Арьсны түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны дамжлагыг 100 хувь Монголдоо боловсруулдаг үйлдвэр болох “Дархан нэхий” ХК нь 1972 оноос хойш үйл ажиллагаагаа эрхэлж байна. Тус үйлдвэр өдгөө найман салбар компанитай болсон бөгөөд бид энэ удаад “Yak trade” ХХК-ийн захирал Б.Чанцалтай арьс, шир болон түүгээр хийгдсэн эцсийн бүтээгдэхүүнийг экспортод хэрхэн гаргадаг тухай ярилцлаа. Уг ярилцлагаас дээрх чиглэлийн бизнес эрхлэгч та түүхий эдээ хэрхэн хангах, түүнийг боловсруулах явцад ямар асуудал үүсдэг гэх мэт хэрэгтэй мэдээлэл авах боломжтой.
-“Yak trade” ХХК-ийн үйл ажиллагааг товчхон танилцуулаач?
Манай компани бөөний болон экспортын бараа бүтээгдэхүүний маркетинг борлуулалт, үйлвэрлэлийн хангамж болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хариуцан ажилладаг. Бөөний бараа бүтээгдэхүүн дээр маркетинг хийж, борлуулах нь энгийн бүтээгдэхүүнийг бодвол тухайн хэрэглэгчдэд чиглэсэн байдгаараа онцлогтой. Тухайлбал тендэрээр зарлагдсан байгууллагад захиалгат хувцас хэрэглэл бэлтгэхээр болвол тухайн шаардлагын дагуу загварыг нь гаргаад хэрэглэгчдэд зориулан тусгайлан үйлдвэрлэх юм. Бид ихэвчлэн хүчний байгууллага болон уул уурхайн компаниудтай энэ чиглэлээр хамтарч ажилладаг.
-Бөөний бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг уу?
Бөөний бараа бүтээгдэхүүнийг одоогийн байдлаар зөвхөн дотооддоо болруулж байна. Харин экспортод хагас боловсруулсан арьс шир болон эцсийн бүтээгдэхүүнийг гаргадаг. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Испани, Итали, Тайвань, Энэтхэг, Голланд гэх мэт улс руу гаргадаг. Сүүлийн үед манай шинэ технологиор боловсруулагдан зах зээлд гарч буй хонь болон үхрийн үстэй ширийг интерьерийн зориулалттайгаар гадны зах зээл ихээхэн сонирхох болсон. Уг бүтээгдэхүүнийг бид Монголдоо ч мөн борлуулж байгаа.
-Ингэж сонирхох болсон нь орчин үед хэрэглэгч, үйлчлүүлэгчид илүү оригнал, эко бараа бүтээгдэхүүнийг таашаах болсонтой холбоотой байх. Үстэй ширийг боловсруулах технологийн арга нь ямар байдаг вэ?
Арьс ширийг хромгүй идээлэх буюу олны хэлдэгээр цагаан идээлгээр боловсруулан гаргасан бүтээгдэхүүн бол үстэй шир юм. Тиймээс илүү эко бүтээгдэхүүн болно. Европын зах зээл хромоос татгалзах болсон. Учир нь арьс ширийг хромгүй боловсруулах явцад гарах хог хаягдал нь байгальд уусахдаа илүү хурдан байдаг.
-Энэ мэт арьс ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн брэндүүд түүхий эд нийлүүлдэг та бүхэнд ямар нэгэн шаардлага тавьж байна уу?
Улс бүрээс өөрсдийн шаардлага нөхцлийг тавьдаг. Энэ дундаа хамгийн түгээмэл нь тогтвортой байдал буюу гарал ууслийн тодорхойлолтыг дэлхийн аль ч брэнд, байгууллага шаардах болсон. Үүнтэй зэрэгцэн манай улсаас малчиддаа зориулан арьсны урамшуулал олгох хөтөлбөр хэрэгжсэн нь оновчтой болсон. Үүний тусламжтайгаар бид мөшгин хөөх үйл явцыг хийх боломжтой болсон юм. Өөрөөр хэлбэл, малчид ямар нэгэн дамжлага дамжихгүйгээр үйлдвэрлэгчдэд шууд арьсаа тушаавал буцаагаад урамшуулал олгодог систем юм. Ямар малчинаас ямар арьс ирсэн гэх бүхий л мэдээллийг тухайн урамшуулалын паданаар харж болдог. Ингэснээр олон улсад гарсан эцсийн бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан түүхий эдийг цэвэр Монгол бүтээгдэхүүн гэж нотлох боломжтой болж байгаа юм. Уг гарал үүслийн тодорхойлолтыг Европын зах зээл дээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд үргэлж асуудаг.
