Зөвхөн бизнес эрхлэгч бус өөр олон салбарт ажиллаж байгаа залууст үлгэр дуурайл болсон М-Си-Эс Группийн Дэд Ерөнхийлөгч Д.Энхтүвшинтэй хөрөнгө оруулалт болон өөрийнх нь сурсан, мэдсэн чадваруудын тухай ярилцлаа.
Стартап бизнест хөрөнгө босгох нь ихэвчлэн хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл таны хувьд аливаа бизнест хөрөнгө оруулахдаа ямар байдлыг нь чухалчилж хардаг вэ?
Би “Шарк Танк” нэвтрүүлэгт хөрөнгө оруулагчаар оролцохдоо тухайн бизнесийн энэ л чанарыг нь харж хөрөнгө оруулна даа гэж бодоогүй. Харин нэвтрүүлэг дууссаны дараа эргээд харахад миний дэмжлэгтэйгээр өсөх боломжтой бизнесийн санаанд хөрөнгө оруулсан байна лээ. Энэ их чухал. Харин органикаар өөрөө өсөх боломжтой аливаа бизнест би хөрөнгө оруулсан оруулаагүй ялгаа байхгүй гэж боддог.
Хоёрдугаарт, тухайн компанийн хувьцааг бага хэмжээгээр эзэмшихийг эрмэлзсэн. Учир нь би үндсэн үйл ажиллагааг нь удирдаж чадахгүй учраас тухайн бизнесийг анх санаачлан үүсгэсэн хүмүүс нь голлох үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Тиймээс хөрөнгө оруулалт авахыг хүссэн бизнес эрхлэгчдийн урт хугацааны төлөвлөгөө болон цаашид компаниа үргэлжлүүлэн авч явах сонирхол нь хэр байна гэдгийг харсан.
Гуравдугаарт, компанийн эзэд буюу үүсгэн байгуулсан хүмүүсийн бусад хувьцаа эзэмшигч нартайгаа ойлголцон, хамтарч ажиллаж чадах эсэх нь чухал юм шиг санагдсан. Манай дээд үеийн ах, эгч нарын бизнесийн туршлагыг харахад янз бүрийн шалтаг шалтгаанаас үүдэн хоорондоо үл ойлголцсоноор хамтарч ажиллаж чадахгүй тохиолдол байдаг. Тэдний дунд бага хэмжээний хувьцаа эзэмшигч нараа тоодоггүй хандлага олон байдаг учраас хамтарч ажиллаж чадах эсэх нь чухал санагдсан. Учир нь бизнесүүдийн гол зорилго нь зөвхөн ашиг олохдоо бус юм. Хөрөнгө оруулагч, хамтарч ажиллах хэн нэгнийг хайж буй хүмүүс мөнгөнд бус ихэвчлэн өөр зүйл дээр гацсан байдаг. Үүнд зөвхөн “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцсон төслөөс гадна өөр жижиг бизнесүүд ч хамаарна. Тиймээс тулгарч буй аливаа асуудлыг зөвлөлдөөд үйл ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлье гэхэд ойлголцохгүй, хүлээж авахгүй байдал үүсвэл хүнд шүү дээ. Эцэст нь, нийгэм болон хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөө үзүүлэхүйц бизнест би хөрөнгө оруулахыг зорьдог.
Хэрвээ би тантай лифтэнд тааралдаад олдсон хугацаагаа ашиглан өөрийнхөө бизнесийн санааг танилцуулвал та хэрхэн хүлээж авах вэ? 15 давхарт буух хүртэлх хугацаа буюу ойролцоогоор нэг минут гэж үзвэл энэ үед та хэрхэн хандах вэ?
