Энэ пүрэв гаригийн өглөөний 10 цагт Хөрөнгийн бирж дээр цан цохисноор Ард Санхүүгийн Нэгдэл компани Жинст Увс ХК-тай нэгдэж нээлттэй компани болсноо зарлав. Ингэснээр Монгол Улсын иргэн бүрийг хөрөнгө оруулагч болгох алсын зорилготой “Хөрөнгө оруулагч үндэстэн” хөдөлгөөнд нэгэн том алхам болов. Уг ёслолын үйл ажиллагаанд Санхүүгийн Зохицуулах Хорооны дэд дарга Д.Баярсайхан “Бид цаашдаа урт хугацааны хөрөнгө оруулагчдыг бий болгоход анхаарч ажиллана” хэмээн хэлж уг ажилд Ард Санхүүгийн Нэгдэл олон жилийн турш дэмжиж ажилласанд талархсан юм. Мөн энэ үеэр Ард Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэцтгэх захирал Ч.Ганхуяг “Хөрөнгө оруулагч үндэстэн” хөдөлгөөнийг эхлүүлсэн цагаас хойш дэмжиж ирсэн мэргэжлийн байгууллагууд, хувьцаа эзэмшигчиддээ талархсанаа илэрхийлэв.
Анх 2019 оны тавдугаар сард СЗХ-ноос Жинст Увс ХК болон Ард Санхүүгийн Нэгдэл хаалттай хувьцаат компанийг нэгдэх зөвшөөрлийг өгч байв. Одоогоор дөрвөн мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй уг компани нээлттэй компани болсноор иргэн бүр хувьцааг нь эзэмших боломжтой үндэсний санхүүгийн компани болж байна. Сүүлийн гурван жилийн дотор хөрөнгийн зах зээлд нийт 11 монгол компани IPO хийсэн юм. “Хөрөнгө оруулагч үндэстэн” санаачилга анх 2016 онд гарсан бөгөөд эхний жилдээ 1.8 тэрбум төгрөг босгосон бөгөөд анх нэг сая төгрөгийг хөрөнгө оруулж байсан хүн жилийн дараа 1 сая 696 мянган төгрөг болтлоо өсгөж байв. Өдгөө Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн эзэмшилд Ард Даатгал, Ард Кредит ББСБ болон Монгол Шуудан зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.