмжийн дээвэр дээр инноваци бий. Ивай 2014 оноос эхлэн өөрийн хүлэмжүүдээ нарны цахилгаан станц болгон хувиргажээ. Тэгэхдээ уламжлалт бизнестэйгээ төгс хослуулж чадсан байна. Дээвэр дээрх нарны дэлгэцүүд нь их хурц нартай өдөр хүлэмжид орох гэрлийг хязгаарлаж, ургамалд сүүдрэвч болж өгдөг байна. Ингэснээр ургамлын гарц нэмэгдэж, ургац хураалт ч өсдөг. Харин хүлэмжийн дээвэрт суурилуулсан 100 гаруй нарны дэлгэц нийт 56 мянган кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд орон нутгийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон.
Энд тариалж буй хүнсний ногоо, эмийн ургамлын төрөл зүйлийг тоочоод баршгүй. Хоёр цаг орчим явахад нийт талбайг бүтэн тойрч хараахан амжсангүй. Тариалангийн талбайг очиж үзсэнээр Ивай Масаюки гуайн удирдах арга барилаас ойлгох боломж олдсон билээ. Тэрбээр бусдаасаа арай багавтар нэгэн талбайн дэргэд ирээд “Энэ манай менежерүүдийн тарьсан ногоо” гэв. Тэндээс нэг эгнээг нь заагаад “Энэ нь миний тарьсан, бусад нь менежерүүдийнх. Эрс ялгарч байгаа биз дээ” хэмээгээд инээлээ. Үнэхээр захиралын тарьсан гэх эгнээний ургамал өнгөлөг, иш навч нь сэргэг, бусад нь аль нэг тийш налсан, давжаа харагдаж байв. Ивай захирал хэлэхдээ “Энэ компанид ажиллаж байгаа бүх хүн энэ бизнес юун дээр тогтож, яаж ажилладгыг ойлгож байх ёстой” гэсэн юм. Бидний анх очсон дэлгүүрийн захирал ч долоо хоног бүрийн мягмар гараг бүр тариалангийн талбай дээр ажилладаг хэмээж байсан нь санаанд орлоо.
Ивай Масаюки гуай яг энэ загвараар Монгол дахь ажлаа эхлүүлээд байна. Тэрбээр монголчууд 50 сая малтай атлаа Улаанбаатарын иргэд импортын сүү хэрэглэж байгааг мэдээд их гайхсан гэдэг. Хэрэглэгч, нийлүүлэгчийн хооронд ямар нэгэн гүүр хэрэгтэй байгааг тэр ойлгож Монголд ажиллахаар шийджээ. Зөвхөн сүү гэлтгүй Улаанбаатарын ихэнх хүнсний бүтээгдэхүүн импортоор орж ирдэг нь хүнсний аюулгүй байдал, шинэлэг талаасаа сайн зүйл биш гэж тэрбээр үзэж байна. Мөн “Хятадад сайн ногоо байгааг би мэдэж байна. Гэхдээ Хятад бол маш том зах зээл учир сайн чанартай ногооны эрэлт дотоодод нь хангалттай бий” гэсэн юм.
Улаанбаатарт хоёр ч талбайд хүнсний ногоо тариалж байгаагийн эхнийх нь хотоос баруун хойд зүгт 37 км зайд Дааган толгой дахь 24 га талбай бүхий “EverydayFarm”. Японы хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглан энд төмс, нэрс, байцаа, манжин, лууван, гүзээлзгэнэ, өргөст хэмх тариалж байна. Үүний зэрэгцээ Налайх дүүргийн Нарийн сухайт хэмээх газар 10 га талбайд бидний зочилсон хүлэмжийн загвараар нарны болон салхины эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой гүзээлзгэнийн хүлэмж бий. Жилд дунджаар 18,030 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлэх чадамжтай бөгөөд өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Япон компаниуд хүнээ чухалчилдаг нь “Farmdo”-д ч ажиглагдана. Компани өөрийн талбай дээрээ ажилтнуудын орон сууц барьж байв. Байшин бүхний дээврийг нарны дэлгэцээр өвч бүржээ. “Энд зөвхөн хоноглох бус тухтай амьдрах боломжоор хангагдах ёстой” хэмээн Ивай захирал ярилаа. Тус компани нийт 600 гаруй ажилтантай. Харин эдгээр байранд Монгол зэрэг гадаад дахь салбараас ирсэн дадлагажигч ажилтнууд амьдрах аж. Биднийг зочлох үеэр хоёр жилийн гэрээтэй ирсэн хоёр монгол ажилтан байсан. Тэд гэртээ харихад ганц сар үлдлээ, энд сурч мэдсэн бүхнээ Монголд очиж хэрэгжүүлэхээр яарч байгаа тухайгаа ч хуучилж байсан юм.
“Бизнест амжилт олоход зөв хүнээ олж түншлэх чухал. Монголд сайн түнштэй болохоор би ирээдүйд санаа зовдоггүй” хэмээн Ивай Масаюки итгэлтэй ярьж байлаа. Монгол дахь төслүүдээ “Бридж групп”-тэй хамтран хэрэгжүүлж буй аж. Ирээдүйд ОХУ-д ч энэхүү загвараа нэвтрүүлж ажиллах төлөвлөгөө түүнд бий. Монголын зах зээлийн жижиг, хязгаарлагдмал байдалд тэр огт санаа зовдоггүй, хамгийн чухал нь ашиг орлого биш, хүмүүсийн хэрэгцээ хангагдаж байх л чухал гэж тэр үздэг байна. “Бидний зорилго бол монголын фермерүүдийн амьжиргааг сайжруулах” гэж тэр хэлсэн юм.
“Том компаниуд монголд хөрөнгө оруулах сонирхолгүй байж болох юм. Япон хүмүүс Монголчуудад маш олон бизнесийн санал тавьдаг ч түүнийгээ хэрэгжүүлэхдээ уддаг нь япончуудын дутагдал. Харин хятад, солонгос хүмүүс ажилдаа маш хурдтай ордог учраас монголчууд хятадуудтай хамтарч бизнес хийх нь их юм байна гэж мэдрэгдсэн” гэв. Ивай Масаюки Монголд хөрөнгө оруулснаар Монголын хэрэглэгчид чанартай, шинэ хүнсний ногоог өдөр бүр хэрэглэх боломж нээгдэж байгаагаас гадна хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи нэвтэрч, бүтээмж өсөхөд түлхэц үзүүлнэ. Тэр Монголд өөрийн оюунаас төрсөн хөгжлийн үрээ суулгаад эхэлжээ.