Зөвхөн хөрөнгө оруулалт хүссэн үед бус өөр олон төрлийн арга хэмжээний үеэр харилцан яриа их үүсдэг. Энэ үед дөнгөж танилцсан зарим хүмүүс өөрийнхөө санаа бодлыг шууд тулгах гээд байдаг. Эсвэл өөрийнх нь ярьж буй зүйлд би л туслахгүй бол асуудал үүсэх юм шигээр ханддаг. Тиймээс энгийн зүйлээс л харилцаа үүсдэг. Тухайлбал, хэн нэгэн лифтэнд тааралдчихаад төслөө танилцуулбал надад ямар ч ойлголт үлдэхгүй шүү дээ. Харилцаа үүсгэхээсээ өмнө хөрс сууриа бэлдэх нь чухал. Сайн зохиолуудыг үзэхэд тэд уншигчдыг эхнээс нь дуусах хүртэл өөртөө татаж чаддаг. Заримдаа би нэг ном барьсан бол зогсохгүй түүнийгээ дуусгах хүсэлтэй байдаг. “25” номын зохиолч Ж.Тэгшжаргал “Би уншигчиддаа эхлээд өөрийнхөө санааг ойлгуулахаас илүү тэднийг хажуудаа тогтвортой суулгахыг зорьдог” гэсэн юм. Үүнтэй яг адилаар лифтэнд тухайн бизнесийн талаар мэдэхээс илүү харилцааны эхлэлээ бий болгоод дараа нь гол асуудлаа ярилцах нь зүйтэй. Өөрийнхөө зүйлийг нөгөөдөө тулгах бус харилцаагаа эхлэх нь чухал.
Компанийн эзэд буюу үүсгэн байгуулсан хүмүүсийн бусад хувьцаа эзэмшигч нартайгаа ойлголцон, хамтарч ажиллаж чадах эсэх нь чухал.
Таны бодлоор өнөөгийн залууст хэрэгтэй голлох ур чадвар гэвэл юуг нэрлэх вэ?
Нэгдүгээрт, аливааг шүүн тунгааж бодох буюу өөр өнцгөөс харах чадвар. Залуусдаа хандаж хэлэхэд миний хэлж байгаа бүхэн зөв байх албагүй. Тиймээс аливаад авах гээхийн ухаанаар хандаж байх хэрэгтэй. Хоёрт, бүтээлч хандлага нь чухал. Тодруулбал, уулзалт, арга хэмжээний үеэр хүмүүстэй уулзахад зарим нь асуух зүйлээ дотроо л бодоод байдаг. Харин өөрт төрж байгаа мэдрэмжээ ил гаргаж, аливааг сониучирхан асуух нь бүтээлч байдлын илрэл юм. Өөрөөр хэлбэл, бүтээлч сэтгэхүй буюу аливааг мэдрэх чадвар чухал. Гуравт, харилцааны чадвартай байх хэрэгтэй. Амжилттай яваа хүмүүсийн дийлэнх харилцааны ур чадвартай байдаг. Уг чадвар яагаад чухал юм бэ гэвэл өмнө нь эрдэмтэн судлаачид “Хүн аливаа шийдвэр гаргахдаа рациональ буюу тэнцвэртэй шийдвэр гаргадаг” гэж үздэг байсан. Харин одоо бол сэтгэл зүйн байдал шийдвэр гаргалтад нөлөөлдөг хэмээн тэд тайлбарлаж буй. Тиймээс зөв шийдвэр гаргалтад таны харилцааны чадвар тодорхой хэмжээнд нөлөөлөх юм. Харилцаа гэдэгт аман, бичгийн төдийгүй биеийн хэлэмж хүртэл хамаарна. Эдгээрээс л бидний сэтгэл зүйн байдал ямар байх нь шалтгаалдаг шүү дээ.
Та сандралаа хэрхэн даван туулдаг вэ?