-Өмнө нь ийм бодлого байхгүй байхад арьс шир ихэвчлэн ченжээр дамжин ирдэг байв уу?
Тийм. Хаанаас ямар гаралтай нь тодорхойгүй байдаг байсан.
-Түүхий эдээ ченжээс авах, малчдын гар дээрээс авах хоёрын хооронд асар их ялгаа байдаг байх. Чанар, түүхий эдийн тоо гэх мэт.
Малчидтай шууд харьцсанаар гарал үүслийн мэдээллийг бүрэн авах давуу талтай. Харин чанарын хувьд зөвхөн малчин болон үйлдвэр гэлтгүй бүхий л явцад чанарын алдагдал үүсдэг. Тухайлбал нядалгааны явцад чанарын гологдол ихээр гарна. Өмнө нь малчид нядалгаа хийхдээ уламжлалт аргаар хийдэг байсан бол одоо хутгаар өвчдөг болсон. Энэ явцад арьс ширний зүсэлт маш их гардаг. Гүн зүсэлт гарах юм бол тухайн арьсыг хэрэглэх боломжгүй болж, чанарын шаардлага хангахгүй болдог. Ялангуяа механик явцын үед урагдах тохиолдол нэлээдгүй гардаг. Үүнтэй холбоотойгоор “UNIDO” НҮБ болон махны нядалгааны үйлдвэрүүдтэй хамтран нядалгааг хэрхэн хийх, арьсыг хэрхэн зөв салгах гэх мэт сургалтуудыг малчид болон үйлдвэрүүдэд орсон. Үүнээс гадна бид өөрсдөө мах нядалгааны газруудтай хамтран ажиллаж байгаа. Учир нь мах нядалгааны газар махаа аваад арьсыг нь зарим тохиолдолд хаядаг. Тиймээс чиглэл чиглэлийн үйлдвэрүүд хоорондоо уялдаа холбоотой болсноор хоёр талдаа ашигтайгаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Мөн нядалгаа хийсний дараа арьс ширэнд хадгалалт, хамгаалалт чухал үүрэг гүйцэтгэдэг. Нядалсны дараа арьсаа давслаад хамгаалалт хийхгүй бол нян үрждэг. Мөн халалт үүссэн тохиолдолд тухайн арьсыг ашиглах боломжгүй болно. Энэ талын ойлголт байдаггүй байсан болохоор хаягдалт маш их гардаг байсан. Харин одоо сургалтууд орсноор зохих мэдлэгтэй болж хаягдалт бага багаар буурч байна.
-Олон улсад бараа бүтээгдэхүүнээ гаргахад гарал үүслийн тодорхойлолт чухал үүрэг эзлэх болсон бол хил гааль, татварын хураамж гэх мэт хуультай холбоотой ямар нэгэн асуудал тулгардаг уу?
Арьс ширээр хийсэн бараа бүтээгдэхүүн экспортлоход манай улсаас шалтгаалсан хүндрэл бэрхшээл ховор байдаг. Харин бусад улс руу оруулахад асуудал нэлээн гардаг. Тухайлбал, ОХУ-н импортын барааны татвар 43 хувь байдаг гэх мэт өндөр татвартай улс байдаг. Үүнийг бид нэг нэгээр нь зохицуулж л байна. Хамгийн сүүлд Европ руу гарах бараа бүтээгдэхүүндээ хамтарсан байдлаар гэрээ хийснээр татварын хөнгөлөлт авсан.
Ярилцсанд баярлалаа.