Би маш их сандардаг. Ярьж байх үедээ заримдаа бүр чичирдэг. Одоо ч бас чичэрч байна. Харин хэлэх зүйл, үйлдлээ давтаад байх тусам миний сандрал багасдаг. Сандарч байх үедээ хэрэглэдэг янз бүрийн техник надад байдаггүй. Харин өөрийгөө хөндлөнгөөс харж дүгнэхийн тулд заримдаа өөрийнхөө бичлэгийг гар утсаараа хийдэг. Ингэснээр алдаагаа харж чаддаг. Мөн бид өөрсдийнхөө дуу хоолойнд дасаагүй байдаг шүү дээ. Бид өөрсдийгөө дотроо ямар нэгэн байдлаар төсөөлдөг ч, хөндлөнгөөс өөрийгөө харахад бидний төсөөлснөөс өөр буюу онцгүй хүмүүс байдаг /инээв/. Энэ байдлыг өөрийгөө хөндлөнгөөс харж байж сайжруулна, эсвэл байнга давтах хэрэгтэй. Алдаа дутагдалаа илүү хурдан сайжруулахыг хүсч байвал хөндлөнгөөс өөрийгөө харах нь илүү үр дүнтэй.
Таны хамгийн их эрч хүч авдаг зүйл юу вэ? Өөрсдийгөө зоригжуулдаг зүйлийг ямар нэгэн том зүйл байгаа гэж хүмүүс боддог. Гэтэл эсрэгээрээ зарим тохиолдолд өдөр тутам хийдэг зүйлээсээ өөрийн мэдэлгүй эрч хүч авсан байх үе бий.
Газар дор ортлоо унасан үедээ сэргэх, одоо байгаагаасаа илүү их урам зоригтой болох гэдэг хоёр өөр зүйл. Надад сайхан мэдрэмж төрүүлсэн л бол би тэр зүйлээс урам зориг, эрч хүчээ авдаг.
Харин доошоо унасан буюу бүх зүйл таагүй, утгагүй санагдсан үедээ тухайн зүйлээ хаяад зөвхөн өөртэйгөө өөр зүйл хийдэг. Өөрөөр хэлбэл, унтах, амрах гэх мэтээр өөрийнхөө биеийн хүслийг дагадаг. Бие махбодийн хувьд ч, оюун санааны хувьд ч өөрт нь цаг зав олдох л юм бол өөрийгөө амрааж байдаг. Тиймээс хэцүү нөхцөл байдалтай тулгарвал өөрийгөө зөнд нь орхиж,элдэв нэмэлт мэдээлэл авахаас татгалздаг.
Харилцаа үүсгэхээсээ өмнө хөрс сууриа бэлдэх нь чухал.
10 жилийн өмнөх Д.Энхтүвшинг одоогийн Д.Энхтүвшин болгосон гол хүчин зүйл нь юу байсан бэ?
Өөрийн төрөлхийн ур чадварууд байсан байх. Би үргэлж бусдын оронд өөрийгөө тавьж бодохыг хичээдэг. Заримдаа хэтэрхий зөөлөн ханддаг. Бизнесийн яриа хэлэлцээрийн үед энэ зан минь нөгөө талын байр суурь юм шиг санагддаг ч урт хугацааны харилцаагаа бодвол ийм байх нь давуу талтай. Түүнчлэн би өөртөө 100 хувь итгэлтэй биш. Байнга өөрийгөө голдог. Одоо эргээд харахад үүнийг ингэж хийх байсан байж дээ гэж үргэлж боджээ. Тиймээс би байнга өөр хувилбартай явдаг учраас өнөөдрийн Д.Энхтүвшинг бий болгосон байх. Гэхдээ өөртөө итгэлгүй байснаар засч залруулах зүйл байсныг байнга мэдрэх нь хэцүү л дээ. Олон нийтийн сүлжээн дээр ч миний энэ тал ажиглагддаг байх. Би идэвхтэйгээр Фэйсбүүк, Инстаграм болон Твиттер ашигладаг. Эдгээрээс нийтэлсэн зүйлээ хамгийн их өөрчлөх бололцоотой нь Фэйсбүүк. Тэнд зураг болон бичсэн зүйлээ өөрчилж болдог. Харин Инстаграмын хувьд зургаа өөрчилж болохгүй, гэхдээ текстээ өөрчилж болдог. Харин Твиттерт юуг нь ч өөрчилж болохгүй. Хэрвээ чи анзаарсан бол би сошиал дээр оруулсан нийтлэлээ үргэлж засч янзалдаг.